Р.Ганжуур: “ДЦС-4” гэж өөрийгөө яая гэсэн станц дээр “ДЦС-3”-ын ачааллыг нэмэх нь байж боломгүй асуудал
2 цагийн өмнө
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Хавар манай “ДЦС-3”-д том осол гарсан. Тэгвэл одоогийн эрчим хүчний бодит нөхцөл байдал болон өвлийн бэлтгэл ажил ямар байгаа вэ?
-“ДЦС-3”-д 50 МВт-ын турбиныг дахин засах боломжгүй болтол эвдсэн том аваар гарсан. Мөн эрдэнэт хүний амь насыг авч одсон харамсалтай осол гарсныг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс энэ талаар яриад яах вэ. Харин одоогийн манай эрчим хүчний бодит нөхцөл байдал ямар байгаа талаар ярья. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлыг их ярьж байна. Мөн үүнийг Засгийн газар авч хэлэлцээд явж байгаа. Өчигдөр өвлийн бэлтгэл ажил 64 хувьтай буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар илүү сайн үзүүлэлттэй байгаа гэж ярьж байна лээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үеэс бид өвөлдөө илүү сайн бэлтгэлтэй байна гэж ойлгогдохоор яриад байгаа юм. Энгийн хүмүүс энэ үлгэрт итгэж магадгүй. Гэхдээ эрчим хүчний инженерүүд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл “ДЦС-3” дээр том осолавааригарсан. Энэ нь Улаанбаатар хотын, ялангуяа дулаан хангамжид маш ноцтой байдал үүсгэсэн гэсэн үг. Тиймээс эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил өнгөрсөн онтой харьцуулахад маш хүнд байдалд байгаа. Тэгэхэд энэ жил өнгөрсөн оноос илүү сайн үзүүлэлттэй байгаа гэж иргэдийг хуураад байна. Ийм ноцтой асуудлаар худал ярьж болохгүй. Хэрвээ өвөл Улаанбаатар хот хөлдөж, цахилгаан дулааны хангамж тасалдвал хариуцлагыг нь эрхэм сайд Б.Чойжилсүрэн хүлээх ёстой. “ДЦС-3”-д осол гарснаас үүдэн 100Гкал\цаг дулааны дутагдал гарч байгаа. Гэтэл энэ 100Гкал/цаг дулааны- 50 Гкал/цаг -ийг нь Улаанбаатар “ДЦС-4” болон Амгалангийн дулааны станцад шилжүүлнэ. Тиймээс өвөл дулааны хангамж тасалдахгүй. Та бүхэн санаа зоволтгүй гэж яриад байгаа юм. Яаж ингэж ярьж чадаж байна аа.
-“ДЦС-3”-ын аваариас үүссэн дулааны ачааллыг “ДЦС-3” болон Амгалангийн дулааны станц руу шилжүүлэх боломжгүй гэсэн үг үү?
-Шилжүүлж болно. Гэхдээ би мэргэжлийн хүний хувьд итгэхгүй байна. “ДЦС-4” найман зуух, долоон турбинтай. Өнгөрсөн өвөл найман зуух, долоон турбин бүгд ажилласан. Ямар ч бэлтгэл байхгүй. Арай ядан өнгөрсөн өвлийн их ачааллыг давсан. Гэтэл энэ жил дахиад цахилгаан дулааны ачаалал нэмэгдэж ирнэ гэж бодохоор дөрөвдүгээр цахилгаан станцад үүнийг даах чадал байхгүй. Бодит нөхцөл байдал ийм байхад “ДЦС-4”-өөс дулаан аваад шилжүүлнэ, схемийг нь хийчихсэн байгаа гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ингэж худал ярьж олон нийтийг төөрөгдүүлж болохгүй.
Би бол үнэхээр итгэхгүй байна. “ДЦС-4” чинь өөрөө маш хүн нөхцөлд ажиллаж байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд өөрийгөө яая даа гэж яваа станц шүү дээ. Өнгөрсөн өвөл бүх зуух, турбин нь ажилласан. Нэмээд ямар ч бэлтгэл, тоноглол байхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад арай ядан нэг жилийг давж байхад энэ жил дахиад “ДЦС-3”-ын ачааллыг өгнө гэж яаж бодож чадаж байна аа. Энэ бол байж боломгүй асуудал. Хэрэв “ДЦС-4”-ийн ес дэх зуухыг барьчихсан байсан бол энэ асуудлыг шийдэж болох байсан. Энэ есдүгээр зуухны талаар сүүлийн гурван жил ярьж байгаа. Уг нь энэ зуухны санхүүжилтийн асуудлыг шийдээд өгөх ёстой байсан юм. Хөгжлийн банкнаас зардлыг гаргаж болох л байсан. Үүнийг эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хөөцөлдөж шийдэх ёстой байв. Гэтэл Б.Чойжилсүрэн 2022 онд Эрчим хүчний яамны сайд болсноос хойш бүтэн гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “ДЦС-4”-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь битгий хэл хойшлуулж, шалтаг хэлсээр яваа.
-Амгалангийн дулааны станц энэ ачааллыг авах боломжгүй юу?
-Монголчууд бүгд Амгалангийн дулааны станц жил бүр доголддог гэдгийг мэднэ. Энэ жил доголдохгүй байх баталгаа байхгүй. Жил бүр доголддог станц өөр дээрээ дахин ачаалал авах нь маш эрсдэлтэй. Тиймээс энэ арга нь баталгаатай, нотолгоотой биш шүү гэдгийг хэлмээр байна. Үүнийг цаасан дээр зураад ярьж болно. Гэвч өвлийн эрчим хүчний нөхцөл байдал үнэхээр өөр хүнд болж болзошгүй байна. Гэтэл үүнийг маш амархан шийдэж болох асуудал шиг яриад буй нь өөрөө асуудал болж байна.
-Өвлийн бэлтгэл ажил 64 хувьтай явж байна гэж яриад байгаа. Ер нь өвлийн бэлтгэл ажил гэж юу юм бэ?
-Үндсэн ба туслах тоноглолуудын их, бага, дунд завсарын ажлууд байдаг. Энэ засварын ажлуудыг хийхэд юу хэрэгтэй вэ гэвэл мөнгө. Харин энэ мөнгө нь байхгүй. Жишээлбэл, саяхан Эрдэнэт хотын цахилгаан станцын турбиныг ”Эрчим маш” гэдэг ззасварын компани хийсэн. Энэ компанийн гүйцэтгэх захирал Б.Ганбаатар хэлэхдээ манайх засвараа хийчихээд байхад мөнгөө өгөхгүй байгаа. Хэзээ өгөх вэ гэхээр намраас өгч магадгүй гэж хэлэх жишээтэй. Үүнтэй адилхан байдалд бусад цахилгаан станцуудад ч байгаа. Мөнгө төгрөг хүрэлцэхгүй байхад эрхэм сайд Увс аймгийн 100 жилд гурав хоног шоу хийхийн тулд стадионыг гэрэлтүүлэхийн тулд хоёр тэрбум төгрөгийг эрчим хүчний сайдын багцаасаа гаргаж өгсөн. Өөрөө ч үүнийгээ маш бахархалтайгаар ярьсан шүү дээ. Үүнийг Монголын бүх хүн сонссон. Маргааш нь өөрийгөө тухайн үед нойрмог, ядарчихсан байсан гэж зөвтгөсөн. Тэгээд одоо өвөл ямар ч асуудал үүсэхгүй, өнгөрсөн жилээс илүү сайн байгаа гэж завхарсан худал зүйл ярьсаар байна. Түүний оронд уучлаарай, би эрчим хүчний салбарын мөнгийг өөр зүйлд зарцуулчихсан, та нар лаа, чүдэнзээ бэлдээрэй гээд шулуухан хэлэх хэрэгтэй. Тэгвэл монголчууд лаа чүдэнзээ бэлдэнэ. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг эрчим хүчний нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл хангамж сайн байгаа гэж би бодохгүй байна.
-Өнгөрсөн ням гаригт эрчим хүчний ажиллагсдын баярын өдөр тохиов уу?
-Манай эрчим хүчний ажиллагсад жилийн 365 хоног халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, нойр, хоолоо хасан, цаг наргүй ажилладаг. Эрчим хүчинд ажиллах нь амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж ажиллаж байна гэсэн үг. Тиймээс энэ хүмүүсийн баярыг жилдээ ганц удаа тэдэглээд өгч болно биз дээ. Гэтэл энэ жил тэмдэглэж өгөөгүй. Анх 1982 онд тухайн үеийн түлш эрчим хүчний сайд П.Очирбат гуай энэ баярыг санаачилсан юм. Энэхүү баярыг наймдугаар сарын гуравдугаар долоо хоногийн бүтэн сайн өдөр хийж байя. Ингэвэл өвлийн бэлтгэл ажлыг хангахад ажилчид илүү урам зоригтой байна гэх үүднээс тэмдэглэдэг байсан юм.
Түүнээс хойш үе үеийн сайд нар тэмдэглэж ирсэн. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд тоож ч хараагүй. Санхүүжилт байхгүй гэдэг шалтаг тоочно. Харин энэ хүний толгойд Увс аймгийн 100 жил бүтэн жил явсан юм билээ.
А.ДАВААДуЛАм
Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN SEKSDI80955877BOOB XXN VANXANI SEXSEER