Америкийн “Microsoft” компанийн мэргэжилтнүүд “Windows 10” үйлдлийн системээ “Android” үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдтэй нягт уялдуулснаа лхагва гарагт харууллаа.

“Windows 10”-т одоо “Android” үйлдлийн системтэй төхөөрөмжид зориулж бүтээсэн дурын программыг ачааллаж, ашиглах боломжтой болсныг Америкийн Нью-Йорк хотод болсон танилцуулах арга хэмжээний үеэр үзүүлсэн байна. Ийм боломжийг өчигдөр шинээр гаргасан “Windows 10”-т нэмжээ.

“Android”-ын аппликешнүүдийг “Your Phone” гэдэг шинэ программын тусламжтайгаар “Windows”-т ачааллаж болох аж. Энэ программын тусламжтайгаар файлуудыг зүгээр л чирэн нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү маш хурдан дамжуулах, гар утасны браузераас ширээний компьютерт цахим хуудсуудыг агшин зуур нээх, гэрэл зураг хуулж татах, мөн зурвас илгээх, хүлээн авах боломжтой. “Your Phone” программын зарим боломжийг "IPhone"-д хялбаршуулсан хэлбэрээр ашиглаж болох аж.

Мессенжэр, гэрэл зургийн программ, камер зэрэг “Android”-ийн программууд “Windows” үйлдлийн систем бүхий  компьютеруудын дэлгэцэн дээр харагдана.

Шинэ хувилбарыг “Windows Update” –аар татаж болох бөгөөд ирэх долоо хоногт бүх төхөөрөмж рүү илгээх аж.

Д.Жаргал 

Эх сурвалж: Монцамэ агентлаг