Сошиал давлагаанд өчигдөр хоёр зүйл л хамгийн "өлөн" байлаа. Нэг нь KFC компанийн шинэ сурталчилгаа болох "Өлөн бай". Нөгөөх нь эдийн засагч Н.Батшугарын хямралын эдийн засгийг таамагласан тухай "өлөн үлгэр". Үнэндээ үлгэр өмнө нь хэзээ ч ийм өлөн байсангүй.

Эхнийх нь ч яах вэ, эрэлт нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэсэн борлуулалтын компаниуд үе, үе иймэрхүү этгээд сонин, хүн шүүмжилмээр зүйлээр реклам, пиараа хийж бусдын анхаарлыг татдаг. Өөрөөр хэлбэл өчигдрийн хувьд KFC гэдэг нэрийг хүн бүр бичиж, "Өлөн бай" гэсэн сурталчилгааг нь шейрлэж бусдад түгээж, бас хуваалцаж харагдана лээ. Тиймээс хэтэрхий өлөндүү гэмээр арга ашиглаж сурталчилгаагаа идэвхжүүлсэн ч эцсийн зорилго болсон байндаа "сум" нь туссан гэсэн үг. Харамсалтай нь амны билгээрээ ашдын жаргалаа хэмжиж суудаг монголчуудын төрөлх натур сэтгэлгээнд жаахан буусангүй зүйл боллоо. Магадгүй нь тэр нь ч хэрэг болсон байх.

Тэгвэл өчигдөр нөгөө нөхөр нь бүтэлгүйтсэн. Н.Энхбаяр даргын хүү Батшугарыг нөхөд нь жаахан "шидэх" гэсэн биш бүр доош нь хийчихлээ.

Уг нь Х.Баттулга Ерөнхийлөгчид эдийн засаг зөвлөх хэмжээнд яригдаж, Монголбанк, дэлхийн зарим том банкууд зэрэгт ажиллаж байсан түүнийг төрсөнөөс өөрцгүй хэвлэл нь ийнхүү муухай тонгорлоо. Санаа нь сайхан ч манайхан иймэрхүү үлгэрт итгэхээ болиод удаж байгаа. Нарийн ярьвал эдийн засаг мэддэг гэж өөрсдийгөө нэрлэдэг хүн бүр л коронавирус гарахтай зэрэгцээд эдийн засаг ирэх өдрүүдэд хүндэрнэ гэж байсан санагдана. Тэр ч байтугай эдийн засгийн талаар А-чгүй надад хүртэл Н.Батшугарыг таамгаа илгээхээс бараг сарын өмнө эдийн засаг хямрах юм шиг санагдаад л байсан.  Бүх улс орон хил гаалиа хаагаад эдийн засгийн гадагшаа, дотогшоо бүх урсгал нүдэн дээр л хумигдаж байсан. Энэ үнэнийг "ванга" Н.Батшугар байтугай би ч хэлсэн. Нарийн яривал мань эр зургаахан сарын өмнө "эдийн засаг эвгүйтнэ" гэж гээ биз дээ.

Яг үнэндээ мань эр нэг сарын дараа бусдынхаа санааг сайхан шүүж байгаад "таамаг"-аа туучихсан юм биш биз. Ямартаа ч иймэрхүү байдлаар улс төрд орж ирнэ гэвэл арга барил чинь буруудаад байна. Н.Энхбаяр, Н.Батшугар гэдэг хоёр хүн уг нь энэ удаагийн АН-ын авралын цагаан морьтой ханхүү нар. Гэтэл аваргууд нь иймэрхүү инээдтэй сурталчилгаа толилуулаад байхаар чинь Н.Энхбаяр байтугай АН-ын нэр хүнд  улам л шалаар нэг унаад байх юм.

Ний, нуугүй хэлэхэд "шашин төрийг хослуулан баригч" нтр гэсэн аав шигээ мангардуу пиар хийж байхаар зүгээр л мэддэг, чаддаг ажлаа хийгээд явсан нь дээр биш үү. Улсын тал эрх мэдлийг эзэлж суухдаа чадаагүй эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл, хөгжил дэвшлийг сонины тал нүүр эзэлсэн хүү нь хийнэ гэхэд туйлын хэцүүхэн харагдах юм. Их Хурлын сонгуулиар л энэ нь тодорхой байсан биз дээ.