Н.ТҮВШИНБАТ

Бид ажил, гэр, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газар, гудамж талбай гээд өдөрт хэчнээн алхам явдаг бол. Өдөр бүр ингэж алхахдаа хэчнээн шатаар гишгэж, хэдэн км замыг туулдаг вэ. Бас хэдэн хаалгаар орж, гарч, хэдэн босго, довжоог давж, автобус, автомашин гээд тээврийн хэрэгсэлд хэдэн удаа бууж суудаг бол.

Учир нь хэзээ ч явсан замынхаа шат, довжоо, хаалга үүдэнд түүртэхгүй болохоор тоолж үздэггүй, бүр анзаарах ч үгүй алхсаар л. Хэрвээ би хөгжлийн бэрхшээлтэй байсан бол энэ их шат, зам, босго довжоог яаж туулах байсан бэ. Та ингэж бодож үзсэн үү. Явж байгаа газраа анзаарч ажиж байсан уу. Эрүүл саруул бие эрхтэнтэй хүмүүсийн хувьд босго довжоо, шат хаалганд яалаа гэж ач холбогдол өгөх билээ. Харин та бидний хэзээ ч ойшоож байгаагүй энэ олон шат хөгжлийн бэрхшээлтэй хүний алхам тутамд нь саад, зарим талаар гадуурхал болсоор байна. Улсын хэмжээнд 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Нийслэлд 40 мянга орчим. Тэргэнцэртэй иргэдийн шаардлагад нийцсэн налуу шаттай барилга байгууламж хэд байдаг вэ. Танайх налуу замтай юу гэсэн асуултад олон байгууллага бүдрэхээр байна. Байгаа хэд нь стандартад нийцэхгүй гулсуур шиг эгц уруу. Уг нь нэгийг харьцах нь 12 буюу нэг метр өндөрт гарах зам нь 12 метрийн урттай байх стандарттай. Стандартаар нь хийвэл найман хэмийн налуу байх байгууламж хэд байдаг вэ. Танайх налуу замтай юу гэсэн асуултад олон байгууллага бүдрэхээр байна. Байгаа хэд нь стандартад нийцэхгүй гулсуур шиг эгц уруу. Уг нь нэгийг харьцах нь 12 буюу нэг метр өндөрт гарах зам нь 12 метрийн урттай байх стандарттай. Стандартаар нь хийвэл найман хэмийн налуу байх ёстой. 

Цаашид дэлхийн улс орнуудад нэгийг харьцах нь 16 буюу нэг метрийн өндөрт гарахад 16 метрийн урт налуу замын стандарттай болох тухай яригдаж байгаа гэнэ. Хэрэв ийм стандарттай болвол зургаан хэмийн налуугаар бусдын тусламжгүй зорчих аж. Гэтэл манайд бараг л нэгийг харьцах нь нэг буюу 45 хэмийн налуутай нь олон. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай эрүүл саруул хүн ч явахад аймшигтай.

Хүний эрхийг дээдэлсэн баруунд стандартын шаардлагад нийцэхгүй ийм зам баривал тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг хориглоно. Харин манайд “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр “гулсуур” хийчихэд л болдог. Гэхдээ дан ганц барилгын компаниудын буруу гэхээр бас өрөөсгөл. Барилга байгууламжийн гадна талбайд 12 метр урттай стандартын налуу зам барих боломжтой талбай бараг байдаггүй аж. Анхнаасаа хот төлөвлөлт, шийдвэр гаргагчдын алдаа. Тэд хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүн яаж зорчих талаар боддоггүйн илрэл. Гэхдээ байдал сайжирч байгаа юу гэвэл тийм. Юу гэхээр, 2017 оноос Хараагүйчүүдийн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан Улсын комисс баригдаж байгаа барилга байгууламжийг хүлээж авдаг болсон юм. Үүнээс хойш баригдсан барилга байгууламж стандартын дагуу биш юм аа гэхэд ядаж л “гулсууртай” болж. Харин түүнээс өмнөх нь хийж шийдэж болох ч одоог болтол стандартын замгүй байна. Нийслэлийн төв талбайг тойроход л ийм жишээ хангалттай олон. Соёлын төв өргөө гэхэд одоо болтол тэргэнцэртэй иргэн орж гарах налуу шатгүй. Ардхан талд нь байх “Туушин” зочид буудал л гэхэд тэргэнцэртэй иргэнд биш автомашинд зориулсан налуу замтай. Харин хуучны барилга хэдий ч МУИС-ийн II байр, ШУТИС-ийн I байр, УБИС, Спортын төв ордон зэрэг налуу замаа боломжийн хийсэн газар мэр сэр бий. Гэхдээ тэргэнцэртэй иргэдийн тэгш оролцоог хангасан газар нийслэлд маань тун ч ховор. Япон улсын тусламжаар барьсан 149, 75 дугаар сургуулийг эс тооцвол нийслэлийн бараг бүх дунд сургууль налуу замгүй. Нөгөө “Тэгш хамруулах боловсролын хөтөлбөр” энээ тэрээ нь чухам налуу замаас л эхтэй баймаар. Хүний эрхийг дээдэлдэг учраас баруунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад өдөр тутмын ажлаа хийхэд нь их анхаарна. Налуу зам, цахилгаан шат, зориулалтын ариун цэврийн өрөө нь стандартай. Тэнд дэлгүүр хэсэх, амралтаараа явах, үйлчилгээний газарт хүртэл тэднийг аль болох бие даан амьдрахад туслах зорилготой. Харин манайд боломжгүй. Амралт аялал байтугай хажуугийнхаа дэлгүүрт ороод гарах ч боломж олгодоггүй. Солонгостоо бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш үйлчилдэг CU, GS-25 дэлгүүр Монголд орж ирэхээрээ энэ талыг нь орхигдуулдаг бололтой. Налуу шатгүй сүлжээ дэлгүүр олон юм. 

ХААЛГА Ч БАС БЭРХШЭЭЛ ДЭЭР БЭРХШЭЭЛ

 Энэ бол бараг яригддаггүй, ярьдаггүй сэдэв. Баруунд хаалга 32 инч буюу 81 см-ээс дээш өргөнтэй байх ёстой гэсэн стандарт бий. Тэргэнцэртэй хүмүүс хаалгаар орж гарахад саадгүй, гар хөлөө цохиж бэртээхгүй хангалттай зайтай байх ёстой. Монголд 86 см-ээс дээш өргөн байх хаалганы стандарт бий. Ингэж хаалганы стандарт тогтоох нь эдгээр иргэний саадгүй явах боломжийг бүрдүүлэхээс гадна, өдөр тутмын амьдралд маш том тус хүргэж байгаа юм. Хэдийгээр хаалганы өргөн хангалттай байдаг ч хаалга нь онгойход хэцүү, хатуу нугастай, савдаг гээд хэн нэгний тусламжгүй орж гарахад хэцүү нөхцөлтэй газар олон. Гэтэл бусад оронд хаалганы хүчдэл ч стандартай. Харин манайд энэ олон барилгын хаалга бэрхшээл дээр бэрхшээл болно. Түүнээс гадна хаалганы босго 2.5 см-ээс өндөргүй байх стандарттай ч худалч хүнд автозамын хашлага шиг босготой газар цөөнгүй. Гэрлийн унтраалга хүртэл тэргэнцэртэй хүн, хүүхэд хүрэх хэмжээнд байх ёстой. 

ХҮНЛЭГ БУС НИЙТИЙН ТЭЭВЭР

 Улаанбаатарт 35589 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. (2018 оны статистикийн мэдээ) Харин тэдэнд зоиулсан тээврийн хэрэгсэл байхгүй. Хувь, хувьсгал аль нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобус оруулж ирдэггүй. Уг нь тэргэнцэртэй иргэн орох зориулалтын өргөгчтэй 80 орчим автобус нийслэлд явдаг гэх ч үнэндээ тав, зургаа нь л үйлчилгээнд яваа гэнэ. Гэхдээ би л хувьдаа ганцыг ч олж хараагүй. Уншигч та өргөгчтэй автобус харсан уу. Автобусны өргөгч нь 20 секундэд гарч, хүнээ суулгаад 20 секунд зарцуулж хураадаг байна. Гэтэл автобусыг нэг буудалд гурван минут зогсож хөдлөх шаардлага тавьдаг болохоор өргөгчөө ашигладаггүйгээс бараг бүгдийнх нь эвдэрч гацсан гэнэ. Нийтийн тээврээр зорчиж чадахгүй болохоор автомашинаар явна. Харин автомашины зогсоол байхгүй бас л бэрхшээл. Саяхан Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, ШӨХТГ хамтраад, НИТХ-д илтгэл тавьжээ. Илтгэлийн агуулга нь зогсоол. Хэрэв тэдний тавьсан санал хэрэгжвэл түргэн тусламж, гал унтраах ангийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолд машинаа байршуулбал 25 дахин үржүүлсэн торгууль тавих нь. 

ӨРХИЙН ЭМНЭЛЭГ Ч ӨӨРӨӨ БЭРХШЭЭЛ 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд групээ сунгуулахдаа өрхийн эмнэлэгтээ үзүүлж, дэвтэр дээрээ бичүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл өрхийн эмнэлгүүд бүгд налуу замгүй нэг стандартаар баригдсан байдаг. Яаж ийж хүнээр өргүүлээд орлоо ч дотор талдаа лифтгүй эмч нь хоёр давхарт суудаг гэнэ. Тэгэхээр өрхийн эмнэлэг ч бэрхшээл дээр бэрхшээл. Нэг танил маань “20 жил тэргэнцэр дээр суулаа, өрхийн эмнэлэгтээ ганц ч орж үзээгүй. Гадаа нь очоод дэвтрээ өгч оруулаад бичүүлдэг” гэв. Дэлхий нийтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй гэсэн уриатай болоод байна. Аман дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэх ч ачир дээрээ олон асуудал шийдэгдэхгүй байсаар байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН