Даваа гарагт /2020.07.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабт “ажиллалаа”. Тэрээр тосож авсан бие бүрэлдэхүүнтэй уулзах үедээ  утсаар ярьж байсан нь "цэргийн штабын ажилчдыг үл тоолоо, бүдүүлэг загналаа" гэсэн олны шүүмжлэл, дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн  дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав, Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн ерөнхий дарга, дотоодын цэргийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дотоодын  цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон Дотоодын цэргийн штабын удирдлагууд, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Болсон процессийн дүрс бичлэг сошиал орчинд бий. Хар машинд заларч ирсэн Х.Нямбаатарыг хурандаа нар тосон уулзаж, гар барихыг нь бараг л хүлээж байх юм. Сайд гар утсаар туж ярьж, халаасандаа гараа хийж нааш цааш алхална. Тэгж тэгж гар утсаа зүүн гартаа шилжүүлж бариад, ярьсан чигтээ хурандаа нартай гар барьсан болж байна. Чингээд хөмсгөө зангидаж, эрүүгээ дээш өргөөд улаан хивсээр алхаж өглөө.

Салаа цэргүүдтэй мэндлэхдээ “Амрыг эрье” биш, “Сайн байцгаана уу” гэсэн нь түүнийг цэргийн алба, ёс төр мэддэггүйг илтгэнэ. Цэргүүд “Эрхэм сайдын амрыг эрье” гэж уухайлсанд хэлэх үг нь олдсонгүйдээ хоёр хурандааг тайз руу урина. Тэд нь хөдөлсөнгүй. Ингээд “Дотоодын цэргийн штабт амжилт хүсье” гэж хэлчхээд буучихлаа.