Улсын нийслэл Улаанбаатар хот Утаанбаатар болоод удаж байна. Өвлийн улиралд цэнгэг агаараар амьсгалах нь байтугай өвлийн агаар ямар байдаг билээ гэдгээ ч мартаад удаж буй.

Тиймээс утаанаасаа салахыг хүссэн нийслэлчүүд өнгөрсөн жил нийслэлийг Э.Бат-Үүл баатраар ахлуулсан багт шилжүүлсэн. Гэр хорооллыг хаус хороолол болгож, нийслэлчүүдийг цэнгэг агаар, тав тухтай орчинд амьдруулах түүний хөтөлбөр таалагдсан хэрэг.

Гэвч эрх мэдлийг гартаа авсан Э.Бат-Үүл дарга бүтэн жил Гэр хорооллын дахин төлөвлөлт ярьж явсаар өвөл болж, утаан дунд амьдарна гэдгээ тас мартсан бололтой. Түүний амнаас утаатай тэмцэх талаар нэг ч үг унасангүй. Жил бүр л утаатай хэрхэн тэмцэх талаар ам мэдэн ярьдаг хүмүүс энэ жил ганц үг ганхийхгүй байгаагаас харахад Улаанбаатарын утаа арилчихсан юм болов уу гэж бодмоор. Гэхдээ л хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ үед гэр хорооллынхон нүүрсээ түлээд эхэлчихсэн болохоор утааны аюул ч эхэлж байх шиг.

Угтаа агаарын бохирдлыг бууруулах ажил нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг төсөвлөж, зарцуулж байсан. Сайжруулсан зуух, утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдол одоогийнхоос 50-60 хувиар буурна гэж урьдчилан тооцоолжээ. Өмнөх Засгийн газрын үед “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар 18,2 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч ердөө бүтэмжтэй яваа нь утаагүй зуухаар хангах. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хоёр жилийн өмнөөс гэр хорооллын айл өрхийг утаагүй зуухаар болон боловсруулсан түлшээр хангах ажил эхэлсэн. Нийслэлийн гэр хороололд 190 гаруй мянган айл өрх байдаг гэсэн судалгаа бий. Одоогийн байдлаар тэдний 120 мянга нь утаагүй зууханд хамрагдсан байна. Харин энэ жилийн тухайд 15 хороо буюу 45 мянган айлыг утаагүй зуухаар хангана гэсэн мэдээлэл бий. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын иргэд утаагүй зуухаар бүрэн хангагдана гэж байгаа. 

Харамсалтай нь боловсруулсан түлшээр иргэдийг хангах ажил бараг хийгдээгүй гэж хэлж болно. Учир нь “ТЭЦ-2” компанид түшиглэн боловсруулсан түлшний үйлдвэр барьж, түүнээс гарсан бүтээгдэхүүнээр нэг ёсондоо боловсруулсан түлшээр иргэдээ хангана хэмээж байсан ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж байснаар гэр хорооллын айл өрхүүд утаагүй зуухандаа боловсруулсан түлш түлвэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж байсан. Гэвч бодит үнэн гэвэл тэрхүү боловсруулсан түлшний үйлдвэр энэ жил байтугай цаашдаа ашиглалтад орох эсэх нь бүрхэг байна. Тэгэхээр гэр хорооллын иргэд боловсруулсан түлш биш түүхий нүүрсээ түлэх нь тодорхой. 
Өнгөрсөн жил боловсруулсан түлш гаргаж чадаагүй хэмээн “ТЭЦ-2”-ыг буруутгаад өнгөрсөн. Харин энэ жил хэнд буруугаа тохох вэ. 

 

Н.БУДСҮРЭН