“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэх хэрэгт Монголын зэс корпораци ХХК-ын захирал Ц.Пүрэвтүвшин болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг шалгаж байгаа.

Тэдэнд холбогдох хэргийг ЭЦГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа аж.

Шалгалтын хүрээнд Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир нарыг яллагдагчаар татаж, хилээр гарах эрхийг нь хязгаарласан гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 230 сая тоннын нөөцтэй орд газартай нь “Кью Эс Си” ХХК 2012 оноос эзэмшиж байгаа бөгөөд 
Э.Шижирийг тус үйлдвэрийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор шалгаж байгаа гэнэ.

Уг чиглэлийн замыг “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авсан байна. Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөрзам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг нь баталгаажуулсан байдаг. Төмөр замын концессын энэ хэргийн талаар мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Мардайн орчимд байсан төмөр замын зам (рейлс) төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэн тавиулсан” гэж тодотгожээ. Энэ хэрэгт Сангийн сайд асан Б.Болороос гадна Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Дангаагийн Ганбатыг ч яллагдагчаар татахаар болсон гэнэ.

niigmiintoli.mn