Өнөө шөнөөс буюу долоодугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 11-ний өдөр Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.  

Иймд долоодугаар сарын 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар зорчих иргэд болон малчид мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас 11-ний 20:00 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө сэрүүсэж +15...+17 градус дулаан байна. 

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө сэрүүсэж +17...+19 градус дулаан байна. 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.