Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга, хурган дарга, ахлах мэргэжилтнүүд нэгдэж байгаад үнэгүй тараагдах учиртай хоёр номыг тус бүр нь 100 000 төгрөгөөр үнэлэн зарж, улсын төсөвт төвлөрүүлдэггүй хувьдаа завшдаг байж магадгүй үйлдэл өнөөдөр Засгийн газар, АТГ-ын анхаарлын төвд ороод байна. Тодруулбал, Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, Стандарт, тохирлын үнэлгээ, бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“, Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар Монгол улсын стандарт гэсэн хоёр номыг хэвлүүлж, итгэмжлэгдэх гэж байгаа байгуулагуудад хүчээр худалдаалж хувьдаа ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй юм.

Европын Холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж буй төслийн хүрээнд таны харж байгаа дээрх хоёр номыг анх 2016 онд 300 ширхэгийг хэвлүүлсэн байдаг. Ингэхдээ бүх төсөв, зардлыг Европын холбооноос гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд хэвлэгдсэн ном үнэгүй тараагдах ёстой атал Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, Стандарт, тохирлын үнэлгээ, бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар стандарт сунгуулж байгаа болон шинээр авч байгаа ААН-үүдэд “шахаж” нэг бүрийг нь 100 000 төгрөг буюу нийт 200 000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Төслийн хүрээнд хэвлэгдсэн 300 ширхэг ном дуусахад  дахин хэвлүүлэхдээ хувиасаа мөнгө гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хамгийн гол нь 300 ширхэг номыг зарсан 60 сая төгрөг тус газрын дансанд ордоггүй бөгөөд үүн дээр л  дарга, даамлууд “нугалаа” гаргаж байгаа гэнэ. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрөөс тодруулсан байгаа.

-Танай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл УИХ-ын нэр бүхий гишүүд болон АТГ-д очсон. Байгууллагын үйл ажиллагаа доголдсон, Олон улсын төсөл хөтөлбөртэй холбоотой мөнгө төгрөгний асуудал гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөөч?

- Тийм юм ерөөсөө огт байхгүй. Зарим нэгэн хүн ажлын хариуцлага алдсан юм байгаа. Тэр хариуцлага алдсан хүнийг төрийн албаны хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлээд, хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тэр ажилтан бол энэ хүмүүсийг маш их гүтгэсэн. Доромжилсон нэр төрийг нь гутаасан юм зөндөө байгаа. Тэрийг хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулж байгаа. Тэгэхээр тэр тийм их байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх асуудал байхгүй. Төрийн албаныхаа хуулийн дагуу бүх юм явж байгаа” гэдгийг тэрбээр хэлэв.

Зарах ёсгүй, үнэгүй тараагдах учиртай дээрх хоёр номыг худалдан авсан ААН бүрт Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг ахлах мэргэжилтэн Ж.Мөнхбат нь СХЗГ-ын санхүүгийн тамгатай, өөрсдийн гарын үсэгтэй  нэхэмжлэх, бэлэн мөнгөний баримтыг өгдөг бөгөөд СХЗГ-ын дансанд ганц төгрөг оруудалгүй бүх мөнгийг дээрх нэр бүхий хүмүүс хувьдаа авдаг байна.  

 

 

Бүхэл бүтэн байгууллагын тамга тэмдэгтэй, хүн өгсөн авсан нь тодорхой байхад Стандарт, хэмжил зүйн газрын дансанд мөнгө ордоггүй нь тус газар санхүүгийн хоёр тамгатайд хамаг учир оршиж байгаа юм.

Байгууллага нэг битгий хэл нилээн хэдэн санхүүгийн тамгатай байж болно. Гэхдээ хоёр тамгатай болохоор ном зарсан мөнгөө бэлнээр авдаг байсан аж. Эсвэл ном зарсан мөнгийг хувийн данс, СХЗГ бус өөр  аль нэг байгууллагын дансаар дамжуулан авдаг байх магадлалтай болж таарч байгаа юм.

СХЗГ-ын дарга, газрын дарга, ахлах мэргэжилтнүүд холбогдсон энэ хэргийн уршгаар улсад тушаагдах ёстой байсан 60 сая төгрөг /300 ширхэг ном*200 000 төгрөг/одоогоор тушаагдаагүй дээрх нэр бүхий хүмүүст очоод байна. 60 сая гэдэг бол  хамгийн бага үнийн дүн. Өөрөөр хэлбэл тус газар 300 ном дуусаад дахин хэвлүүлсэн гэхээр улсад хамгийн багадаа 60 сая төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Тэгэхээр энэ үнийн дүн цаашид өснө гэсэн үг.

Энэ бол Стандарт, хэмжил зүйн газрын дарга, хурган дарга нарын “нугалаа” гаргаж байгаа дөнгөж нэг жишээ бөгөөд бид олон баримтыг цувралаар дэлгэх болно.

А.Баярмаа