-ТЭД МОНГОЛЫГ ГОЁ ХАРАГДУУЛЖ ЧАДЛАА-

Манайхаан бүгдээрээ энэ удаад МАХН-ынхныг муулахаа больцгооё, тэгэх үү.  Учир нь энэ удаад тэд ус бус тус хийлээ. Тэдний ач тусаар Монгол Улс жинхэнэ утгаараа ардчилсан орон болох нь дэлхий нийтэд  “илчлэгдчихлээ” шүү дээ. Хэрэв тэд байгаагүй бол Монгол Улс Ардчиллын төлөөх парламентчдын форумын төлөөлөгчдөд хачин жигтэй сэтгэгдэл төрүүлж мэдэх л байсан байх. “Энэ бүх гоё юмны цаана юу байгаад байна аа. Нууц байна уу, үгүй юу” гээд л.

Гудамж талбай  цэвэрхэн нь цаанаа л нэг өөгүй, гоё. Гудамжаар алхах хүмүүс нь цаанаа л нэг ганган, хөөрхөн. Замаар хөлхөх машинууд нэг өдөр нь дандаа тэгш тоотой дугаартай болоод л, нөгөө өдөр нь сондгой тоотой болчихно. Замын хөдөлгөөн энэ тэр гэж хачин сайхан. Барьж байгаа барилгыг нь харахаар бас л сайхан. Яаж ийм гоё цэвэр цэмцгэр ажилладаг юм бэ гэмээр. Эргэн тойрных нь талбай эл хуль, бүртийх ч хоггүй. 

 

Магадгүй энэ бүх гоё, сайхан эргээд Ардчиллын төлөөх парламентчдын форумын төлөөлөгчдөд төр засаг нь ардчилсан удирдлагатай хэрнээ нийгмийн зохион байгуулалт нь хагас ардчилалтай мэт сэтгэгдэл төрүүлж мэдэх л байв. Ядахад уг форумын төлөөлөгчдийн онцгой анхаарал хандуулсан “Хэвлэлийн эрх чөлөө байна уу” гэх асуултын хариу нь бас л хэтэрхий зохион байгуулалттай болж хувирсан гэж байгаа. Төлөөлөгчидтэй уулзаж асуулт асуух, ярилцах бүхэн журмаар зохицуулагдсан бөгөөд ямар нэгэн байдлаар тухайн сэтгүүлч өөрийн овсгоо самбаагаар мэдээлэл олж, ярилцлага хийсэн тохиолдолд сурвалжлах эрхээ хасуулах учиртай. Телевизийн зураглаачдад таван минутын дүрс авах эрх олгосон бол сонины зурагчдад худалч хүнд нэг кадр дарах боломж олгосон. Ингэж бодохоор дэлхийн мянга гаруй ардчиллын элчид энэ бүх эмх цэгц, эрэмбэ дараа бүхэн эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн байх магадлалтай юм.

Тиймээс л МАХН-ынхан гарч ирж жагссанд баярлаад ханашгүй нь. Энэ удаад тэднийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраа өмгөөлснийг нь тоохоо больё. Хууль бус эрх ашгийн эсрэг хууль ёсны мэт жагсч, цуглаж байгааг нь ч мартая. Гол нь тэд “Монгол Улс жинхэнэ утгаараа ардчилсан улс мөн” гэсэн гайхалтай сайхан тодорхойлолтыг дэлхий нийтэд өөрсдийн биеэр өглөө шүү дээ. Ингэхдээ нэг бус гурвын гурван хоног гээд бодоод үз л дээ. Тэд Монголыг гоё харагдуулж чадлаа.

Энэ талаар нь Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис “Тэднийг хараад Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх бодитоор байгаа юм байна гэдгийг ойлгож мэдэрлээ. Ардчилсан нийгэмд та юуг илэрхийлж, юуны төлөө эсэргүүцэж байгаа нь гол бус. Харин тэрхүү санаа бодлоо илэрхийлж чадаж байна гэдэг нь чухал юм” хэмээсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмний нэг ололт бол нээлттэй байдал. Бид сүүдрээ нуудаггүй... Хуралд ирсэн төлөөлөгчид Монгол Улсыг ардчиллын амьд үлгэр жишээ болохыг, байгаа байдлыг л харна” гэсэн.

Үнэхээр ч бодит байдлыг харууллаа. Бодитоор жагсч цуглах эрхтэй гэдгийг нь мэдрүүллээ. Иймд Монголын ардчиллыг дэлхий нийтэд сурталчилж, бодит утгаар нь таньж мэдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан “МАХН-ынхандаа баярлалаа” гэж хэлцгээе. Тэд байгаагүй бол бид нэг л худлаа “ГОЁ”-оор дурсагдах ч байсан юм бил үү хэн мэдлээ. МАХН-ынхандаа баярлалаа. Маргааш дахиад жагсаарай.

 

Г.Отгонжаргал