Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 15-аас эхлэн нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэр гарсан. Гэвч ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд сахиж, тодорхой бэлтгэл ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.03.23/-өөс эхлэн  Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг тус боомт дээр ажиллаж байгаа гэв.

Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм. Нийтдээ 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэхэд бэлэн болгожээ. Өнөөдөр өглөө 09.00-13.00 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ.