“Далан давхар”-ын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн жилүүдэд багагүй яригдсан. Тэгвэл өнгөрөгч мягмар гаригаас эхлэн тус газрыг нүүлгэх ажил эхэлсэн байна. 

Улаанбаатар хотын Захирагчийн албанаас мэдээлэхдээ,  Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах, 21392 айл өрхийг 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх, техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй 110/10 кВ-ын 2х40 мВА чадал бүхий “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа учраас ийнхүү нүүлгэх ажил эхэлсэн хэмээн хэллээ. Ингэхдээ бүх шарилуудыг нүүлгэхгүй бөгөөд зөвхөн барилга барих зурвас болох 100х160 хэмжээний газарт байх шарилуудыг л чандарлах юм байна. Шарилуудыг нүүлгэн шилжүүлэхдээ нээлттэй зар явуулж ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвшөөрөл авсан байна.

Гэсэн хэдий ч чулуу нь эвдэрч нэр хаяггүй болсон, тоногдсон олон шарил байгаа тул ар гэртэй нь холбогдож чадаагүй ажээ. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр ухуулан шарилыг нь чандарлаж суваргад залах ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Мөн тус газарт хятад иргэдийн шарил байдаг тул БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандаад байгаа юм байна.