Монголд эдийн засгийн хөгжлийн сайдгүй Эдийн засгийн чуулган болдог болж. Монгол Улсад ит­гэх хөрөнгө оруулагчдын итгэлийг гижигдэж, үн­дэс­ний үйлдвэрлэгчдийн зори­гийг чангалах үүрэг энэ чуулга уулзалтынх.

Тийм ч учраас үр дүн нь зөвхөн Засгийн газарт бус бүх монголчуудад хамаатай. Гэтэл Засгийн газрын зохион байгуулж буй уг чуулга уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцсонгүй. Шалтгаан нь ч тодорхой бус. Ядаж улс төрийн хийгээд ажил хэргийн харилцааны соёлыг бодсон бол тэрбээр илгээлт ч болсон явуулж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Түүний эл үйлдэл бүхэлдээ хөрөнгө оруулагч төдийгүй үндэсний үйлдвэрлэгчдийг “Эдийн засгийн хөгжлийн сайд нүүр хийх газаргүй болсноо хүлээн зөвшөөрч” гэх дүгнэлтийг хийхэд хүргэв. Учир нь тэр оролцох ёстой хамгийн чухал чуулган­даа оролцохгүйгээр барахгүй олон түмний өмнө хариуцлага хүлээх чадваргүй болсноо хувь улстөрчийнхөө хувиар хүлээн зөвшөөрсөн мэт сэтгэгдлийг үлдээсэн нь энэ.

Тэрбээр уг нь УИХ-ын сул гишүүн байхдаа Монгол Улсын хөгжлийн талаар, бодит хөрөнгө оруулалтын тухай хамгийн их үг хэлж, хамгийн түрүүнд хашгирч үсчдэг байсан. Гэтэл яг өөрийнхөө хашгирдаг, ярьдаг албан дээрээ ажил хийхээр ирсэн цагаасаа хойш тэрбээр хий үзэгдэл болж хувирсан гэхэд болно. Оюутолгойгоос үнэнийг хайхаас татгалзаж, хөрөнгө оруулалтыг хөшүүрдэх зөв гарцыг ч нээлттэйгээр зарлахаас татгалзсан. Тэр ч битгий хэл сэтгүүлчдэд “Сайн явах санааных гэдэг юм. Муу юм ярих нь битгий хэл бүү бод. Яагаад гэвэл бодоод байхаар муу юмуу дуудаж байна гэж үздэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг сайн явья гэж хүсч байгаа бол сайн юм бодно. Та бүгдийн амьдрал сайн байх нь өөрөөс чинь хамаарна” хэмээн зөвлөсөн. Янз нь түүний үгэнд орж өдөр бүр гал тахиж, утаа хийсгээд байвал амьдрал сайн сайхан болох төлөвтэй юм. Ядахдаа Эдийн засгийн хөгжлийн сайд та хөрөнгө оруулагчдад энэ мэт марзан зөвлөгөөгөө өгчихсөн бол тэдний бухимдал цаг зуурын инээдээр солигдох байсан ч байж болно. Үгүй юм гэхэд “Эдийн засгийн хөгжлийн сайд нь ингэж ярьж байна лээ” гээд дэлхий нийтээр зугаацан хөөрөлдөх байсан ч юм билүү хэн мэдлээ. Гол нь та тэдэнд үгээ хэлж, үнэн нөхцөл байдлыг зөвлөлдөх нь юу юунаас ч илүү чухал байсан учраас өөрийг тань ийм байдлаар ч болов харахыг хүссэн нь эмгэнэл.

Тийм ээ “Эдийн засгийн хөгжлийн сайд нь хаа байна аа”. Энэ асуултын эзэн хамгийн чухал өдрөө хөрөнгө оруулагчдын өмнө гарч ирээгүй нь Н.Алтанхуягийн Засгийн газарт нийтлэг сонирхол байна уу гэдгийг илтгэх мэт. Оюутолгойд ямар түлхүүр тааруулахаа мэдэхээ байчихсан Уул уурхайн сайдтай, хөрөнгө оруулагчидтай нүүр тулж уулзахаас халширдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай. Тэгсэн атал тэдний өмнөөс Ерөнхий сайд нь бүхнийг ярьдаг. Өнгөрсөн өдрүүдэд гэхэд л тэрбээр Монгол Улсын хөгжлийн алдааг хөрөнгө оруулагчдад үнэнээр нь ярьсан. Тансаг хэрэглээнд дулдуйдсан монголчуудын сэтгэхүй Монгол Улсын чирэгдүүлж байгаа тухай дүгнэлт нь буруу байгаагүй. “Монголдоо бүтээцгээе” гэдэг уриаг нь ч мушгиж, буруушаах аргагүй. Гэсэн ч энэ хоёр өдөр танхимынх нь гол дүр болох ёстой сайдынх нь бараа харагдсангүй. Түүний үгийг онцолж сонсохыг хүссэн, “Гудамж” төслөөс өөр хэрэгтэй бүтээн байгуулалтын тухай зар дуулах гэсэн хөрөнгө оруулагчид асуултандаа хариугаа авч чадсангүй. Хариулт өгөх эзэн нь байхгүй учраас тэр. Иймд энэ өдрүүдийн нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын гишүүн Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдын албанаасаа сайн дураараа огцрохоор шийдсэн юм болов уу гэсэн бодол төрлөө. Тиймгүйсэн бол тэр байх ёстой газраа байх ёстой цагтаа уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж, ярилцах байсан нь лавтай.

Г.ОТГОНЖАРГАЛ