УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн П.Галиндэвтэй ярилцлаа.


-Та УИХ-ын сонгуульд бие даасан 121 нэр дэвшигчээс хамгийн олон саналыг авлаа. Сонгуульд ялагдахад юу шалтгаалав?

-Иргэд сонгогчид маань миний тавьсан мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг маш өндрөөр дэмжиж, оролцлоо. Намайг дэмжсэн баянголчууддаа баярлалаа. Сонгуулийн талаар мэдээж олон коммент байгаа. Сонгуулийн булхай, луйвар, хардалтуудын талаар сүүлийн таван өдөрт ярьчихсан учраас тэр хэсгийг түр орхиё. Энэ удаагийн сонгуульд хэт олон хүн нэр дэвшиж санал хуваагдах нөхцөл байдал үүссэн. Манай тойрог дээр гэхэд 30 гаруй нэр дэвшигч байсан. Ялалт байгуулсан МАН багаараа ажиллаж чадлаа. Бусад нэр дэвшигчид, намууд маш их саналуудаа хуваалаа. Тоон үзүүлэлтээр аваад үзэхэд ялалт байгуулсан МАН 40 орчим хувийн дэмжлэг авсан мөртлөө олонх суудлыг авлаа шүү дээ. Тэгэхээр үлдсэн 60 хувь хоорондоо саналаа хуваасан. Гол шалтгаан энэ байлаа.

-Том мажоритар систем дээр сонгогчоор тойргоо хуваах уу, газар нутгаар хуваах уу гэх асуудал үүсдэг. Энэ сонгуулийг хуулийн хүрээнд хэрхэн харж байна?

-Зайлшгүй хийх ёстой хоёр, гурван зүйл харагдсан. Нэгдүгээрт, манай сонгуулийн тогтолцоонд асуудал байна. Тухайлбал, 26 мянган иргэн надад итгэж санал өгч байхад Их хуралд ард иргэдийг төлөөлөх эрхгүйгээр үлдэж байна. Гэтэл дунджаар 10-17 мянган иргэний санал авсан нэр дэвшигчид Их хурлын гишүүнээр сонгогдож байна. Энэ гажгийг сонгуулийн тогтолцоо, хуулиараа бид нэг мөр шийдэж өгөх ёстой. Хоёрдугаарт, болж өнгөрсөн сонгуульд олон хардалт байна. Сонгууль ил тод биш, хяналт сул байлаа.

Иргэдийн мэдэх, хянах эрх нь манай сонгуулийн тогтолцоонд нээгдээгүй байдаг гэдгийг мөн харлаа. Сонгуулийн үеэр хяналт гэдэг зүйл маш сул байгаа харагдлаа. Зарим иргэд хурууны хээгээ уншуулахгүй орж байна, иргэний үнэмлэхгүй хүн ч сонгууль өгч байна. Хуучин, сонгууль өгсөн хүн хуруун дээрээ тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Энэ тэмдэглэгээг энэ удаа хийлгэе гэсэн хүнд нь сайн дураар хийж өглөө. Сонгууль маш хяналтгүйгээр явагдсан. Бид сонгуулийг будилаангүй явуулъя гэж л хар машиныг оруулж ирсэн. Гэтэл хар машин маань эргээд сонгуулийн сул тал болчихсон байна. Мэдээллийн технологи хөгжөөгүй, тавих хяналт нь нарийн боловсруулагдаагүй учраас хар машин давуу тал биш сул тал болсон гэдгийг энэ сонгууль харууллаа.

-Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар маш олон факт гарч ирлээ. Гэсэн ч сонгуулийн үр дүнтэй бүгд эвлэрлээ шүү дээ?

-Сонгуулийн үр дүнгийн эсрэг бусад бие даагч, нам, эвслүүд сонгох, сонгогдох эрхээ хамгаалж тэмцэж байгаа нь зөв. Гэхдээ эдгээр хүмүүс анхнаасаа байгаа оноогүй тэмцлийг эхлүүлсэн. Зөвхөн гарчихсан үр дүн дээр тэмцсэн. Аль хэдийн будлиан луйврууд нь яваад өнгөрсний дараахь үр дүн рүү хэтэрхий их чиглэж улс төрийн тэмцлээ хийснээс болж мухардалд орсон. Би 22 цагаас хойш биш, өмнө болсон санал хураалтын процесс руу илүү орж улс төрийнхөө тэмцлийг хийгээч ээ гэдэг зөвлөмж, саналыг тэр хүмүүст тавьсан. Харамсалтай нь тэр хүмүүст туршлага дутаж, хэтэрхий улстөржиж хийрхсэнээсээ болж улс төрийн булхай луйврыг илрүүлж чадаагүй. Улмаар мухардалд орлоо. Миний хийсэн мэдэгдэл, тайлбарыг та бүхэн судлаад үзвэл санал хураалтын үед болсон булхай луйвруудын аргументыг гаргаж тавьсан байгаа. Энийг манай хууль хяналтын байгууллага, улс төрийн намууд цааш нь үргэлжлүүлэн судалж үнэн зөвийг нь илрүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар гэлтгүй цаашид дахин давтагдах боломжтой маш олон хардалтууд байгаа. Ирэх намар бид орон нутгийн сонгуулиа хийнэ. Тэгээд Ерөнхийлөгчийн, 2024 оны Их хурлын сонгууль гээд эдгээр сонгуулиудын өмнө үүнийг цэгцэлж, сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, сонгуулийн хууль дотроо мэдээллийн технологи, сонгогчдын нэгдсэн датабаз, иргэдийн мэдэх, хянах эрхийг нээж өгсөн тэр тогтолцоог бүрдүүлж өгөхгүйгээр сонгууль хийх утгагүй болчихлоо. Ардын намын 65-ыг шинэ 62-оор сольдог сонгуулийг хийхийн тулд Монголын ард түмэн цаг аваа барж, төсвийн мөнгөө үрэх ямар ч шаардлагагүй. Д.Лүндээжанцанг, Хасуурын Ганхуягаар сольдог сонгууль бидэнд хэрэггүй.

-АН-ын шинэчлэлийн ажил эхэлж байна. Та ч мөн энэ шинэчлэлийг толгойлогчдын нэг байна байх?

-АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүнээр 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Би намаасаа гараагүй шүү дээ. 2016 онд нам буруу зүг рүү явж, хэтэрхий их хагарч бутарч, нэгдсэн бодлогогүй, тавьж байгаа зорилго зорилтууд ард түмний хөрсөн дээр буухгүй байна гэдгийг хэлж байсан. Тэрнээс хойш намаа засах гэж оролдлоо. Өнгөрсөн удирдлагын үед АН-ыг засч зөв голдиролд нь оруулахын төлөө их хэлж, ярьсан. Хүнд хэлээд хүмүүс намыг засдаггүй юм байна. Тэр хүн өөрөө л ойлгоогүй бол хүний зөвлөгөөг авч энэ намыг засч, шинэчлэх ажлыг хэзээ ч хийдэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өдгөө хоёр дахь удаагаа нам маань навсайтлаа ялагдлаа. Ард түмэн намаа шинэчлээч ээ гэдгийг хоёр дахиа хэлж байгаа хэрэг. Манай намын дийлэнх нь АН-ыг шинэчлэлийг дэмждэг. Эдгээр хүмүүстэйгээ яг одоо АН-ын шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг талаар ярилцаж байна.

Мэдээж намынхаа шинэчлэлийн ажилд манлайлан ажиллана. Өнгөрсөн таван жил хэлж, зорьж байсан ажил энэ мөн. Би сонгуулиар Их хуралд сонгогдохын хажуугаар бүлэглэлд барьцаалагдсан улстөрчдөөс АН-ыг салгая гэдэг зорилтыг тавьж ажилласан. Энэ зорилт маань эхнээсээ биелээд явж байна. Тиймээс АН гарцаагүй өөрчлөгдөж, шинэчлэгдэхээс өөр замгүй болсон. Энийг хэн нэгэн хуучны улстөрчид, лидерүүдэд хэлж даатгахгүй. Шинэчлэлийг хүсч байгаа намын гишүүд, ардчиллын төлөө явж байгаа залуучууд бид өөрсдөө гардан зохион байгуулж хийнэ гэсэн зорилготой байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хоёр нэг тойрогт өрсөлдлөө. С.Эрдэнэд мөнгө байлаа, АН-ын суурь бүтэц байлаа. Гэсэн ч надаас хоёр дахин бага санал авлаа шүү дээ. Би Ардчилсан намыг шинэчилье гэж явсан. С.Эрдэнэ ээ АН болж байна гэж явсан. Ард түмний сая өгсөн дүгнэлт С.Эрдэнээ чиний буруу, П.Галиндэвийн зөв өө гэдгийг надад хоёр дахин илүү санал өгч нотоллоо шүү дээ.

-Ирэх намар орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуулиас өмнө ямар өөрчлөлтийг намдаа хийх ёстой гэж харж байна?

-Хоёр ажлыг хийнэ. Нэгдүгээрт, намынхаа дотоод зохион байгуулалтыг өөрчилж, нам дотроо жинхэнэ шинэчлэлийг хийх ёстой. Энэ 2020 оны Их хурлын сонгуулийн дараахь улс төрийн их цэвэрлэгээ болно. Өнгөрсөн 30 жил энэ намыг удирдсан хүмүүст хэчнээн жил намын хувь заяа, ардчиллын хувь заяаг даатгалаа. Энэ хүмүүс чадахгүй юм байна. Хоцрогдож гэдгээ хангалттай харуулсан. Тэрний дараа ардчиллын төлөөх хагарч бутарсан намуудаа нэгтгэх ажлыг зохион байгуулж эхэлнэ.

-36 намыг татан буулгаж шинээр өндөр шаардлага шалгуураар үүсгэн байгуулж ижил гараанаас эхлэх талаар сүүлийн үед их ярьдаг болж. Та энэ дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Хүчээр татан буулгах, аль эсвэл хүчээр эвлэлдэн нэгдүүлэх асуудал байж болохгүй. Энэ бол хуулиараа зохицуулагдаж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2028 оноос улс төрийн намуудын гишүүнчлэл 800-гаас 20 мянга гэсэн босготой болж байгаа шүү дээ. Тэр үед хүссэн хүсээгүй намууд хүчээ нэгтгэх шаардлага гарна. Тэрнээс наана хүчээ нэгтгэх боломж байхгүй. Харин үзэл бодол, үнэт зүйл нэгтэй намууд нэгдэх ёстой. Манай намаас салж гарсан ШИНЭ нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, АТОЗ гээд эдгээр намуудыг ойрын хугацаанд эвлүүлэн нэгтгэх ёстой. Тэгэхийн тулд өөрсдийгөө лидер гэж бодож шинээр нам байгуулах хүртэл шийдвэр гаргаж байсан тэр улстөрчид хойшоо суу. Намаа хагалж, бутаргасан улстөрчид хойшоо суу, одоо болсон. Бодлого чинь буруу байсан гэдэг сонгуулийн үр дүнгээр нотлогдсон учраас бусад жирийн гишүүддээ боломж олго.

-Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө юу байна?

-Би хувь улс төрчийнхөө хувьд тодорхой байр суурьтай байдаг. Аливаа барьж авсан ажлаа заавал хийе, олон юм руу үсчээд яахав, юм гэдэг шат дараатай явах ёстой гэж. Тиймээс намаа шинэчилсний дараа Монголын төр засгийн бодлогыг өөрчлөхийн төлөө явна гэдэг хатуу байр суурьтай байсан. Ийм ч сонголт, даалгаврыг ард түмэн өглөө. Ирэх дөрвөн жилийн хугацаанд маш яаралтай намаа шинэчилнэ. Бидний өмнө Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль байна. Дөрвөн жилийн дараа Их хурлын сонгууль үлдэж байгаа. Орон нутгийн сонгуулийн өмнө яаралтай намаа шинэчилж, амжилттай оролцоно. Нэгэнт Их хуралд сөрөг хүчингүй, хяналтгүй болсон учир 2021 онд ардчилсан Ерөнхийлөгч өө заавал дахин ялуулах ёстой. Тэгж байж Монголын улс төрийн балансыг хадгалж, Монгол төрд эрх мэдлийн хуваарилалт хадгалагдана.