Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн зөвлөх, Доктор (ph.D) Профессор Д.Цолмонг “Ярилцах танхим”-даа урьж, олон улсад өрнөж буй асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.

Тэрбээр олон улсын харилцаа судалдаг бөгөөд тэр дундаа АНУ, Канад судлалаар мэргэшсэн нэгэн. Түүнтэй Украинд өрнөж буй үйл явдал хийгээд АНУ, ОХУ-ын бодлого болон англи хэл дээр саяхан хэвлүүлсэн “Зарим улс үндэстний түүх, соёл, сэтгэлгээний онцлог” номынх нь талаар ярилцсанаа толилуулж байна.

-Украинд өрнөж буй үйл явдалд та олон улсын харилцаа судлаачийнхаа хувиар ямар үнэлэлт, дүгнэлт хийж байгаа вэ?
-Украиныг ОХУ-ын эмзэг цэг гэж тодорхойлж болно.Холбооны гэрээ хүчингүй болж, 1991 онд Зөвлөлт холбоот улс задран унахад Украиныг алдсан явдалдаа Оросууд маш их харамсч байсан. Түүхэн үүднээс нь авч үзвэл, одоогийн Оросууд Киевийн оросуудаас гаралтай учир Украиныг алдсандаа харамсч, эмзэглэх нь арга ч үгүй биз. Нөгөөтэйгүүр, Украин бол стратегийн ач холбогдол бүхий байршилтай, тийм ч жижиг улс биш шүү дээ. Тухайлбал, Украин 45 сая хүн амтай, техник эдийн засгийн чадавх өндөртэй, цаашлаад НҮБ-ын анхны гишүүн улсуудын нэг. Тиймээс Оросууд том гүрний геополитик хийгээд эдийн засгийн бодлого явуулж, Украиныг өөрсдөөсөө газрын тос, байгалийн хийгээр хараат байлгасаар ирсэн. Цаашид ч ийм л байлгах сонирхолтой байгаа. ОХУ энэхүү төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийнх нь бодлогыг дэмждэг хүнийг Украины Засгийн газрын тэргүүнд гаргадаг. Үүний гол төлөөлөгч нь Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович шүү дээ. Тиймээс л ОХУ-ын удирдагчид барууны үзэл баримтлалыг дэмждэг Украины удирдагчдыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Үүний тод жишээ нь Юлия Темешинког ялласан явдал. Юлия Темешинко барууны үзэл буюу АНУ-ыг дэмждэг учир ОХУ-ын удирдагчид “Байгалийн хий болон бусад асуудлаар Украин ОХУ-тай байгуулсан гэрээнд эрх мэдлээ урвуулан ашигласан” гэдэг үндэслэлээр хэрэгт татаж долоо орчим жилийн ял оноосонд Украины сөрөг хүчин дургүйцэж нэлээд ширүүхэн тэмцэл хийсэн явдал л одоо дахин өрнөж байна гэж хэлэх байна.

-Одоо гэхдээ байдал эсрэгээрээ байгаа юм биш үү. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Украинд цэргээ оруулсан явдлаа тайлбарлахдаа тэнд байгаа орос иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалсан” гэж байгаа. Тухайлбал, Крымийн арал байна?

-Энэ бол нэг талаас шалтгаан, нөгөө талаас бас шалтаг юм л даа. Би хувьдаа тэгж л үзэж байгаа. Үнэндээ Украины зүүн хэсэгт нүүрсний асар их нөөц, ОХУ-ын цэргийн бааз байдаг нь тэгж тайлбарлах үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаар Украины босогчдын хувьд барууны хүчин буюу европыг түших чөлөөт нийгэм байгуулах хандлагатай боловч хэт даварсан үйлдэл хийж байгаа нь ОХУ-ынханд үйл явцыг хүссэнээрээ тайлбарлах боломж олгож байгаа нэг хэлбэр юм болов уу. Үүнээс болж Украины босогчдыг фашистууд гэж нэрлэх болсон. Гэхдээ Украины босогчид фашистууд биш. Тэд үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө л тэмцэж байгаа хүмүүс шүү дээ. Нөгөөтэйгүүр, Украинд өрнөж буй бүхнийг бүхэлд нь дүгнэж хэлэх юм бол өрнө, дорнын хоорондын зөрчилдөөний нэг бай болсон ч гэж хэлж болох юм.
-Үүнийг тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
-АНУ болон Европын холбоо Украиныг хяналтандаа оруулж, ОХУ-ыг аль болохоор алсаас хаан боогдуулах чиглэлтэй байдаг. Энэ бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад илэрдэг л байнгын үзэгдлийн нэг юм.
-Украины байдал цаашид хэрхэх бол. Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ бол зайлшгүй тавигдах асуудал. АНУ болон Европын холбооны хүсч байгаа үр дагавар нь тийм их нааштай байхгүй л болов уу. Яагаад гэвэл дэлхий дахины хямралыг гүнзгийрүүлж, хүйтэн дайны уур амьсгалыг сэргэхэд хүчтэйгээр нөлөөлнө. Украины асуудал хурцадвал наанадаж Их наймын уулзалтыг хойшлуулах үр дагавартай гэдгийг Оросууд урьдчилан таамагласан учир цагаан олимпоо хийснийхээ дараа уг асуудлыг хурцдуулах нь дээр гэдгийг таамагласанд байгаа юм. В.Путин өрнөдийн орнуудын байр суурийг зарим талаар мэдээд “Бид Украиныг эзлэхийг бодоогүй. Тэнд байгаа иргэдээ л хамгаалсан” гэж тайлбарласан л даа. Ер нь их гүрнүүд яг л дээрх байдлаар эзлэн түрэмгийллээ хийдэг юм шүү дээ. Тухайлбал, АНУ 1848 онд Мексикийн газар нутгаас булааж авахдаа ямар арга хэрэглэсэн бэ гэхээр Мексикийн хойно байгаа тосгонд америкчуудыг суурьшуулаад, шашин шүтлэгээ дэлгэрүүлж байгаад хэдэн мянгад хүрэхтэйгээ зэрэгцээд “Америк иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангана” гэж тайлбарлаж, Мексикийн газар нутагт нэвтрэн ороод газар нутгийнх нь нэг хэсгийг булааж авсан байдаг. Тиймээс их гүрний бодлого бол том. Дэлхийн ямар ч бодлгогыг ярьсан тэдний оролцоогүйгээр асуудлыг шийдэж болдоггүй юм. Тиймээс Украины асуудалд манай судлаачид нэг талыг барьсан дүгнэлт гаргаж эсвэл Орос ах нар гэсэн байдлаар хандаж, Украины босогчдыг хэт даврагсад мэтээр үнэлж болохгүй гэж хэлмээр байна. Энэ бол тусгаар тогтнол, өөрсдийн засан тогтнох эрхийнхээ төлөө босч байгаа нэг хэлбэр юм.
-Украины Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. Юлия Темешинко сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Украины ард түмэн Юлия Темешинког өмнөх шигээ дэмжихгүй байгаа юм шиг санагдсан. Таны хувьд Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн дүгнэж байна вэ. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ, ОХУ өөрсдийн хүнийг сойх нь гарцаагүй. ОХУ-ын удирдагчдад нөөц хүн байгаа болов уу?
-Би хувьдаа Юлия Темешинкогийн нэр хүнд өнгөрсөн хугацаанд Украинчуудын дунд нэлээд өсчихсөн юм болов уу гэж боддог. Ялангуяа энэ зөрчлийг ашиглаж түүнийг шоронгоос сулласан явдал болон Юлия Темешинкогийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь энэ бүхнийг гэрчилнэ. Тиймээс Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Юлия Темешинкогийн ялах магадлал маш өндөр байгаа. Үүнтэй зэрэгцээд Украины сөрөг хүчин тийм ч их нэгдэлтэй байна гэж бодохгүй байна. Боксын дэлхийн аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд арай нэр дэвшүүлчихгүй байлгүй дээ. Тиймээс хүчний тэнцвэр яаж өөрчлөгдөхийг одоо хэлэхэд арай эрт байна. Ер нь Юлия Темешинко ялах магадлал маш өндөр байна гэж би хувьдаа бодож байгаа.
-Тэгэхээр АНУ болон Европын холбоо санасандаа хүрч, ОХУ ганцаардаж магадгүй гэсэн үг үү?
-Гэхдээ бас яг тэгж хэлэхэд хэцүү. Одоогийн ОХУ 1990-ээд оны ОХУ биш. Эдийн засгийн чадавх, батлан хамгаалах чадвар нь өсчихсөн улс шүү дээ. Их гүрний бодлогыг баримталж, ЗХУ-ын эрх мэдлийг эргүүлэн авахаар санаархаж байгаа улс. Тиймээс ОХУ ганцаардана гэж хэлэх нь өрөөсгөл асуудал болно. Цаана нь зүүн талд байгаа БНХАУ тэднийг ганцаардуулахгүй. Тэд Украины асуудал дээр ОХУ-тай төстэй байр суурь баримталж, АНУ-ын эсрэг нэг уур амьсгалтай байдаг. Үүний дээр БРИКС-ийн зарим улс орон ОХУ-тай ижил байр суурь баримталж байгаа учир ОХУ-ыг ганцаардуулахын тулд нэлээд олон шат дамжлагыг дамжих байх. Гэхдээ АНУ болон Европын холбоо Украины асуудал дээр ялалт байгуулвал ОХУ-ын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлөх нь гарцаагүй асуудал юм.
-Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал Украин улсын замналыг туулахгүй гэх баталгааг өгөхгүй байгаа нь харамсалтай. Монголчууд Украины замналаар явах вий гэсэн айдастай байна. Таны хувьд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би хувьдаа аливаа улс орон эмзэг эдийн засагтай байх юм бол үндэстэн дамнасан корпараци хийгээд дэлхий том улс гүрнүүдийн өмнө өвдөг сөхрөхөөс өөр аргагүй гэж боддог. Тиймээс Монгол Улсыг өнөөдрийн Украин шиг нөхцөл байдалд орохгүй болов уу гэж боддог. Гэхдээ манайд асуудал ийм дээрээ тултлаа хурцадлаа гэхэд монголчууд Украины ард түмэн шиг босох тийм хүчгүй л болов уу. Учир нь Засгийн эрхийг барьж байгаа хүчнүүд нь дэлхийн томоохон улс гүрнүүдэд хэдийнэ худалдагдчихсан шүү дээ. Би 2010 онд хэвлүүлсэн нэг номондоо Монголын байдал хурцдаад эхэлбэл тэсрэлт эсвэл сүйрэл болно гэж тодорхойлж байсан юм.
-Тэгэхээр монголчууд Украинчууд шиг нөхцөл байдалд орвол сүйрнэ гэж та хэлэх гээд байна уу?
-Украинчууд шиг нөхцөл байдалд бид орвол тэмцэх хүч Монголд байна уу, үгүй юу гээд л эхлээд бодчиход хариулт нь аяндаа гараад ирнэ. Нөгөөтэйгүүр, монголчууд том гүрнүүдийн дарамт шахалтыг хэр зэрэг сөрөн зогсож чадах юм. Төр засгийн удирдлага нь хэр зэрэг нэгдэлтэй байгаа юм, улс үндэстнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна уу, өөрсдийнхөө эрх ашгийг тавьж байна уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Өнөөдөр Монголын улстөрчид оффшор бүсэд маш их хэмжээний валют байршуулчихсан байгаа нь Украин шиг асуудал гарлаа гэхэд өөрсдийгөө аваад зугатна л гэдгийг нь илтгээд байна шүү дээ.
-Та “Зарим улс үндэстний түүх, соёл, сэтгэлгээний онцлог” номондоо Монгол ардчилсан улс мөн үү гэсэн гарчигтай сэдэв хөндсөн байсан. Ямар учраас тэр вэ?
-Ардчиллын үндсэн зарчим, агуулгыг тодорхойлоход юуны өмнө ард олны санаа бодлыг төрийн бодлогод хэрхэн тусган хэрэгжүүлж байна. Манайх сайн засаглалтай улс уу. Шударга ёс, ил тод байдал, хүний тэгш эрх хэрэгжиж байгаа юу. Хүнд суртал багасч, хариуцлагын тогтолцоо хэрхэн хэрэгжиж байгаа вэ эдгээр асуултад уншигч та өөрөө хариулт өгнө. Түүнээс биш та нар ардчилсан сүрхий улс, бид ардчилсан засаглалтай гэж хичнээн бардамнаад яах билээ. Хатагтай Сан Су Чигийн Улаанбаатарт болсон Ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн хуралд хэлсэн үгэндээ “дүр исгэсэн ардчилал” хэмээх томъёолол хэрэглэсэн нь санаандгүй хэлсэн үг биш л дээ. Монгол Улсад ардчилсан сонгууль болдог гэдэгт та итгэдэг үү гэж сэтгүүлч танаас асуумаар байна.
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ямар түвшинд байна гэж та боддог вэ?
- Эхлээд эдийн засгийн талаас нь авч үзэх учиртай. Манай улс 1990-ээд он хүртэл гадаад худалдааны 90-ээд хувийг ЗХУ-тай хийдэг байлаа. Эдүгээ экспортын 85-90 хувь нь ганц БНХАУ-руу гарч байна. Хүнсний бүтээгдэхүүний 70 гаруй хувийг гаднаас авдаг улс бол манайх. Би энэхүү бүтээлдээ гадны бараа таваар зардаг, сурталчилдаг. Тэр бараагаа монголчууддаа дамлаж бие биеэ луйвардан монждог хүмүүс болжээ гэж бичсэн. Яагаад ийм байдалд хүрэв. Өрөөсгөл, эмзэг эдийн засагтай хараат улс хямралд өртөмтгий байдаг юм. Социализмын үед барьж байгуулсан үйлдвэр, аж ахуйн газруудаа хувьчлал нэрээр гол төлөв устгаж авлаа. Цөөн хүн баяжсан. Хорь гаруй жилийн өмнө Монголын байгаль ямар онгон, цэнгэг тунгалаг гол мөрөнтэй, цэвэр агаартай улс байсныхаа үнэ цэнийг залуус хэр мэддэг бол. Алтны ангуучид, дуртай газраа гадныхантай нийлж ухаад гол горхио бохирдуулаад уух усгүй, ургах мод ногоогүй цөлжсөн. Монголын хүн малын амьдрах, бэлчих орчин хумигдсаар байна. Зальтай цагаачид бараг хоосон халаастай Монголд ирээд дээдсийг нь хахуульдсан алт, эрдэнийг авч авдрыг нь хоосолж байхад эрх баригчид нүдэн балай, чихэн дүлий манай аюулгүй байдал сайн байгаа гээд малилзаж явна шүү дээ.
-Сүүлийн үед “Ухаалаг төр”-рүү шилжих тухай ярих боллоо. Энэ бүхэн нь өмнө ухаалаг бус төртэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл ч юм шиг санагддаг юм. Энэ талаарх таны бодол?
-Үнэхээр “ухаалаг” төртэй болъё гэвэл ухаалаг бодлоготой бас тогтолцоо, сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй гэсэн гарчиг бий. Шинэчлэлийг хийхдээ аль ч салбарт ялгаагүй уламжлалаа мартдаггүй юм. Хариуцлагаа үүрч чаддаг, ололт дутагдлаа хүлээн зөвшөөрч засч чаддаг, төр нь төр шиг байж нэг хүний нэг намын явцуу бүлгийн эрх ашгаар асуудалд хандахгүй бол сайн. Түүнээс ард олны сэтгэлийн эмзэг цэг дээр үгээр тоглоод, шоудаад, тууз хайчлаад хол явахгүй. Оюу толгой, Бороо Гоулд, Таван толгой, Хөшөөтийн уурхайг хэрэг дээрээ ломбардын барьцаанд тавьж өгсөн. Улсынхаа энэ баялгийг гадныханд зүгээр тавьж туусан этгээдүүд гадаадад валютын данстай ард олон нь өрөнд баригдаад үлдэх үү. Өндөр алба хашиж буй эрх баригчид, дипломатууд жуучилж шан харамжаар нь баяжсан гэдэг нь ойлгомжтой биздээ. Чононоос илүү гэрийн тэжээвэр нохойтой эрлийз чоно хүнээс огт айдаггүй, сүрэгт илүү аюултай гэдэгтэй агаар нэг юм.
-Та номондоо Оросын талаар бичихдээ орос сэтгэлгээний тухай анхаарсан гол зүйлээсээ дурсаж ярих уу?
-Оросын их гүрэн болсон түүх, түүнд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн үүрэг ямар байсныг Оросын болон Америкийн зарим судлаачдын үзэл бодол миний сонирхлыг ихэд татдаг юм. Оросуудын ярианд “урилгагүй зочин татаараас дор” гэсэн хэлц үг нэг бус удаа сонсч явлаа. Гэтэл татаар монголчууд л Оросыг нэгдсэн гүрэн болоход нөлөөлж цэрэг дайн, санхүү татварын тогтолцоо түүгээр ч барахгүй иргэншилд нь нөлөөлсөн байдаг. Би саяхан ОХУ-ын “Рен ТВ” үзэж суугаад Оросууд татаар монголчуудтай байлдаагүй. Өөр хоорондоо тулалдаж байсан. Батхаан, Александр Невский нар бол нэг хүн. Энэ тухай монголчууд 1920-иод онд Сталины номноос л мэдэж авсан. Куликовын тулалдаанд оросууд л хоорондоо байлдсан. Монголын их эзэнт гүрэн гэж байгаагүй.

Монгол пайзыг орос хэлээр бичсэн байсан гэх мэт түүх гуйвуулсан нэвтрүүлэг үзээд жинхэнэ хандлагын шинж гэж бодов. Манай түүхчид энэ тухай дуугүй л байх юм. Ер нь Монголын бодит түүхийг гуйвуулахад манай түүхчдээс гадна “ордны зохиолчид” ихээхэн хуруу дүрж ирсэнийг бид мэднэ. Гэхдээ XX зууны Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд үйлдвэржүүлэлт, соёл боловролд оросуудгүйгээр амжилт олоогүй. Энэ бас л түүхэн үнэн. Мөнхийн хөрш ОХУ, Монголын харилцааны стратегийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй гэж би боддог. Энэ бүтээлд Монгол Оросын харилцааны “гэрэл” сүүдрийг өгүүлсэн нь бас учиртай. Нөгөөтэйгүүр, Хятадын тухай бичсэн хэсэг сонирхол татаж байна. Соёл, иргэншлийн сурвалж, зан үйлийн онцлогтой уялдуулан тариачдын соёл, сэтгэлгээ, нүүдэлчин малчдынхаас юугаараа онцлогтой болохыг бас хөнджээ. Хятад монголчууд бие биедээ жийрхүү ханддагийн учир начрыг ч тойрсонгүй. “Муухай хятад хүн” гэж Тайваны профессор Бо Янгийн АНУ-ын Айовагийн их сургуульд тавьсан илтгэлээс орсон байгаа. (1984) Хятад зочлохуй ёсон , цайнаас эхлээд их гүрний зиндаанд орж ирсэн тус улсын улс төрийн түүх, эдийн засгийн зохицуулалт, гадаадын судлаачдын хятадын талаарх үзэл баримтлалаас ч товч багтаахыг оролдлоо.

-Латин Америк бол таны судалгааны чухал сэдэв юм байна. Энэ талаар хэрхэн тусгав?

-Тийм ээ, Испани хэл мэдэх, Латин Америкийн зарим оронд ажиллаж, албан ажлаар явж байхдаа хийсэн тэмдэглэл, бичсэн бүтээлдээ тулгуурлаж энэ сэдвийг авч үзсэн юм. Энэ бүлэгтээ уугуул иргэд индианчууд, испани, португалийн цус холилдсон Латин Америкийнхны зан төлөв, хэл яриа, хүндэтгэл, цээрлэх ёсон, дуу хөгжим зэрэг сэдэв багтсан юм. Эдгээрээс Бразил, Венесуэл, Карибын сав газрын Андын нурууны цаана орших Чили зэрэг хэд хэдэн улс үндэстнийг сонгон авч бичсэн. Кубад урт богино хугацаагаар ажиллаж зочлож явсан хүний хувьд сонирхолтой ээдрээтэй түүхтэй багавтар энэ улсын түүх, соёл, урлаг, спортын тухай ч өгүүлсэн байгаа.

- Япончуудын тухай бичихдээ юунд голлосон бэ?

-Нууцлаг, өвөрмөц сэтгэлгээтэй япон үндэстний түүхэн замнал, өрнө дорны харилцааны огтлолцол япончуудад яаж нөлөөлсөн, Мейжигийн шинэчлэл, милитаризм, дэлхийн хоёр дайны дараах Японы эдийн засгийн хөгжил, шинэхэн түүхийн үе, Япон, Америкийн харилцааны эрт эдүгээг хамарч байгаа юм. Япончуудын дэг жаяг, зочлохуй ёс, хоол ундааны зохицол бидний сонирхлыг ихэд татдаг юм. Монголын шилжилтийн эдийн засгийн хүнд үед япончууд л гараа сунгаж, үнэхээр үлдэцтэй дэмжлэг үзүүлсэн нь бодит үнэн.

-Германчуудын соёл, улс төрийн түүх, Монгол-Германы харилцааны эрт эдүгээг хамарсан байна. Монгол судлаачийн бодол эргэцүүлэл, Германчуудаас ямар чанарыг онцолж үзэв?

-МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд дэлхийн болон бүс нутгийн их гүрнүүдийн гадаад бодлогын хичээл заахдаа Япон, Германы гадаад бодлогод нэлээд анхаардаг. Европ дахины сэргэн мандалт, дайн энхийн асуудлуудад сайн саар, ул мөр үлдээсэн бас боловсрол, соёл шинжлэх ухаанд Герман шиг жинтэй хувь нэмэр оруулсан үндэстэн ховор гэж боддог. Америкчууд боловсролын загвар болгож Германыг сонгосон нь тохиолдол бишээ. Хүн төрөлхтний философи сэтгэлгээ, сонгодог хөгжим, ШУ-нд Герман үндэстний оруулсан хувь нэмэр үнэхээр жинтэй гэж бодно. Веймарын БНУ-ын үед Германы соёл, боловсролоос суралцахаар монгол залуус (1926 оноос) явж ирээд Монголын соёлын хуудсанд нэрээ үлдээсэн түүх бий. Монгол судлалд ч Германы эрдэмтдийн бүтээл ихээхэн жинтэй сурвалж болдог. Хуульт ёсоо дээдэлдэг, сахилга, дэг журам, цаг баримталдаг, аливаа асуудал юмсад ул үндэстэй ханддаг герман зан чанар гайхалтай санагддаг юм. Энэ тухай л би номондоо бичсэн байгаа.

-Солонгосын тухай нэг бүлэг таны бүтээлд оржээ. Юунд голлон анхаарсан бэ?

- Солонгос, Монголчууд эртний түүхэн холбоотой үндэстэн. Эрдэм судлалын ажлаар хэд хэдэн удаа очиж үзлээ. Өмнөд Солонгос эрчимтэй хөгжсөн үндэстэн. Энэ хөгжлийн ээдрээт замд тэдний хөдөлмөрч, тэсвэртэй чанар, зарим удирдагчдын эх оронч бодлого, зоригтой алхмууд чухал нөлөө үзүүлсэн ажээ. Пак Чон Хи ерөнхийлөгчийн охин өнөөгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе эцгийнхээ амьдрал тэмцлийн тухай түүхэн кино бичиж, “Цөхрөл намайг хатуужуулж, итгэл найдвар зоригжуулдаг” нэртэй дурсамжийн номыг уншаад сэтгэлд минь бахархал, харуусал, атаархал төрсөн. Би “атаархал” гэдэг үгийг эерэг утгаар нь хэлж байна. Өнөөгийн Монголын эрх баригчид ийм эх оронч, ажил хэрэгч, бодлоготой, боловсролтой байгаасай л гэж бодном.

-Норвеги, Финлянд, Чилийг сонгож авсны учир юунд байна?

-Дахин хэлэхэд миний номонд багтсан улсууд бол биеэрээ очиж үзэж, айлчилж суралцсан улсууд юмаа. Үзээгүй, судлаагүй байж тэнд тэгдэг энд ингэдэг гэж цэцэрхэх нь зохимжгүй. 70-аад оны Чили, 80-аад оны Норвеги, Финлянд ихээхэн өөрчлөгдөн хөгжсөн. Эдгээр улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт цэгцтэй бөгөөд үндэсний эрх ашгаа дээдэлсэн өрсөлдөх чадвартай улсууд юм.

-Гадаадын улс орнуудын тухай бичээд эцэст нь монголчуудын эрт ядуугийн тухай өгүүлжээ. Мэдээж улс хөгжиж ирсэн. Гэвч таны Монголынхоо талаар тусгасан зүйл анхаарал татаж байна?

-Тийм ээ, огт хөгждөггүй улс үндэстэн ховор биз ээ. Би сайн сайхан зүйлийг хөдөө талаас өнөөг хүртэл өлсгөлөн гуйланчлалд автаагүйг малын буянтай холбож үздэг хүн. Уртын болон ардын дуутай, онгон сайхан байгалтай, зочломтгой цайлган монгол хүний сэтгэлгээнд гарч байгаа өөрчлөлт, ер нь бид хаашаа яваад байна. Дэлхийн хөгжилтэй улс үндэстнүүдээс юугаараа хоцроод байгааг өгүүлсэн юм. Ерээд оноос хойш хөгжин дэвжих “үүлэн чөлөөний нар” гийсэн үе байлаа. Монголын эдийн засаг их хэврэг, үрэлгэн, бодлогогүй явсны харгай хойч үеийнхэнд хүндээр тусна. Уржнан жил ардын намын удирдах хүмүүс судлаачидтай уулзалт хийж үгийг нь сонсч байгаа гэж итгээд манай улс тогтолцооны хямралд ороод байна. Улс төр, эдийн засаг, боловсрол, ер нь нийгмийн амьдралын бүхий л салбарт хямрал нүүрлээд байна шүү дээ. Мянган хүнд оногдох “од”, гавъяат, сая хүнд оногдох их, дээд сургуулийн тоогоор дэлхийд тэргүүлдэг, манай улсын хүн ардын амьжиргааны түвшин адаг сүүлд нь жагссан, авлига хээл хахуульд автсан, хэн ч хариуцлага хүлээдэггүй, мэргэжлийг үнэлдэггүй ийм улс боллоо гэж ирээд л авч өгсөн юм. Бас төв телевизийн нэг нэвтрүүлэгт орж байхдаа Их хурлын гишүүд хэнд зориулж хууль гаргадаг вэ гээд тэд өөрсөддөө зориулж хууль гаргадаг гэж хариулаад дээдсийн дургүйг хүргэсэн хүн. Өөрийгөө магтаад байх нь гол биш ээ. 1970-аад онд МХЗЭ-ийн сар бүрийн хурлыг орос хэлээр явуулах тухай даргын шийдвэрийг эсэргүүцэж байсан, бол хэдэн жилийн өмнө Мянганы хөгжлийн зорилт хэмээх баримт бичиг тунхаглалын чанартай, үр дүнг нь тооцох боломжгүй болсон тухай “Албан хэргээ англи хэлээр хөтлөх нь мянганы хөгжлийн цогц бодлого гэж үү” гэсэн өгүүлэл “Зууны мэдээ” сонинд гаргаж билээ. Би ер нь болдоггүй амтай, дээдсийн өмнөөс цор цор хийдэг дутагдалтай хүн. Өнгөрсөн өвөл Бүх Хятадын Монгол судлалын чуулганд оролцохдоо даяаршлын үед бага буурай үндэстний хэл, соёлд халгаатай гэсэн дүгнэлт хийхэд гадаадын бас, өвөрлөгч эрдэмтэд анхааралтай сонсч байна билээ.

-Та номоо хаагуур борлуулж байгаа вэ. Энэ талаар уншигчидад маань сонирхуулахгүй юу?

-Номоо “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлсэн. Тиймээс “Мөнхийн үсэг” компанийн нэрийн дэлгүүрүүдээр борлуулж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО