Далайн Цэдэв нь хүнд өвчний улмаас 2021 оны 8 дугаар сарын 30-нд таалал төгсч, эмнэлэгийн салбарын хамт олон  болон түүний гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.


Д.Цэдэв нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, 1954 онд Улаанбаатар хотын 1-р арван жилийн дунд сургууль, 1959 онд Монгол улсын их сургуулийг хүний их эмчээр төгсөн Монгол улсын анхны эмч нарын нэг мөн оноос 1991 он хүртэл 30 гаруй жил Сүрьеэг эсэргүүцэх улсын төв диспансер, Сүрьеэгийн хотын диспансерт их эмч, Сүхбаатар дүүргийн Сүрьеэгийн диспансерийн эрхлэгчээр тус тус ажиллан өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа анагаах ухааны салбарт зориулан зүтгэлтэй ажилласан юм.
Тэрээр сүрьеэгийн нарийн мэргэжил эзэмшин өвчний хор уршгийг ойлгуулан таниулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдварын тохиолдлыг бууруулахад нийслэл хот төдийгүй, орон нутагт хүчин зүтгэж, амжилттай ажиллаж явсан ахмад буурал билээ.

Мөн энэ салбарт үндэсний ур чавартай нарийн мэргэжлийн эмч, ажилтнуудыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Түүний гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн Алтан гадас одон, түүхт ойн медалиудаар шагнасан байна.
Д.Цэдэвийн ажилч хичээнгүй, дайчин чанар, өгөөмөр энэрэнгүй сэтгэл, тууштай зоримог зүтгэл, түүний гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.


Түүний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.