Нийслэлийн удирдлагууд сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байгаа юм.

Сурагчдын эцэг эхүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байгаа аж. Харин аав, ээжийг нь эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийжээ. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол тухайн байгууллагын удирдлагад хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулах аж.  Хүүхэд, багачуудаа аливаа гэмт хэрэг халдлагаас хамгаалахад төр захиргаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байна.

Х.Даваа