Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт сургуулилалт хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.

ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Шинэ баг эмчилгээ рүү орсон.

Одоо ингээд дараагийн тусгай нислэгүүдээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Мөн ОБЕГ, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран зохион байгуулалтаа нарийн хийж байгаа" гэдгийг хэллээ.