Нүүдэлчдэд тийм ч юм байгаагүй, ийм ч юм байгаагүй, тийм юм дөнгөж л буй болж байсан, нүүдэлчдийн хувьд гар урлал, газар тариалан ч байгаагүй гэх мэтийн үгүйсгэл энэ талаар ямар ч мэдлэггүй, судалгаагүй хүмүүсийн амнаас хэдэн зуун жилийн туршид гарсаар байлаа.

Мэдэхгүйн улмаас л ингэж ярьж, үгүйсгэж ирснийг хүн төрөлхтөн эдүгээ мэддэг, ойлгодог болов. Үгүйсгэсээр ирсэн зүйлүүдийг нь няцаах биет олдворууд уван цуван олдсоор байгаа нь зарим “их мэдээчдийг” бүр гайхшруулах болжээ. Яг хэрэг дээрээ бол хүмүүс суурин амьдарч соёлыг бүтээж иргэншдэг, нүүж амьдарсан ч соёлыг бүтээж иргэншдэг нь үнэн юм. Оршин байх, аж төрөх өөр арга зам байхгүй. Энэ бол оюун ухаантай амьтны оршихуйн жам ёс, хууль ажээ. Суурин аж төрж ирсэн хүмүүс нүүж аж төрж ирсэн хүмүүсийн хээ ололт, амжилтыг таних, судлах ажил тун муу хийгдсээр байсан нь одоо тодорхой болжээ. Нэг цэг дээр хадагдаж амьдрахын давуу тал гэж байхын зэрэгцээ нүүж амьдрахын давуу тал гэж байдаг нь ч ойлгомжтой болсоор байна. Аль алиныг нь л мэдэх, судлах, ашиглах нь хүн төрөлхтөнд хэрэгтэй юм.

 

Европ дахин нь Ази дахинаа мэддэггүй, Ази дахин нь Европ дахинаа мэддэггүй байдал багаар тооцоход л ХIII зуун хүртэл архаг байдлаар үргэлжилжээ. Тун ч товчхоноор хэлэхэд ХIII зуунд Монголчууд илүү мэдээлэлтэй байснаар тулалдаан бүхэнд ялж харин Европчууд мэдээлэлгүй шахам байснаас ялагдаж байв. Энэ байдалтай холбогдуулан дүгнэх аваас нүүдэлчид бол цэрэг-дайны хэрэгт мэдлэг, мэдээлэл, соёлоор эсрэг этгээдүүдээсээ дутах юмгүй, бүр давуу байсан нь үнэн болно.

Гэр сууц, доторх хөнгөн тавилга, үстэй дээл, Монгол гутал, ясан хяртай модон эмээл, хялгасан ногт, суран хазаар тэргүүтнийг хараад л нүүдэлчдийг голох, үл тоомсорлох нь “их зантнуудад” мөн ч том хохирол учруулсаар иржээ. Жишээ нь Хятадын улсуудын хаад, жанжид Монголын нутгийн хойд хэсэгт байсан хүн ард, нөөц баялаг, зэр зэвсгийн дарханы газрууд, төмөрлөг хайлуулах төхөөрөмж, зуух зэргийг ер мэддэггүй байсаар олон зууныг өнгөрөөжээ.Багаахан дайн, довтолгоонд ашиглаж байсан хөнгөн морин цэргийн байр, байдлаар л Хятадын жанжид Монголчуудын цэрэг-дайны потенциалыг ойлгодог  байжээ. Учир нь тэд Монголын  газар нутгийн хойд хэсэг хүртэл довтлон орж эзэлж байсан нь ер үгүй билээ.Өвөг монгол хэлээр ярьдаг Монгол угсааны нүүдэлчин, анчин аймгууд нь газарзүйн байршлын хувьд тун ч  таатай гэхээр орчин, нөхцөлд (бараг л бүх түүхийнхээ туршид) байгалийн талаасаа ч, нийгмүүдийн талаасаа ч аюулгүй шахам  байсаар олон мянганыг үзжээ. Монголчуудын чөлөөтэй нүүдэллэн аж төрж байсан дэвсгэр нутгийн хэмжээ ихэнхдээ л 3-5 сая орчим километр квадрат хэмжээтэй байсан ба бүх талаасаа байгалийн саад, халхавчаар хүрээлэгдсэн байв. Нутгийн хойд талаар Сибирийн ой тайга, гол мөрөн, намаг, өмнө талаар их говь цөл, усгүй орчин, элсэн манхнууд байсан бол баруун ба зүүн талаар нь хүн ам цөөтэй нүүдэлчид л аж төрж байлаа. Төв Азиас Европруу чиглэсэн хөдөлгөөн, аян дайн байсангүй. Ийм таатай нөхцөл нь цэвэр нүүдэлчдийн гэж болохоор өвөрмөц соёл иргэншлийг олон зууны туршид үүдэж, төлөвшүүлжээ. Нийтийн тооллын өмнөхөн болон дараахан гэхэд л суурин иргэдийн бүтээсэн соёл бүхий л бүтэц, бүрдлээрээ шахам нүүдэлчдэд мөн байжээ.ХХ зууны эцэс, ХХI  зууны эхээр олдсон археологийн олдворууд үүнийг гэрчилж байна. Хүннү улс хүчирхэгжих хэрээр түүний цэрэг-зэвсгийн чанар, байдал Хятадын улсуудынхтай зэрэгцэж очихоор хэмжээнд хүрчээ. Тэр цаг үед болж өнгөрсөн дайн тулалдаануудад аль ч тал нь ялж бас ялагдсаар хагас мянганыг элээсэн нь үүний нотолгоо юм. Хоёр тал хэн хэнээ хүлээн зөвшөөрч зэрэгцэн оршихоо гэрээ, хэлэлцээрээр баталгаажуулж байжээ. Нутгийн өмнөд хэсэг хэдийгээр ус ундгүй говь, цөлөөр хамгаалагдсан хэдий ч Монголчууд цэрэг-зэвсгийн холбогдолтой ихэнх зүйлээ заавал нутгийн хойт хагаст хийж, үйлдэж иржээ. Энэ нь Орхон, Сэлэнгийн хөндий, Байгаль нуурын наагуурх нутгуудаас шинээр олдож буй суурин газруудын туурь балгас, төмөр хайлуулах байгууламжууд, төмөрлөгийн зүйлсийн үлдэгдлүүдээр нотлогдож байна. Хүн амын зонхилох олонхи, төмрийн хүдэр олборлолт, загас агнуур, гар урлалын газрууд, сэлэм жад, нум сум хийдэг дархчууд, цэрэг-дайны зориулалттай эмээл, хазаар мэтсийг бөөнөөр нь бэлддэг урчууд гэх мэт нь бүгд л нутгийн хойд хагаст өмнөд хагастай харьцуулбал хэд дахин илүү байгаа нь үргэлжлэн илэрсээр байна.

Монголын нутгийн гүнрүү хийх гэж оролдсон зөөврийн дайны ажиллагаа хэзээ ч амжилтанд хүрч байсангүй болохоор хятадууд Монголын нутгийн хойд хагасын хүн ам, нөөц баялаг, цэрэг-зэвсгийн чадавхийг бүрэн гүйцэд таньж чадахгүй байсаар нийтийн тооллын ХIII-XIV зууныг хүрсэн нь үнэн болно. Энэ нь хэрэг дээрээ цэрэг-дайны утга, бодлоготойгоор, харийн нүд, нөлөөнөөс  хол, далдуур чухал зүйлсээ, зэвсгийн үйлдвэрлэлээ нууцалж байсан нь тэр юм.

Их Петрийн үеэс холдоггүй далайд (Номхон далай) гарцтай болох гэсэн Оросын төрийн бодлого зөөлөн хийгээд хатуу аргаар Монголын нутгийн хойд хил дагууд хэрэгжиж эхэлснээр зэлүүд эзэнгүй байсан Сибирь тэр чигээрээ Оросын эзэмшил болжээ. Байгаль нуурын орчмоор нутаглаж байсан нүүдэлчдийг Оросын төрийн түшмэлүүд бэлэг дурсгал, авилга, шашин шүтлэг цол хэргэм, найр наадам гэх мэтийн зөөлөн аргаар дасгаж өвөрчилсөөр л байжээ. Тэг тэгсээр тэд номхон далайд хүрч боомт хотоо ч байгуулжээ. Байгуулсан хотдоо тэд Дорныг эрхшээ (Владивосток) түрэмгий нэр өгөхөөсөө ч зовсонгүй. Оросуудын байгуулсан суурин газар, тосгон, цэргийн бэхлэлт мэт нь Хятадын Их Цагаан хэрмийг санагдуулахаар үргэлжилсээр далайн эрэгт хүрчээ. Ингэж л Хятад болон Оросын геополитик Монголын эргэн тойронд хэрэгжжээ. 

Хүн ам олонтой, хүнсний их нөөцтэй (мал, ан гөрөөс, ус гэх мэт) мод түлш элбэгтэй, бүгэх, отох, нуугдах газар ихтэй, харийн хүнд явах, нэвтрэх боломж муутай, зэвсэг хэрэгсэл хийдэг гар урчууд олонтой стратегийн хувьд чухал хойд нутгаа нууцалж, хамгаалж байсан нь Монголчуудын хувьд алсаа, ирээдүйгээ, болзошгүй аюулыг тооцсон ухаалаг шийд байжээ. Энэ бүс нутаг дахь металл агуулсан хүдрийг Монголчууд эртнээс нээж ашиглаж ирсэн ул мөр илэрсээр, олдсоор л байгаа юм. Булш, бунхнаас олддог төмөрлөгийн зүйлсийг чухам хаана хайлуулсан, цутгасан болохыг тодорхойлох арга ихэд хөгжихийн цагт өмнө яригдсан бүхэн нотлогдох болно.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав