Хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хүн Улс төрд ороод нэмэргүй гэдгийг УИХ-ын гишүүн асан Д.Энхбат хэлсэн удаатай. Эрх мэдлийн тэмцэл дунд орчихвол хүссэн зүйлээ, яриад байгаа гоё сайхан ажлаа хийх завгүй болчихдог юм гэнэ билээ.

Тэгвэл өнөөдрийн эрх баригчид сонгуулиар сайхан сайхан зүйл ярьж, амлаж гарч ирсэн. Үүнээс хэрэгжсэн нь нэгээхэн ч үгүй гээд хэлчихвэл нээх их хэлсдүүлсэн болохгүй биз ээ.

 

Өнөөдрийн нийгэмд ажилтай орлоготой монгол хүний тоо улам цөөрч, ажилгүйчүүдийн эгнээ олноороо нэмэгдэх боллоо. Эрүүл монгол хүн гэсэн ойлголт огтоосон ч үгүй болсон. Эрүүл хүн байвал тэр нь тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. "Боловсролтой Монгол" гээд л байсан. Боловсролгүй хоосон толгойнууд гудамжаар дүүрэн алхаж л байх юм. Хүүхдийнхээ боловсролд анхаараад номын дэлгүүрээс унших ном худалдаж аваад өгөхөөр архи, тамхи, хүүхэн шуухан сурталчилсан элдэв эвгүй хэллэгүүд орж ирээд, эцэг эх нь өнөөхийг нь хүүхэддээ тайлбарлах гэж үйлээ үзээд л... Сурах бичиг нь алдаатай хэвлэгдсэнээс хуулан бичгээ алдаж хууллаа хэмээн бяцхан амьтан зэмлүүлээд л... Монголын нийгмийн амьдралын зах зух нь иймэрхүү байдалтай.

 

Харин улс төрчид нь наанаа сайхан зүйл ярьчихаад хөшигний цаана өөр хоорондоо тэмцэлдэж. Үнэн үг хэлсэн хүнд  өс хонзон санаж, алтан шүдтэй араандаа зууж, ажил төрөл, албан тушаал, аль байдгаас нь салгаж, торны цаана хийчих санаатай. Хэн нь өндөр дээд албан тушаалд очно тэр хүний эрх мэдэл, танилын хүрээ нь тэлэгдэж, тэрнийхээ хэрээр эрх мэдэл нь улам бүр өргөсч, өөрийн санасан бүхнээ хийхэд чөлөөтэй болж байна. Монгол улс ардчилсан нийгэмтэй гэгдэх боловч, эрх чөлөөгөө ард иргэд нь зүй ёсоор эдэлж буй нь тун чиг ховорхон байх юм даа. Улс орон, нийгмийн нүүр царайг ямар байгааг, эрх баригчид, улс төрчид яаж ажиллаж буйг үнэнээр нь хэлсэн нэгнээ ажлаас нь чөлөөлөх тухай ярих нь элбэг. Уг нь бол Ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байлаа гэхэд улс орны хувь заяатай холбоотой асуудлыг дан ганцаараа шийднэ гэдэг бол учир дутагдалтай. Өнөөдрийн шинэчлэлийн гэх засгийн газар ажлыг нь шүүмжилсэн, хийж буй ажлынх нь алдаа дутагдлыг хэлсэн хэнийг ч албан тушаал, ажлаас нь "зайлуулах" л санаатай байх боллоо.

Засгийн газрын ажлыг буруу гэдгийг хэлснийхээ төлөө ажлаасаа мултарсан хүн бол Тагнуулын ерөнхий газрын дэд дарга н.Чулуунбаатар. Төрийн нууцаас хувь хүний нууцыг гаргаар Засгийн газраас төсөл боловсруулан оруулж ирж, УИХ-иар хэлэлцүүлж байхад болохгүй гэдгийг нь хэлж байсан тэрээр тун чиг удахгүй ажлаасаа чөлөөлөгдсөн юм даг. Тэгвэл Хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн асуудалд ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Х.Тэмүүжин хоёрын санал нийлэхээ байсан. Тиймээс салбарын сайд нь Б.Билэгтийгээ суудлаас нь "зайлуулах"-аар асуудлал засгийн газрын түвшинд оччихоод байна.

Хамгийн сүүлд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат гүйцэтгэх засаглалаа шүүмжилсэнийхээ төлөө ажлаасаа "зайлуулагдах" хэмээнд асуудал хүрсэн талаар хэвлэлээр онцоллоо. Монголын эдийн засаг хүндрээд, хэцүүхэн болчихлоо хэмээн ард түмэн, эдийн засагчид, сөрөг хүчин удаа дараа дуугарч буй. Харин эрх барьж буй АН болон Засгийн газрын зүгээс Монголын эдийн засаг бага зэрэг хүндэрсэн удахгүй гоё болно хэмээж, худлаа харлуулж байна гэдэг. Тэгвэл эдийн засгийг хөгжлийн яамыг АН-тай хамтран толгойлж байгаа О.Чулуунбат сүүлийн үед хэвлэлээр эдийн  засгийн нөхцөл байдлыг ил задгай шүүмжилэх болсон. Эдийн засаг доройтоход эрх баригчдын алдаатай бодлого шууд нөлөөлсөн гэдгийг ил цагаан хэлээд байна. Тэрээр хэлэхдээ "Өнгөрөгч онд бид хоёр ч бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нийлээд 4 тэрбум доллар зэх зээлд нийлүүлсэн, ийм хэмжээний мөнгө нийлүүлээд дөнгөж 11 хувийн өсөлт авлаа. Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоох ёстой. Үүнийг дэлхий даяар туршаад бүтэлгүйтсэн. Эдийн засаг өссөн ч ард иргэдийн амьдрал  дээшлээгүй. Шалтгаан нь төгрөгийн ханш 25%-иар уначихсан. Бүхнийг Монголдоо үйлдвэрлэх боломж байхгүй. Бид эхний ээлжинд уул уурхайгаар л өрсөлдөнө. Тиймээс чаддаг юмаа л хийх хэрэгтэй.  Шулуухан хэлэхэд Монголоос мөнгө зугтаж байна шүү дээ, нүүрээ буруулчихсан байна. Хүн амьдрал дээр ханьтайгаа таарсан өдрөө гэр бүл болдоггүй биздээ. Удаан хугацаанд бие биеэ харна, танина, хүлээнэ. Бүх бизнес хөрөнгө оруулагч яг үүнтэй адилхан. Их удаан ажиж, хүлээж, хянаж байж Монголд хөрөнгөө оруулдаг. Харин ингэж олж авсан итгэлийг маш амархан эвдэж болдгийг бид сүүлийн хоёрхон жилд харлаа шүү дээ “ хэмээсэн.

Үнэндээ эдийн засаг хүндрээд хэцүүхэн байгаа энэ хугацаанд ард түмэн, эдийн засагчид О.Чулуунбат юу хэлэхийг хүлээж байсан. Цагтаа төв банкыг толгойлж, эдийн засгийн гол ачааг үүрэлцэж явсан тэрээр дэд сайдын суудлаар амаа үдүүлээд суух ухвар мөчит яавч биш. Зөв ч бай, буруу ч бай Засгийн газрынхаа алдааг ингэж ил цагаан шүүмжилж хэлж чадах хүн өнөөдөртөө түүнээс өөр алга. Гэтэл эрх баригчид О.Чулуунбатын шүүмжлэлийг сонсох нь битгий хэл түүнийг ажлаас нь чөлөөлөх тухай ярих болж энэ яриа Засгийн түвшинд өндрөө авчээ. Үнэн үг хэлсэн нэгнээ энэ мэтээр ажлаас нь "зайлуулаад" байх юм бол улс орон хөгжинө гэхэд итгэхэд бэрх.

Сүүлийн үед Засгийн газрын хийж байгаа ажлыг УИХ-ын гишүүн Д.Ганбат хүчтэй шүүмжлэх болсон.  Тэрээр "Манай засгийн газар санасан, бодсон хэмжээнд сайн ажиллахгүй л байна. Нуугаад яахав, бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй нь. Энэ нь ч өнөөдрийн уначихсан эдийн засгийн байдлаар илэрч байна шүү дээ. Хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ, маргааш нөгөөдөр юу болох вэ гээд бодвол Засгийн газар хийж чадахгүй явна.  Хамгийн гол энд хариуцлагын асуудал байгаа юм" гэв. Гэхдээ УИХ-ын гишүүн юм болохоор түүнийг "зайлуулах" гээд ч нэмэргүй биз. Харин амыг нь хэрхэн үдэх нь л "сонин".

 

Ямартай ч улс орон, ард түмнийхээ амьдрал ахуйг өөд татах ажил хийхээсээ илүү өөрдийгөө сайн сайхан харагждуулж, буйсдыг муухай харагдуулах, өөрдсийг нь муу муухайгаар хэлсэн хүмүүсийг ажил, албан тушаалаас нь "Зайлуулах" тактик л бариад ажиллаад байх шиг.

 

Н.Чинзориг