ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна
2 цагийн өмнө
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудад ширээ, сандлын болон сурах бичгийн хүртээмжгүй байдал үүссэн гэх асуудал хөндөгдөх болсон.
Тэгвэл хүүхдүүдийн сурах таатай орчин бүрдэхгүй байгаа талаар тодруулахаар Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийг зорилоо. Ту сургууль нь хичээлийн гурван байртай. Тэдгээр барилгуудыг гаднаас нь харахад шинэхэн мэт харагдана. Харин дотогш ороод хоёр давхарт гарвал хуучны будагтай модон шалтай байх аж. Шал нь алхах бүрд чихарч дуугарна. Нэг давхраас бусад давхрын коридор нь нэлээн давчуухан юм.
“Эрдмийн өргөө” сургуулийн гуравдугаар ангийн багш Н.Бямбажав “Манай анги өмнө нь коридор байсан юм. “Эрдмийн өргөө” сургууль нийт 6000 гаруй суралцагчтай. Үүний 3000 орчмыг нь бага ангийн сурагчид эзэлдэг. Хичээлийн танхим хүрэлцэхгүй болохоор коридороо вакумаар тусгаарлаад анги болгочихсон. Коридороос гадна багш нарын өрөө, номын сангаа хүртэл ялгаагүй хичээлийн танхим болгосон. Манай анги вакум учраас коридорын чимээ тэр чигтээ сонсогддог. Хүний хөлийн чимээ хүртэл хажууд байгаа юм шиг тодоос тод сонсогдож байгаа биз дээ. Цонхоо онгойлгосон ч гадаах машины болон хүмүүсийн дуу чимээ гээд маш чанга чимээтэй орчинд хүүхдүүд суралцаж байна. Хавар бол нэлээн шуугиантай. Одоо дөнгөж хичээл эхэлж байгаа болохоор бас ч гайгүй. Коридорыг таллаад анги болгочихсон учраас өмнөхтэйгөө харьцуулахад маш давчуу болсон.
Тиймдээ ч коридороор яваа хүмүүс манай ангийг шүргэнэ, цохино, мөргөнө. Энэ бүх дуу чимээ хичээл орж байх явцад сурагчдын анхаарлыг сарниулахад хүргэдэг.
Сурах бичгийн хувьд хүртээмж маш муу. Манай гуравдугаар ангийнхны хувьд 14 бүлэгтэй. Энэ жил шинээр 50 ширхэг сурах бичиг ирсэн. Үүн дээр нэмээд янз бүрийн онтой хуучин сурах бичгүүд бий. Шинэ сурах бичиг угаасаа бүх хүүхдэд хүрэлцэхгүй. Тиймдээ ч нэг ангид тав, таван ширхэг шинэ сурах бичиг тараасан. Мэдээж, хүүхэд бүр шинэ ном авмаар байгаа. Багш ч гэсэн бүх сурагчдадаа шинэ сурах бичиг өгмөөр байдаг. Манай анги 39 хүүхэдтэй байхад гурван хүүхдэд дутуу ном хуваарилж өгсөн байх жишээтэй. Тэгэхгүй бол илүү олон хүүхэд дутуу сурах бичигтэй болчих гээд байдаг. Тиймээс би бүх сурах бичгээс гурван хүүхдийн ном дутуу авсан. Энэ дундаа онууд нь холилдчихсон болохоор хичээл орох үед хуудас нь хоорондоо таарахгүй. Үүнээс гадна оногдсон тав, таван шинэ сурах бичгээ ямар хүүхдэд өгөх вэ гэх асуудал үүснэ. Эцэг эхчүүдэд хүртэл энэ нөлөөлж байгаа юм. Яагаад манай хүүхдэд шинэ ном өгсөнгүй вэ гээд асуудлууд эхэлнэ шүү дээ. Багш нар аль болох олон хүүхдэд хүртээмжтэй хуваарилах үүднээс математикийн шинэ сурах бичгээ таван хүүхдэд өгсөн бол монгол хэлний шинэ сурах бичгээ өөр таван хүүхдэд өгнө. Багш хүний хувьд бүх сурагчдадаа шинэ сурах бичиг өгмөөр байна. Даанч болохгүй юм” хэмээв.
Вакум ангид хичээл ордог багшид сурагч нэмж өгөхгүй байх журамтай гэнэ. Яагаад гэвэл анги маш давчуу учраас гурван эгнээгээр ширээгээ байрлуулах ямар ч боломжгүй харагдана. Угтаа бол гурван эгнээ ширээ байх ёстой шүү дээ. Гэтэл энэ анги хоёр эгнээгээр арын ханандаа тултал ширээ сандлаа байрлуулсан байна. Хэт их хойшлох нь сурагчид багшийн самбар дээр бичсэн хичээлийг олж харахгүй байх асуудалтай. Зарим хүүхдийн хувьд багшийн яриаг ч бүрэн сонсохгүй байх магадлалтай. Тиймээс Н.Бямбажав багш арын ширээгээ нэг нэгээр нь голынхоо завсар зайгаар байрлуулаад хүүхдүүдээ суулгажээ. Сандал ширээ бол үнэндээ асуудалтай байгааг багш нар бүгд онцолж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нар аль болох сандал, ширээгээр сурагчдаа дутаахгүйн тулд энд, тэндхийн агуулахаас олж цуглуулсан гэнэ. Мэдээж, маш хуучин сандал ширээ байх аж. Барилгаар яривал ашиглалтаас аль хэдийнэ гарсан гэж хэлж болно. Хамгийн гол нь эдгээр ширээ, сандлууд гуравдугаар ангийн хүүхдийн стандарт биш. Нэгдүгээр ангийн хүүхдийн стандарттай ширээ, сандал юм байна. Өөрийн насны онцлогт тохирсон сандал, ширээндээ суугаагүйгээс үүдэн сурагчдын нуруу бөгтөр болох шинж, тэмдэг багш нарт ажиглагджээ. Хэдийгээр багш нар сурагчдынхаа нурууг бөгтөр болгохгүйн тулд толгойгоо дээшлүүлээд, цэх суугаарай хэмээн өдөр бүр хэлдэг ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа гэнэ.
“Эрдмийн өргөө” сургууль нь энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 13 бүлэгтэй хичээллэж байна. Энэ жил нэг ангид байх хүүхдийн тоог 44 дотор барьсан. Тиймдээ ч тус сургуулийн нэгдүгээр анги нэг ангидаа 36-44 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Нэгдүгээр ангийн багш М.Мөнхбаяр “Энэ жил сурагч бүрийн тоогоор ширээ сандал байгаа. Гэхдээ чанарын хувьд маш муу, хуучны хэт элэгдэлтэй учраас хүүхэд суухад тийм ч таатай биш. Багшийн сандал ширээ ч ялгаагүй элэгдэлтэй. Анзаарсан бол сургуулийн коридороор явахад хүртэл шал нь чихарч дуугардаг. Сургуулийн бараг бүх өрөөгөө хичээлийн танхим болгочихсон учраас багш нарт хувцсаа болих, багаар ажиллах, таван минут чимээгүй суугаад амрах газар үнэхээр хомсдолтой.
Одоогоор нэгдүгээр ангийнхан сурах бичгээ хүлээж аваагүй байгаа. Бэлтгэл бүлгийн номоо ажиллаж байна. Гэхдээ би өмнө жил тавдугаар анги төгсгөсөн хүний хувьд хэлэхэд, сурах бичгийн хүртээмж маш дутмаг байдаг.
Энэ асуудлыг багш нар Мэдээ.мн, цахим платформ ашиглан шийддэг. Эсвэл хоёр хүүхэд дундаа нэг сурах бичиг ашиглана. Үдийн цайны чанарт багш, сурагч, эцэг эхчүүд бүгд сэтгэл ханамжтай байгаа. Гэсэн хэдий ч сурагчдад үдийн цай тарааж өгөх ахуйн хэрэгсэл маш дутмаг. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд багш нар хувиасаа мөнгө гаргаад сав суулгаа худалдан авсан” хэмээн ярив.
Үдийн цайг улс хариуцсанаас хойш чанар, болоод хүртээмж сайжирсан аж. Хоолноос гадна зууш, жимстэй дагалдаж ирдэг болсонд сурагчид сэтгэл хангалуун байна. Мөн уух зүйлийн хувьд сүү, төрөл бүрийн жимсний жүүс байх жишээтэй.
А.Даваадулам
Зочин · 18 минутын өмнө
AXN XUSLEER SEXSDN ANUSN BOOW XXOLT80955877