УИХ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаад УИХ-аар хэлэлцэж байна. 

Энэ үеэр тэрбээр, "Зөвшөөрлийн тоо багасаагүй зөвшөөрөл гэдэг бичиг бүртгэл, мэдэгдэл, гэрчилгээ, сертификат, магадлан итгэмжлэл гэх мэтчилэн зүсээ олон янзаар хувиргаснаар бизнес эрхлэх хүсэлтэй иргэн 1000 гаруй бичиг баримт бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг болчихсон байна.

Найман нэрийн дэлгүүр нээх гээд дөрвөн сар хөөцөлдөөд бүтээгүй тул 3 сая төгрөгийн хахууль өгөөд ч зөвшөөрлөө авч чадаагүй гэдгээ хэвлэлээр хэлсэн эмэгтэйг дарамталсан байна. Хүнд суртлын хана хэрэм босгож, авлига хахууль нэхэж дээрэмддэг нь бодит үнэн болжээ" хэмээн ярилаа.

Мөн бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат есийг нэмж зохиосноор 1000 гаруй байсан зөвшөөрөл өөр нэр, зүстэйгээр ахин амилсан байна.

Төрийн хүнд суртлыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, зах зээлийн систем рүү  шилжүүлэх зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг гаргасан. Уг санаачилгаа ажил хэрэг болгохын тулд Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж гишүүпд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тэрбээр, мэргэжлийн холбоодууд тодорхой зөвшөөрлийг олгож эхэлсэн. Энд олгож байгаа зөвшөөрлийг хэрхэн хялбаршуулж байгаа вэ. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгох хугацааг заавал зааж өгдөг. Энэ нь нягтлах нэрээр маш удаж, өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлдөг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Гуравдугаарт, иргэдийг маш их төөрөгдүүлдэг. Өмнө нь бүх мэдээллийг цахимжууллаа гээд зөвшөөрлийг цахимаар авахаар зохицуулсан. Гэтэл Батбаатар сайд дөнгөж энэ жилээс цахим болгож байгаа юм шиг зүйлийг ярьж байна. Энэ 2022,2023 онд цахимжчихсан байна. Тусгай хамгаалалттай газартай холбоотой асуудал орж ирж байна.

Хууль санаачлагч, УИХ-ын дарга Н.Учрал: Өмнө нь Хассуурийн Ганхуяг нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн мэдүүлж батлуулаад 360 болгож тоог нь бууруулсан. Гэсэн ч нөгөө магадлан итгэмжлэл, мэдэгдэл, гэрчилгээ, сертификат гээд дахиад зүсээ хувиргаад нэмэгдээд байгаа юм. Ийм олон хэлбэрээр нэмэгдээд байхаар зөвшөөрлийг бууруулсан ашиг нь гарахгүй байна. Энэ удаа мэдэгдэл гэж юу юм бэ гэдгийг тусгайлан хуульчилж байгаа. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр хаана ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа мэдэгдчихнэ. Ингэснээр дараа нь эрүүл ахуй зэрэгт төр хяналт тавиад явах боломжтой болно. Мөн энгийн зөвшөөрөл гэж бий. Тусгай зөвшөөрөл шаарддаг байсан олон нэр төрлийг энгийн зөвшөөрөл рүү шилжүүлж байгаа. Төрийн байгууллага 22 хоногт дотор энгийн зөвшөөрөл олгосон эсэхээ тухайн байгууллага руу мэдэгдээгүй бол шууд үйл ажиллагаа эхэлнэ гэдэг зарчим бий. Энэ хуулиар энгийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байгаа. Дээрээс нь 120 энгийн зөвшөөрөл, 30 мэдэгдлийг хуульчлаад үүнийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх нь зөвшөөрлийг больё гэж байгаатай уялдах уу" гэв. Түүний асуултад УИХ-ын дарга Н.Учрал "Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдлийн үнэлгээнд суурилсан явцын хяналт хийх ёстой" гэж хариуллаа.