У.Хүрэлсүхийн Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ тохирч, сайдуудаа баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 16 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар томилогдож, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар улираан томиллоо.  Мөн Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улирааж, Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилсон юм. Түүнчлэн Соёлын сайдаар ШУА-ийн  Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг, Батлан хамгаалахын сайдаар бригадын генерал Г.Сайханбаярыг, Зам тээвэр, хөгжлийн сайдаар тус яамны дэд сайд Л.Халтарыг, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг, ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайханыг томилов. 

Гадаад харилцааны сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайдаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг томилсон. Үүнээс гадна Барилга, хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарыг томилж, батламжийг нь гардууллаа. Ийнхүү гараанаас бариа хүртэл “давхисан” тэд эвээ олж, гар барив. Хэн бүхний таамаглалд байгаагүй боловсон хүчнээр Ерөнхий сайд багаа бүрдүүлж, бодлогын шинэчлэл хийхээр эрс шийджээ гэдгээ энэхүү томилгоогоороо баталлаа. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл нарыг эс тооцвол хэний ч таамаглалд байгаагүй хүмүүсийг сайдад дэвшүүлж, тамгыг нь гардууллаа. Энэ нь Ерөнхий сайд амлалтаа биелүүлэх, төрийн ажилд эрс шинэчлэл хийхээр шийдсэнийг харуулах шиг. 

Аливаа томилгоо өөр байж болдгийг, шинэ хүмүүст итгэл хүлээлгэж, үүрэгжүүлж, эргээд хариуцлага тооцох ёстойг сануулж болдгийг энэ удаагийн У.Хүрэлсүхийн Засгийн газраас харж болохоор боллоо. Мэдээж Монгол Улсын эдийн засгийн орчин “сэхээнд” байгаа. Ийм үед зоригтой ажиллаж, шийдвэртэй алхам хийхийг илүүд үзэх нь дамжиггүй. Энэ зарчмыг чих зөөлөн, хөл хөнгөн сайдууд лаглайж суугаад байхгүй биелүүлэх болов уу. Үүнийг төрийн ажлын туршлагатай, өөрийн гэсэн арга барилтай Ерөнхий сайд тооцсон нь мэдээж. Тийм болохоор хожоо, хонжоотой ямар бодлого, шийдвэр гаргаж ажиллахыг харах л үлдлээ. МАН ээлжит танхимаа бүрдүүлж, бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож, гар барьж, бие биендээ амжилт ерөөж байгаа энэ өдрүүдэд АН намагт гацсан мэлхийн дүрээр вааглах ч тэнхэлгүй болов оо, хөөрхий. 

Нэгэн цагт мандаж явсан улс төрийн том хүчин сүүлийн арван жил хөнжилдөө хөлөө жийлцэж, хагарал, бутралаа эдгээж, анагааж чадахгүй явсаар 2020 оны сонгуульд байнд ч үгүй, банзанд ч үгүй өнхрөв. Үе үе АН-аас цуурайтах болсон чимээ гэвэл сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх олж авахын тулд 100-400 сая төгрөгийн дэнчинг намын даргадаа өгчихсөн залуусын “цурхираан” л байх шив дээ. 

МАН үнэмлэхүй олонх болчихсон энэ өдрүүдэд яагаад ч юм намынхаа даргаас элдэв сэтэр горилж, зуу зуун саяар нь дэнчин хэмээн орон байраа зарж, хурааж хуримтлуулсан бүхнээ хамаж С.Эрдэнэ даргадаа барьчихсан АН-ын залуусыг бодохуйд гуниг төрнө. Энэ ялагдлын гол автор нь С.Эрдэнэ байлаа. Тэрбээр энэ удаад АН-ын амыг дахиж хэсэгтээ л ангайхгүй болтол нь барьчихлаа. Намаа улс төрийн тогоонд түлж орхисон түүний хамгийн тэнэг шийдвэр нь залуусаа боомилж, хагарал үүсгэж, тэднийг мөнгөний  машин болгож хувиргасантай шууд холбоотой юм. 

С.Эрдэнийн 100 сая төгрөгийн дэнчинг нийт 181 гишүүн төлсөн бөгөөд тэдний 76 нь нэр дэвших мандатаа авсан. Харин үлдсэн 105 нь улс төрийн дэмжлэг буюу ямар нэгэн албан тушаалд очно гэсэн тохироо хийсэн байдаг. Тэгвэл өдгөө албан тушаалын тохироо ч, амьдралаа зольсон 100 саяын дэнчин ч салхинд хийсэв. 181 хүний 100 сая төгрөг буюу нийт 18 тэрбум төгрөг дээрэмдсэн энэ асуудлаас гадна АН-д намын даргын үүргийг хэн гүйцэтгэх вэ гэх том маргаан өрнөж байна. 

2016 оны УИХ-ын сонгуульд навс ялагдсан тухайн оны сүүлчээс АН-ынхан шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн ч шинэчлэгдээгүй. Намын даргын сунгаа 2016 оны сүүлчээс эхэлж, АН-ын хувь заяаг С.Эрдэнэ гартаа авсан ч гэрэл асааж чадсангүй ээ.  С.Эрдэнийг Намын даргын тамгаа авч байх торгон мөчид нийтлэлч Баабар цахим сүлжээгээр дамжуулан “Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой. С.Эрдэнэ намын дарга болсноор АН мөхөж сөнөнө.  С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй” гэж байв.  Энэ ёр зөн өдгөө биеллээ оллоо. С.Эрдэнийн үед Ардчилсан нам гэх улс төрийн гол хүчин шороотой хутгалдав. 

Хэд хэдэн фракц болж баруун, зүүн жигүүр хэмээн элэн халин нисэж байсан түүх АН-д бий. “Шонхор”, “Алтангадас”, МоАН, МоАХ, “Нэг Ардчилал”, “Шинэчилье” нэрээр хуваагдчихсан байсан фракц өдгөө даль жигүүргүй болов. Зүг чиггүй болтлоо хүчээ тарамдав. Дөнгөж л бүлэг болж байсан ордон дахь ардчиллын ул мөр зөвлөл болтлоо бутарч, бүлгээс нь өрх тусгаарласан хоёр гишүүн “эр хоёр загал” шиг явсаар шинэ нам байгуулсан гунигт түүх бидний нүдэн дээр бичигдсэн юм. Ийм л нэг цацаа цалгиатай түүхийн жимд АН-ын дуу хоолой тэнгэрт ч үгүй, газарт ч үгүй болчихсон. 

2020 оны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-ынхан 11-үүлээ орж ирэв. Намын даргынхаа тамгыг С.Эрдэнэ Намын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн. Ардчилсан намын дараагийн даргын сунгаа эхлэх үү гэсэн таамагт УИХ-ын гишүүн Ц.Туваан “Орон нутгийн сонгуулийн өмнө намын даргын сонгуульт ажлыг явуулахыг дүрмэндээ хориглосон. Тиймээс нэгдсэн байр сууринд хүртлээ ямарч эцсийн шийдвэрийг өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм. Юутай ч Ардчилсан намын тамга тэмдэг С.Эрдэнэ гэх эрхмийн гараас “алдуурлаа”.

Одоо намынхаа уур амьсгалыг зөөллөх, гишүүдийнхээ гомдлыг тайлах, үзэл санааг нь нэгтгэх, эв түнжинг сахих хариуцлагатай үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан зална. Тэрбээр хэрхэн уран ухаанаар намаа эмхлэхийг АН-ын 180 мянган гишүүнээс гадна монголчууд харж байна. Тартагтай тулчихсан гомдол, цөхрөл, “идээ бээр” дотроосоо хагарч, АН-д шинэчлэлийн салхи сэвэлзэх үү, мөхлийн сүүдэрт алалцах уу гэдгийг ирэх өдрүүд харуулна. Юутай ч УИХ-ын гишүүн Ц.Тувааны онцолсноор ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиас урьтаж Ардчилсан нам дотооддоо ямар нэг бужигнаан, сонгуульт ажил өрнүүлэхгүй нь бололтой. Салхи хаашаа хамхуул тийшээ мэт нэг хэсэгтээ л аясаараа өнхрөх нь дээ.

Эцэст нь, АН алалцсаар л. МАН гар барин тэврэлдэж, танхимаа эмхлэх ажилдаа эргэлт буцалтгүй орлоо. Шинэ Засгаас ихийг хүлээсэн иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэх эрхгүйг л саначихвал У.Хүрэлсүхийн Засгийн газарт урагшлах зуу зуун боломж нээлттэй байна. Олонх гэдэг ямагт хүчтэйг одоо л харуул даа, 31 дэх Ерөнхий сайд аа.