МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
47 минутын өмнө

Ердөө л 10 сарын дараа Монголын ард түмэн нийт ес дэх сонгуулиа өгч, долоо дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж буй. Хэнийг сонгох вэ? Хэн тохирох вэ гэхээс авахуулаад: Ерөнхийлөгч гэж ер нь хэн юм бэ? Ерөнхийлөгч юу хийж болох вэ? Ерөнхийлөгч юу хийж болохгүй вэ гэх мэтээр хөндөгдөх асуудлууд зөндөө.
Ард нийтийн дийлэнх ийнхүү эргэлзээ тээнэгэлзээн дунд. Нарийндаа: Энэ өдөр, эсхүл маргааш Ерөнхийлөгчийн сонгууль боллоо гэхэд ард нийтээрээ сонголтоор маруухан сууж буй. МАН л биш бол яахав гэсэн нь олон сонстох. Басхүү: Сонголт нь сааралтсан хэсэг ч багагүй жин дарахаар байх шиг. Өөрөөр: Намууд ажиллаж, сонгогч ард нийтийг сонгууль сонирхох, саналаа өгөх дуршлыг өдөөх шаардлага.
Уул нь АН, МАН хоёр бол 27 онд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийн төлөөх горилогчид нь тодроод эхэлж. Харин УИХ-д суудал бүхий гурван жижиг нам анир алга. Сошиалаар: Тэндээс тэр дэвшинэ гэсэн дэл сул хов л байх.
АН: Хэзээний л ил тод нам. Эдүгээ энэ намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө 3-4 улстөрч илэрхийлж. Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Гантөмөр, нэлээн дээхнэ З.Энхболд хэлсэн байгаа.
Хэн хэн нь Ерөнхийлөгчид явахад гологдож жижигдээд байхгүй. Өөр өөрийн замналтай. Улс төр, амьдралын туршлага сайтай. Хаана яахаа сайн мэдэх, хэнтэй юу ярихаа ойлгосон л улс. Гэлээ гэхдээ: АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогч нэмэгдэх мэдээтэй. Боломжит кандидат гэгддэг О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, С.Баярцогт… гээд өрсөлдөөнд орж ирэхийг үгүйсгэхгүй. Уул нь: АН-ынхан нэмээд жаахан хичээвэл 27 он бараг л аманд нь орсон шар тос лугаа болж. Энэнд МАН тус их. МАН доторх зодоондоо Ерөнхийлөгчийг татан оролцуулсан нь МАН-ын 27 оны сонгуульд муу. Энэнээс ард нийт байтугай МАН-ынхан өөрсдөө залхаад эхэлж. Энийг АН-ынхан өөр хоорондоо зөрчил зодоон үүсгэж байж амнаасаа унагачихгүй бол 27 оны аятай боломж.
МАН: Уулаасаа яаж шийдэх нь тодорхойгүй байж байснаа ярсхийтэл гар өргөөд, тасхийтэл баталдаг нам. Тэрүүгээрээ, эдүгээг хүртэл: Би Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй, өрсөлдөнө гээд шулуухан мэдэгдчих хүн гарсангүй. Гэсэн атлаа: Ерөнхийлөгчид өрсөлдөхөө хэлэхгүй хийж илэрхийлж буй хэдэн улстөрч байх. Г.Занданшатар бол Ерөнхий сайдаас бууснаасаа хойш: Нэр дэвшинэ гэдгээ үйлдлээрээ үзүүлээд байгаа. Хийхгүй ч юм алга байх шиг. Хийж буй бүхэн нь тэр чигтээ сонгуульд үзэх хүсэлтэйг нь илтгэх. Ийнхүү удаан явсны эцсийн бүлэгт цөмөрсөн үү яасан, МАН-ынхан: Г.Занданшатар дарга ер нь Ерөнхийлөгчид зохимжгүй гэх болж. Яагаад гэхнээ: Төрийн өндөр албан тушаалд өрсөлдөж суудаг болохоос гэнэтийн бөгөөд бэлгийн шугамаар залраад байж болохгүй гэх.
Түүнээс өөр: С.Бямбацогт, Б.Жавхлан хоёр өрсөлдөөнд тунчиг идэвхтэй бэлдэж буй. Тэрнийхээ хэмжээгээр намынхнаасаа сайн муугаа сонсоод эхэлж. МАН-ынхны ам ч энэ хоёр улстөрчид муугүй юм. Гэлээ гэхдээ: С.Бямбацогтыг нь дэмжинэ гэх МАН-ын гишүүнтэй илүү олон таарах. С.Бямбацогт ч өөрөө ихэд хичээж буй сонстох. "Тэмээн дээрээс наран ойрхон" гэдэг лүгээ УИХ-ын даргын суудлаас Ерөнхийлөгчийн сэнтий ойрхон байж мэдэх.
Гэвчиг: Б.Жавхлан түүнээс дутуугүй дэмжлэгтэй бөгөөд хүчтэй горилж байгаа гэх. Гэсэн нь Б.Жавхланг МАН-ын гишүүдээс илүүтэй: Энэхүү ороо бусгаа цагт ядаж эдийн засагч юм даа гэх төрийн албатайнууд нь илүү дэмжиж байх шиг.
Энэ хоёрын араас Л.Энх-Амгаланг нэрлэхгүй орхиж болохгүй. Боловсролын сайдын суудал дээрээс компьютерын хангамж зэргийг хийж, тэрэндээ дөрөөлөөд Ерөнхийлөгчийн сэнтий рүү үсрэх хүсэл түүнд буй. Гэвчиг тэр хүсэл нь гүйцэлдэх эсэх юу л бол. Гэлээ гэхдээ: МАН-ын горилогчдод нэг томхон сул тал буй. Горилогчид тойроод бие биенээ харлуулах ажлыг хийгээд байгаа гэх. Энүүгээрээ: Аль хэдүйнэ бие биендээ Түгжил гэх нэрийг хайрлаж.
Ийнхүү Ерөнхийлөгчид өрсөлдөхөө хэлэхгүй хийж илэрхийлж буй эдгээр дөрвөөс гадна өрсөлдөөнд орох боломжтой Ж.Энхбаяр, Б.Батцэцэг тэргүүтэн МАН-д буй. Базах нь ээ: МАН-аас Ерөнхийлөгчид горилогчдыг С.Бямбацогт өнгөлж, Б.Жавхлан удаалж, Л.Энх-Амгалан зүтгэж, Г.Занданшатар арагшаа суучхаж буй шиг.
АН, МАН-ын горилогчдын цар хүрээ иймэрхүү ханатай. ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН сураггүй. Гэх нь ээ: ХҮН хуучнаараа МАН-аа дагаж хүнээ тавьж өгнө, Үндэсний эвсэл 27 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 28 оны УИХ-ын сонгуулийн хожоотой солио хийчих санаатай аятай үеийг харж байгаа, ИЗНН бол нам намын гомдогсдын хоргодох байр ч, тулааны талбар ч болно гэх…
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН







Бат инженер · 23 минутын өмнө
Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгоо Энэ нь дээр