Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны ажлын албан ёсны нээлт болж, судлаач тоологч нар ажлаа эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, судалгааны ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяр болон хороодын ажлын хэсэг, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох зорилгын дагуу өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны бэлтгэл ажлын хүрээнд 279 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дүүргийн хэмжээнд мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хороодыг хэсгүүдээр нь өрхийн жагсаалт, газрын зураг бэлтгэх ажлыг дуусгаж, нийт 20 хорооны 30883 өрхийн жагсаалт бэлтгэж, 206 хэсгийн газрын зургийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгийн 18 гишүүн, судалгааны багийн 42 ахлагч, судлаач-тоологч 206, мэдээлэл шивэгч 9, 3 жолоочийн хамт ажилдаа гарлаа.

Нээлтийн үеэр дүүргийн удирдлагууд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохын ач холбогдлыг дурдаад, дүүргийн 7 дугаар хорооны иргэн Б.Цэнгэлбаяр гуайнхаар судлаач тоологч нартай хамтдаа орж, нийт иргэддээ судалгаандаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа.