"Эрчим хүчний хэрэглээний нүүрсний үнийг индексжүүлэн өөрчлөх журмыг энэ сард батална"
3 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн /2025.08.20/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Ерөнхий сайдын долоодугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр захирамжаар экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Долоодугаар сарын 21-ээс хойш бид энэ ажлын хэсгийн хүрээнд гурван дэд ажлын хэсэгт хуваагдан ажилласан.
Гол нь:
- Экспортыг нэмэгдүүлэх,
- Хувийн хэвшлийн орон зайг бий болгох,
- Экспортыг шат дараатай нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилтууд агуулсан.
Өнгөрсөн хугацаанд уурхайн экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Сайн мэдээ гэвэл долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19-ний хооронд, нэг сарын хугацаанд өмнөх саруудын дунджаас 30 хувиар нүүрсний экспорт нэмэгдэж, нийт 8.4 сая тонн нүүрс экспортолсон.
Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долоодугаар сард 2 сая 963 мянган тонн нүүрс арилжаалсан бол наймдугаар сарын 19-ний байдлаар 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлтүүд нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нь гэж хэлж болно.
Мөн уурхайн экспортыг нэмэгдүүлэх тогтоолын хүрээнд Гашуунсухайтын боомтоор автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой ачааны машиныг нэвтрүүлэх ажлыг хийсэн. Өнөөдөр гарсан шийдвэрээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зарагдсан нүүрсийг ийм гарцаар нэвтрүүлэхийг хязгаарласан. Энэ нь биржийн арилжааг дэмжих бодлого юм.
Төсвийн хүрээний мэдэгдэлд энэ онд 80 сая тонн нүүрс, ирэх онд 85 сая орчим тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Өмнө нь эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах боломжгүй байсан. Үүнээс болоод сорчлох асуудлууд гардаг байсан. Тийм учраас өнөөдрийн шийдвэрээр энэ эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах бололцоог энэ журмын хүрээнд бий болгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хүнд суртлыг багасгах алхмууд хийгдэж байна. Одоо олон зөвшөөрөл нэхэж, бичиг баримт бүрдүүлж, цохолт хийлгэж, тамга даруулдаг удаан процесс хувийн хэвшилд дарамт болдог байсан. Үүнийг гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавих хяналтын журмыг өөрчлөх замаар шийдвэрлэхээр болж байна. Цахим систем бэлэн болсон. Ингэснээр ГЕГ, Татварын ерөнхий газар, Боомтын захиргаа, ХХЕГ хоорондоо мэдээлэл солилцдог болно.
Өнөөдөр ХАҮТ дээр хувийн хэвшлийнхэн журамд санал өгч байгаа бөгөөд нийт 17 мянга гаруй санал ирүүлсэн. Энэ журмыг наймдугаар сарын 31-ний дотор батална. Энэ үүргийг өнөөдөр ГЕГ-ын даргад өгсөн. Ингэснээр цахимаар мэдээлэл солилцож, шат дамжлага бууруулах боломж бүрдэнэ.
Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил яригдсан цахим худалдааны цонхыг бий болгох ажлыг эхлүүллээ. Өмнө нь байгууллагууд мэдээлэл солилцдоггүйгээс удааширдаг байсан. Харин одоо хөрөнгө оруулалтын цонх, худалдааны цонх, зөвшөөрлийн цонх зэрэг системүүдийг нэгтгэн, нэг худалдааны цонхтой болохоор ажиллаж байна.
Журам батлагдсаны дараа бид нар хилийн боомт дээр очиж ажиллана. Тэнд хувийн хэвшилд хүнд суртал буурсан эсэхийг үнэлж дүгнэлт хийхээс гадна, хилээр нэвтэрч буй үйл явцын тусгай зураглал гаргаж, гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж байна" гэв.
Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнөөдөр төрийн албыг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцлээ.
Өмнө нь орон тооны цомхотголыг Г.Занданшатарын Засгийн газар өөрөөсөө эхэлсэн.
Тухайлбал, 280 гаруй газар хэлтсийн даргыг 81-ээр цөөлж 6.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргасан. Зардал ихтэй, чиг үүргийн давхардал ихтэй үндэсний хороодыг татан буулгасан. Нийт 29 үндэсний хороо татан буугдсан. Үүгээр 146 орон тоо хасагдаж 41.6 тэрбумыг жил бүр хэмнэх боломж бүрдсэн.
Харин өнөөдөр агентлагийн бүтэц орон тоог ярилаа. 35 агентлагийн нийт орон тооны хязгаар 3353 байсныг 3052 болгож буурууллаа. Газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Нийт орон тоог 301-ээр багасгасан.
Улмаар дарга нарын тоо 54-өөр буурна. 10 орчим тэрбумыг хэмнэнэ.
Ер нь нэг дор цомхотгол хийх биш, тодорхой үе шаттайгаар ажиллахыг зөвлөнө. Шаардлагатай орон тоог хадгалж үлдэх боломжийг сайд, агентлагийн дарга нарт бий болгож байгаа.
Агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй.
Зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг хоорондоо давхцахгүй. Яамны чиг үүрэг агентлагтай давхцахгүй гэсэн үг.
Агентлагийн бүтцийн нэгж нь газар, хэлтэс, алба, тасаг гэж байсан бол одоо зөвхөн газар ба хэлтэстэй байна.
Тогтоолын хэрэгжилтэд ЗГХЭГ хяналт тавьж ажиллана. Цаашид төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгоно.
99 хувь нь сайн ажиллаж байна гэж үнэлэгддэг байсан. Гэтэл иргэдийн үнэлгээ 40 орчим хувь дээр явдаг.
УИХ-аас мөн 60 орчим хувьтай гэж үнэлдэг. ЗГ өөрөө 70 гэдэг. Хэн үнэлснээс шалтгаалж зөрүүтэй гардаг. Үүнийг бид иргэдээр үнэлүүлдэг болно.
Цаашид төрийн албанд сайн ажиллаж байгаа, хүнд сурталгүй хүнийг урамшуулна, дэмжинэ. Хариуцлагагүй цаг хийдүүлдэг цаас зөөдөг, дарга нарын татаас түлхээсний хүмүүст хариуцлага тооцно гэдгийг хэлье” гэлээ.
ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун танилцууллаа.
Үүнд,
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг танилцуулж, авч хэлэлцүүлэв. Нийт нутгийн 30 гаруй хувьд гандуу байгаатай холбоотойгоор зарим аймаг сумдын нутагт өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 77 сая толгой мал буюу 130 сая толгой хонь бэлчиж байна. Өнгөрсөн 2024 оны эцсээр 57.6 сая толгой мал тоолуулсан. Энэ жилийн хувьд 20.1 сая төл хүлээж авсан. Малчдад малыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төлөвлөн ажиллаж байна.
Засгийн газрын тогтоолд аймаг сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тухай баталлаа. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц тодорхой хэмжээнд нэмэгдсэн.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа, 255.5 мянган тонн хүнсний улаан буудай, 88.3 мянган тонн төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 100 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авах нөхцөл бүрдээд байна. Өнгөрсөн жилийн хувьд 577 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд 10.5 хувиар буурсан дүн юм. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал, тариалангийн гол бүс нутгуудад гандуу буюу гангийн нөхцөл өндөр байгаа учраас тариалалт буурсан. Иймээс хуваарилалт хийж үзэхэд гурил үйлдвэрлэлд 168 мянган тонн хүнсний улаа буудайн нөөцтэй байна. Дутагдах улаанбуудайн нөөцийг авч үзвэл 100 орчим мянган тонн дутагдах нөхцөл үүссэн учир импортоор авахаар өнөөдрийн Засгийн газрын тогтоолын тэмдэглэлд тусгасан байна" гэв.
Зочин · 9 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
BOOWN XXN VANXANDI XALYYXN SHAALTSI809555877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN809555877