“С” зөвшөөрлийн бичгийг нэг ажилтан 30-н минутын дотор бүх компаниудад хуваарилаад өгчих тийм хялбархан ажил. Таван толгойд 15000 машин явдаг гэж бодъё. “С” бичиг 3000 ширхэгийг өгөх бол 5 машин тутамд нэгийг өгнө гэсэн үг. 200 машинтай компанид 40 ширхэг ногдоно.

Танайх авах машиныхаа номерыг хэлээд Цогтцэцийгээс 40 ширхэгийг бичүүлээд ав гэхэд болчихно. Үржих хуваах үйлдлээ ойлгочихсон 1 дүгээр ангийн хүүхэд ч нүд ирмэхийн зуур хийчих ажил. Заавал төрийн байгууллага хийгээд байх шаардлага ч байхгүй. Нүүрс тээврийн компаниудын зөвлөлд нь даалгачихад болчих юм уг нь.

Гэтэл ЗТЯ, АТҮТ, ЭТТ-н бүх ажилчид байдгаараа ажиллаад, нүүрс тээврийн бүх компаниудыг дайчлан ажлыг нь бүрэн зогсоож ажиллуулаад дийлдэггүй дээ. Учир юунаас гэвэл Монголын нүүрс тээврийн компаниудыг хясан боогдуулж авлига хээл авах зорилгоор дүрэм журмууд хийж гарыг нь гавлаад, хөлийг нь тушчихсан. Байн байн, бүүр улирал тутамд, баахан шалгаж, дарамталж, хэнд ч хэрэггүй элдэв материал ЭТТ, АТҮТ-өөс нэхнэ. “С” зөвшөөрлийн тухайд 3 сар болоод л дахин авахаар болгосон. Барилга барих зөвшөөрлийг 3-н сар тутамд шинэчилж авдаг болгочихвол баримт материал бүрдүүлэх гэж явсаар байгаад тэсэж үлдэх компани энэ нарны аймагт лав байхгүй дээ. Яг түүнтэй адилхан бидэнд бизнес хийх ямар ч боломж, цаг нар байхгүй зөвхөн тэдний нэхсэн хэнд ч хэрэггүй баримтуудыг бүрдүүлэх, тоо томшгүй олон газраас ирж шалгадаг шалгалтуудад бэлдэх ёстой. Ийм тэнэг юм хийж байхаар хааяа карма суйлж хэдэн бор юм олчихоод хоолтой хоолгүй 100-н грамм татчихаад явж байх нь арай дээр, яршиг багатай, дарамтгүй чөлөөтэй санагддаг болж байна.

 

Тэр битгий хэл “С” зөвшөөрлийн бичгийг хэн өгч байгааг бүрхэгдүүлээд хариуцсан эзэнгүй болгосон. “С” зөвшөөрлөөс болж хүний амь эрсдэлээ гэхэд хариуцах эзэн байхгүй. Одоо УИХ-ын гишүүн байгаа нэгэн сахалтай нөхөр ЗТЯ-ны сайд байхдаа олон газар олон дахиж авлига авах мөн “С”-зөвшөөрлөөр хийсэн өөрийн хулгай дээрмээ бүрхэгдүүлэх аргыг бодож олсон. Эхлээд ЭТТ-д баахан хэнд ч хэрэггүй материалууд бүрдүүлж өгөөд тэндээс “С” бичиг авч болно гэсэн зөвшөөрөл авч ирнэ. Түүнийг нь дараагаар АТҮТ-д баахан хэнд ч хэрэггүй материалууд бүрдүүлж өгөөд ЗТЯ, АТҮТ-ийн олон төрлийн хурлаар орсны дараа өгнө гэдэг журам гаргасан.

 

Хятадын талд монгол компаниуд гаалийн бүрдүүлэлт, авто тээвэр, замын цагдаа, мэргэжлийн хяналтын зөвшөөрөл зэргийг заавал хятад компаниар дамжуулж мөнгө төлж гуйж гувшин байж хийлгэдэг.  Монгол компаниуд өөрсдөө хийлгүүлж болохгүй. Гэтэл Монголын талд бүх төрлийн зөвшөөрлийг Хятадын компаниуд өөрсдөө очоод нэг өвөр монгол нөхөр хийлгээд авчихдаг. “С” зөвшөөрлийг бол хятад компаниуд харин ч нэг зовлонгүй олж байгаа юм аа. Яаж олоод байгааг мэдэх гэхээр миний толгой хүрэхгүй байгаа юм.

 

 

Өнөөдөр 2019 оны арванхоёрдугаар сарын 12. 2020 оны “С” зөвшөөрлийн бичиг авах нөгөө тоолж баршгүй, дааж давшгүй, хэнд ч хэрэггүй материалуудаа бүрдүүлэхээр хэд хоног нойр хоолгүй бизнесээ хаяад сууцгаав. Гэтэл АТҮТ нэгдсэн систем гэдэг шинэ программ хангамж ашигладаг болсон гэнэ. Программ хангамжийн шинэ систем нэвтрүүлэхэд дор хаяж хагас жил туршиж байж, гар аргаар давхар хийгээд харьцуулж үзээд болж байвал, хэрэглэгч нараа сургаад системээ ажилд оруулах ёстой. Ээ худлаа байх гэж бодож суув. Гэтэл ямар ч хуурамч мэдээлэл оруулаад хуурамч материал бүрдүүлэн оруулж болдог систем хийгээд ажилд оруулчихаж. Үүнийг нь ашиглаад хятад компаниуд монгол компанийн жолооч нарын мэдээллийг манай компанийн жолооч нар гээд оруулчихсан. Гэтэл монгол компани жолооч нарынхаа мэдээллийг оруулах гэхээр давхар бүртгэхгүй гээд нөгөө мундаг системд нь оруулж болдоггүй. Оруулж болохгүй байна гэж хэлэхээр, өө одоо хугацаа дууссан, оруулаагүй бол хохь чинь гээд АТҮТ системээ хаачихлаа. Тэгэхээр хэн “С” зөвшөөрөл авч чадах уу гэвэл нөгөө хуурамчаар өөр компанийн жолооч нарын мэдээллийг оруулсан хятад компаниуд авах болж байна. Очоод хэлтэл толгойгоо эргэтэл загнуулав. Миний бодлоор ийм хулгай дээрэм хийх зорилготой дүрэм журам гаргасан даргыг цаазалдаггүй юм аа гэхэд 461-д байршуулсаар байна. Бүхэл бүтэн ЗТЯ, АТҮТ, ЭТТ-ийн ажилчид хийх ажил байхгүй бол төсвийн мөнгийг өөр санаа агуулж ийм утга учиргүй юманд зарцуулж Монгол Улсыг хохироогоод байлгүй татан буулгамаар байна. Монголын нуурс тээврийн компаниудын ажлыг хийлгэмээр байна. ААН-ийн тоо эрс багассан нь төрийн байгууллагын хясан боогдуулсан үйлдлээс болж байгаа юм шүү. Жишээлбэл, хөдөө хээр ажилладаг бидний хувьд хариуцдаг ажилтан руу утасдахаар утсаа авдаггүй. Авбал хүний шаардлага үгийг авч хэлэлццэггүй. Тийм утсаа авах завтай хүн байдаггүй юм бол комланиуд мөнгө гаргаад ажилтаныг чинь цалинжуулъя. Ажил хийх сонирхолгүй хүмүүс байвал хурдан зайгаа тавиад өг, тонилоод өг.

 

 

Уг н ь ЗТЯ, АТҮТ-д хийх ажил зөндөө харагдаад байгаа юм. Монголчуудыг шинээр машин аваад ороод ирэхээр Хятадын тал бүрдүүлэлт хийхгүй болчихдог. Хэзээ эхлэхийг хэн ч мэдэхгүй болчихдог. Чулуу сайн тасалдаг хүн бол мэдэж мэдэх юм. Үүнийг очиж ярилцаад яг таг тохирох ёстой. Хятадын бүрдүүлэлтийг яагаад монгол компаниуд заавал хятад компанид мөнгө төлж хийлгэх ёстой гэж.

 

 

Тэгвэл Монголд бас хятад компаниуд монгол компанид мөнгө төлж бүрдүүлэлт, зөвшөөрөл зэргийг хийлгэх ёстой. Үүнийг яг таг гэрээгээр тохирох хэрэггэй байна. Нүүрс ачаад хил рүү орох гэхээр танай жолоочийн мэдээлэл компьютерээс устчихсан байна гэж хэлнэ. Ачсан нүүрсээ буулгавал асар их өрөнд орно, хил рүү оруулахгүй, зүгээр л ачаатайгаа хэдэн сар жил болж мэднэ.Тэгээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үгийн учрыг мах ясандаа ойлгож авдаг даа. Хилийн тээвэртэй холбоотой ажлыг ЗТЯ, АТҮТ, ЭТТ гэрээ хэлэлцээ хийж зохицуулах болохоос биш нэг хүн хагас цагийн дотор хийчих ажлыг мушгиж хээл хахууль горьдож компаниудын ажлыг хийлгэхгүй байж болохгүй шүү дээ.

 

ТАВАН ТОЛГОЙН МОНГОЛ КОМПАНИУД  БҮРЭН ЗОГССОН, ХЯТАД КОМПАНИУД ТЭЭВРЭЭ ХИЙДГЭЭРЭЭ ХИЙЖ БАЙНА

 

Би жилийн өмнө ЭТТ-н борлуулалтын мэргэжилтнүүд дотор ороод яахаараа зөвхөн хятад компаниуд нүүрс зардаг, яагаад монголчууд ЭТТ-оос нүүрс худалдаж аваад Хятад руу зарж болдоггүй юм бэ гэв. Тэгтэл монголчууд болохгүй, зөвхөн хятадууд болно гэв. Яагаад гэсэн чинь монголчууд бол ченжүүд, хятадууд бол биш гэнэ. Өө, Чалко ЭТТ-оос нүүрс худалдаж аваад цааш нь зарахгүй зөвхөн өөрийнхөө зууханд л түлдэг гэж бодоод байна уу гэв. Болохгүй гэж хэлж байна гэж уурлан намайг загнасан. Би өөртөө ч итгэлгүй арай ч дээ гэж халаглан, би ер нь зүүдлээд байх шиг байна гээд өөрийгөө чимхтэл өвдөж байна аа, зүүдлээгүй бодит үнэн. Миний бодлоор Оюу толгой, Таван толгой мэтийн том төслүүд дээрээ гэрээгээ хийж чадаагүй алдаад өнгөрсөн юм чинь улс орноо хөтлөөд аваад явчих том гарын бизнесмэн хоёр гуравыг Таван толгой дээр төрүүлчихвэл бас шарх нөхөгдөх боломж байна гэж бодож байна л даа. 

 

Одоогоор Таван толгойн тээвэр бүрэн зогссон. Зогссон ч гэж дээ бүх монгол компаниудад ажил байхгүй зогссон, зөвхөн хятад компаниуд тээврээ хийдгээрээ хийгээд явж байна. ЭТТ-оос зөвхөн хятад компаниуд нүүрс худалдаж авдаг тул тэд өөрсдийнхөө машинаар зөөнө гээд бид нар ажилгүй үлдсэн. ЗТЯ, АТҮТ, ЭТТ-н хясан бобгдуулах хорт явуулгын үр дүнг үүгээр харж болно. Ер нь манай оюун ухааны тамирчид дэлхийд тасархай байдаг шиг монгол хүн бизнесийн ухаанаар үнэхээр дэлхийд тасархай юм шүү. Ганцхан манай төрийн байгууллагууд хээл хахууль горилж хясан боогдуулаад хөдөлгөхгүй байна. Хүрэлсүх дарга аа, “С” зөвшөөрлийн бичгүүдийг бүгдийг нь хятад компанид авч өгөөд байгаа хүн сүргүүдийг хяргаад өгөөч. Хээл хахууль горилж утга учиргүй дүрэм журам гарган хясан боогдуулаад байгаа ЗТЯ, АТҮТ, ЭТТ-н хүн сүргүүдийн үс ноосыг мулзлаад тэнэг дүрэм журмуудыг нь хүчингүй болгоод жорлонгийн цаас болгоод өгөөч.

Аз транс ХХК-ийн захирал ЖОРЖ