“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”
3 цагийн өмнө
Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” шийдвэр гаргасан байдаг. Улмаар 2018 оны тавдугаар сарын 10-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хуралдаж, “Таван толгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулж байв.
Тэр цагаас хойш Монгол Улс түүхэндээ анх удаа шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн айл өрхөд нийлүүлж эхэлсэн юм.
Шахмал түлшний гол түүхий эд болох нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийлүүлж, бусад орц найрлага, түлшний шуудайгаа хүртэл урд хөршөөс экспортолж байсан. Говийн бүсээс нүүрсээ, төмөр зам болон автозамаар зөөж, хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, Улаанбаатарыг утаагүй болгох гэж өрнөсөн ажлууд гэвэл зөндөө. Гэхдээ Улаанбаатар утаагүй болж, “Тавантолгой түлш” ХХК түүхэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүйн дээр хөрөнгө санхүү, төсөв мөнгөтэй холбоотой олон асуудал энэ үйлдвэр дээр яригддаг.
Тэр бүхэн нь шийдэгдэхгүй, цэг хатгагдахгүй явсаар долоон жил үйл ажиллагаа явуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр “хаалгаа барьж” байна. Энэ өвлөөс эхлэн нийслэлийн гэр хорооллын айл, өрх цэвэр экспортын түлш хэрэглэхээр бэлтгэл базааж буй билээ. Үүнтэй зэрэгцээд “Тавантолгой түлш” ХХК-ийн өмчлөлийн асуудал яригдаж эхлээд байна. “Тавантолгой түлш” ХХК-ийг Нийслэлийн өмчид шилжүүлэхээр холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргачихсан. Гэвч тус үйлдвэрийн хуримтлагдсан өрийг хэн, хэрхэн дарж, барагдуулах вэ гэдэг нь тодорхой болоогүй байна. Нийслэлийн зүгээс өртэй компани хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
“Тавантолгой түлш” ХХК-ийн өр 1.5 их наядад хүрчээ
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК шахмал түлшнээс гадна нэлээд их хэмжээний өр “үйлдвэрлэж” хуримтлуулжээ. Хамгийн сүүлийн буюу 2024 оны аудитын байгууллагын тайлан мэдээгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн өр 1.5 их наядад хүрсэн байна. Энэ нь ойролцоогоор 418 сая ам.доллар гэсэн үг. Удахгүй нийслэлээс “Тавдугаар цахилгаан станц” барих тендерийг зарлах гэж байна. 1.3 тэрбум ам.доллароор цахилгаан станцтай болох тооцоо гарсан.
Тэгвэл одоогийн “Тавантолгой түлш” ХХК-ийн өр “Тавдугаар цахилгаан станц” барих өртгийн даруй 40 хувьд нь хүрчээ. 1.5 их наяд бол нэг том цахилгаан станцын гуравны нэг, эсвэл нэг том хурдны зам, 7–8 эмнэлэг, 50 сургууль, 300 цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалт зэргийг бодитоор хийж болох хэмжээний хөрөнгө юм.
Нүүрсээр барагдуулах гэрээ нь “өр” тооцогдох шалтгаан болсон уу?
Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн сүүлийн гурван жилийн тайланд аудитын байгууллага шалгалт хийж ямар дүгнэлт гаргасныг хүргэе.
Үндэсний аудитын газрын 2022 оны тайланд “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой хэд хэдэн зөрчил, санхүүгийн асуудлуудыг онцолсон байна. “ Тавантолгой түлш” нийт 462.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018–2022 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар, “Тавантолгой түлш” ХХК-ийг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрт нийт 462.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Нүүрсээр барагдуулах гэрээ буюу “Тавантолгой түлш” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан нүүрсээр барагдуулах гэрээний хүрээнд санхүүжилт авсан бөгөөд энэ гэрээтэй холбоотой зөрчил илэрсэн гэдгийг мөн дурьджээ.
Гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй. Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу, гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлтэй гэж үзжээ. Улмаар үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж холбогдох нотлох баримтыг Улсын прокурорын байгууллагад шилжүүлсэн мэдээлэл байгаа юм.
Нүүрсээр барагдуулах гэрээ гэдэг нь “Тавантолгой түлш” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд байгуулсан, санхүүжилт, бараа үйлчилгээний төлбөрийг мөнгөний оронд нүүрсээр барагдуулах хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” компани түлш үйлдвэрлэхэд санхүүгийн эх үүсвэр дутмаг байсан тул “Эрдэнэс Тавантолгой”-гоос түүхий нүүрс авахад мөнгө төлөхийн оронд нүүрсээр барагдуулах гэрээ байгуулсан.
Энэ гэрээ нь мөнгөний урсгалыг шууд гаргахгүйгээр, үйлдвэрлэлийн түүхий эдээ нүүрсээр нөхөх замаар компанийн өрийг хөнгөвчлөх зорилготой. Улмаар үйл ажиллагаа тасалдалгүй явагдах, нүүрс нийлүүлэлтэд мөнгөний дарамт багасах, санхүүгийн урсгалыг түр хойшлуулах боломжтой. Гэвч гэрээний хэрэгжилтэд хяналт сул байвал зөрчил, алдагдал үүсэх эрсдэлтэй. Үр ашиггүй ашиглалт, эсвэл эрх мэдлээ урвуулан ашиглах боломж гардаг. Үндэсний аудитын тайланд дурдсанаар, зарим тохиолдолд гэрээний хэрэгжилт зөрчилтэй, зарцуулалтын тайлан хяналтгүй байжээ. Энэ агуулгыг хөөж харвал “Тавантолгой түлш” ХХК-ийн 1.5 их наяд төгрөгийн өрийн тодорхой хэсэг нь энэ гэрээтэй холбоотой байж болох юм.
Аудит: Хэт үрэлгэн худалдан авалт хийсэн зэрэг нь алдагдалд нөлөөлж байна
2023 оны байдлаар “Тавантолгой Түлш” ХХК-ийн нийт өрийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 957.1 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжилт эзэлж байна. Энэ өрийн дийлэнх хэсгийг 15 гэрээний үндсэн дээр нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж байгаа юм.
Гэвч компанийн санхүүгийн тайлангаас харахад, төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчлүүд илэрсэн байна. Мөн энэ үеэс тус компанийг нийслэлийн эзэмшилд шилжүүлэх асуудал яригдаж эхэлсэн юм.
Тодруулбал, 1.2 их наяд төгрөгийн өр төлбөрийг нийслэл барагдуулахаар яригдаж байгааг тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Ганбат мэдээлсэн. Тэрээр “1.2 их наядын өр төлбөр Улаанбаатар хот руу шилжинэ. Үүнийг нийслэл хоорондоо тохиролцож төлөх эсэхийг шийдвэрлэх юм билээ. Асуудал нь, “Таван толгой түлш” ХХК цаашид мөнхийн татаастай хэвээр байх уу, ашигтай ажиллах юм уу гэдэг нь асуудал байгаа юм. Улаанбаатарын утааны асуудалд Нийслэл хот л онцгой анхаарч ажлаа зохион байгуулж байсан.
Гэвч анхнаасаа буруу ажилласан нь “Тавантолгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяа учраас хотын утаанд санаа тавих ёстой схем зурагдсан.
Учир нь мөнгө, хөрөнгө санхүүжилттэй холбоотой. 2018 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК харьяа “Тавантолгой түлш” ХХК-г санхүүжүүлснээс хойш 1.2 их наяд төгрөгийг татаасаар өгсөн. Жилд 300 тэрбум төгрөг.Иймээс цаашид зөв голдиролд нь оруулахын тулд утааны асуудлыг нийслэл Улаанбаатар хот онцгой анхаарах ёстой гэх утгаар “Тавантолгой түлш” ХХК-г нийслэлийн өмч рүү шилжүүлнэ” гэжээ. Гэсэн ч 1.2 их наяд төгрөгийн өртэй “Тавантолгой түлш” ХХК-г нийслэл хүлээж аваагүй. Өр төлбөрийн асуудлыг шийдсэний дараа хүлээж авахаар тохиролцсон гэх мэдээлэл байгаа юм.
Санхүүгийн зөрчилтэй гэрээнүүд
“Тавантолгой” түлш ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланд нийт 81.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 80 орчим хувь нь тендерийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил байсан гэж Үндэсний аудитын газар мэдээлжээ. Түүнчлэн, компанийн санхүүгийн тайланд 15 гэрээний үндсэн дээр 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт авсан боловч эргэн төлөлт хийгдээгүй, зарцуулалт нь зориулалтын бус байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Эдгээр зөрчлүүд нь компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж, хуримтлагдсан алдагдалтай ажиллахад хүргэсэн гэж Үндэсний аудитын газар үзжээ. Ерөнхий аудитор Д.Загджав энэ талаар “Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 1.214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1.067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна” гэжээ.
1. “Тавантолгой түлш” ХХК-ийн захиалгаар 2021 онд Майн дата ХХК-ийн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн Т/2113-09 дугаар дүгнэлтээр батлуулсан, жилд 2.2 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай 32,850.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-д хөндлөнгийн шинжээчийн гар гасан дүгнэлтээр үр ашиггүй, хийсэн тооцоо судалгаа бодитой бус гэж үнэлэгдсэн.
2. Баяжуулах болон коксын үйлдвэр байгуулах, хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ЭТТ2022/83, ЭТТ-2022/502 дугаартай хоёр гэрээний 16 багц ажлын хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй 115.5 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан. Ихэнх гэрээний хугацаа дууссан ажлын гүйцэтгэл бүрэн хангагдаагүй.
3. “Майн дата” ХХКийн 2021 онд боловсруулсан ТЭЗҮ-г сайжруулах, тодотгох арга хэмжээ авалгүйгээр дахин ТЭЗҮ боловсруулах 21.2 тэрбум төгрөгийн ЭТТ-2022/502 дугаартай санхүүжилтийн гэрээг 2022 онд нэмж байгуулан дахин ТЭЗҮ боловсруулахаар гэрээ байгуулсан.
Үүнээс гадна ЭТТ2022/83, ЭТТ-2022/502 дугаартай санхүүжилтийн гэрээгээр хийх ажлын жагсаалтад “коксын үйлдвэрийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, нүүрсний лаборатори байгуулах” ажлыг эхний гэрээнд 19,095.0 сая, удаах гэрээнд 18,367.8 сая төгрөг байхаар давхардуулан тусгасан.
Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” ХК-тай 2022 онд ЭТТ-2022/83 дугаартай санхүүжилтийн гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд буюу 2020 онд “Сарту өргөө” ХХК болон “Говийн төмөр зам” ХХК-ийн түншлэлтэй байгуулсан гэрээг санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж санхүүжүүлсэн. Мөн “Сарту өргөө” ХХК болон “Говийн төмөр зам” ХХК-ийн түншлэлтэй хоёр өөр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр ижил дугаар, ижил хугацаа, ижил үнийн дүнтэй гэрээг байгуулсан.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас ЭТТ-2022/502 дугаартай Хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зориулалтаар олгосон санхүүжилтээр “Тэнгэр эе” ХХК-тай нүүрс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэлт хийлгэх 2,759 сая, захиргаа, оффисын цэвэр ус, дулааны шугам хоолой шинэчлэлт, гадна бохирын бичил станц угсрах, гадна тохижилтын ажил хийлгэх 1,203.7 сая, “Блю арч” ХХК-тай засварын зураг төсөл боловсруулах 290.2 сая, нийт 4,252.5 сая төгрөгийн гурван гэрээ байгуулж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай түүхий эд, газрын байршил эцэслэн баталгаажаагүй байхад “Багануур” ХК-ийн эзэмшлийн ашиглагдаагүй байсан барилгыг засварлаж 4,171.9 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, өмчлөлийн асуудал шийдвэрлэгдээгүй.
Үүнээс гадна “Hong Kong Hengde” компанитай байгуулсан гэрээний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт түүхий эд хэлбэрээр нийлүүлсэн 6.6 тэрбум төгрөгийн 400 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг коксыг бүрэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, акт баримт үйлдээгүй, газар дээр хийсэн үзлэгээр агуулахад 400 тонн шахмал коксон түлш хадгалагдаж байх боловч данс бүртгэлд тусгаагүй байна. Эдгээр асуудлууд нь “Таван толгой түлш” компанийн санхүүжилт, өр төлбөрийн асуудлыг ил тод, хариуцлагатай шийдвэрлэх шаардлагыг улам тодотгож байна гэдгийг Аудитын байгууллагаас мэдээлжээ.
Ажлын хэсэг: 1.5 их наядын өрөө барагдуулж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох үүрэг өгөв
Мөн УИХ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Тэд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нэгтгэн 1.5 их наяд төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт өгсөн бөгөөд энэ санхүүжилтийг эргүүлэн төлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирол, алдагдлыг барагдуулах арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид гэдэг нь Монгол Улсын Засгийн газар болоод компанийн хувьцаа эзэмшдэг Монгол Улсын иргэд юм. Мөн парламентаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн УИХ-аас Төрийн өмчит "Таван толгой түлш" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тогтоол гаргасан.
"Таван толгой түлш" ХХК-ийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхдээ хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, сайжруулсан түлшний үнийг тогтвортой байлгахад шаардагдах нэмэлт санхүүжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгажээ.
Ийнхүү “Тавантолгой түлш“ ХХК-ийн компанийн өмчлөл шилжихтэй холбоотойгоор өрийн асуудал яригдаж эхэллээ.
Аудитын байгууллагаас компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор тус компанид 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон нь өр үүссэн. Улмаар энэ санхүүжилт нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой гурван асуудлыг шалгуулахаар нотлох баримтын хамт Улсын мөрдөн байцаах газар шилжүүлжээ.
Харин Нийслэлийн зүгээс өрийн асуудалтайн дээр хуулийн байгууллага санхүүгийн асуудлыг шалгаж байгаа учраас компанийн үйл ажиллагааг албан ёсоор шилжүүлж аваагүй байгаа гэсэн мэдээлэл байна. “Тавантолгой түлш“ ХХК-ийн 1.5 их наядын өрийг цаашид хэн, хэрхэн барагдуулах нь анхаарлын төвд байна. Энэ өрөө нэхэн авч зарцуулах ёстой субъект нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар болоод Монгол Улсын иргэд юм.
Ингээд бодохоор “Тавантолгой түлш“ ХХК-ийн үйлдвэрлэдэг шахмал түлш иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байж болзошгүйн дээр энэ компани өнгөрсөн хугацаанд баахан өр үйлдвэрлэж, эдийн засгийн хувьд ч биднээс хумсалсан байж болзошгүй байгаа юм. “Тавантолгой түлш” компанийн “үйлдвэрлэсэн” өрийг хэн барагдуулах вэ?
“Зууны мэдээ” сонин Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн. Энэ нийтлэлд орсон баримтуудыг “Зууны мэдээ” сонин нягталж шалгасан болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XXN80955877SADARTLA SHAALGI
Зочин · 2 цагийн өмнө
SAWN80955877
ИРГЭН · 2 цагийн өмнө
УЛСЫН МӨНГИЙГ ИНГЭЖ ҮРЭЛГЭН ЗАРНА ГЭДЭГ БОЛ ИХ ОРНООСОО УРВАСАН ХЭРЭГ БИШ ҮҮ. ӨӨРСДӨӨ ХАЛААСАЛСАН Ч БАЙ УЛСЫН ЭРХ АШГИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ХЭМНЭЛТ ХИЙГЭЭГҮЙ Ч БАЙ ЭНЭ БОЛ МАШ ТОМ ГЭМТ ХЭРЭГ. БУСАД УЛСАД ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ АВАХ БАЙХ. МАНАЙ УЛСАД ЗҮГЭЭР ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨНГӨРНӨ. НЭГ ИХ ШУУГИЖ БАЙГААД ЭСВЭЛ ТАГ ЧИГ БАЙЖ БАЙГААД НАМ ГҮМ БОЛДОГ. НҮҮРСНИЙ ХЭРЭГ ТАГ ЧИГ, ТЭГЭЭД БАГШ НАР НЬ ЖИЛ БҮР ЦАЛИН НЭМҮҮЛНЭ ГЭЭД ЖАГСААД.... ИЙМ УЛС ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ. ЭЦЭСТЭЭ ТАРТАГТАА ТУЛААД ДУУСАХ БИЙ ВИЙ.
Зочин · 3 цагийн өмнө
TSAGAAR SEXSDN ALNI SEXSEER80955877