Урт хэл хүзүү орооно гэж. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Үйлдвэрчний эвлэлээсээ татгалзах шаард­лагатайг С.Дэмбэрэл ги­шүүн сануулж байсан удаатай.

Ингэхдээ мань хүн өөрийн толгой дээрх бухлыг умартчихаж. Тан­химын С.Дэмбэрэл хэмээн нэрлэгдэх болсон тэрбээр өдгөө ч Худалдаа аж үйлдвэрийн танхимын дар­­гын албан тушаалтай. Мөн халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн. Гэхдээ энэ жаргал нь удаан үргэлжлэхгүй бололтой. Тан­­­­химынхан нь мань хү­ний хантаазыг тайчиж, энэ хавартаа хөнгөлөхөөр хэлэл­цэж эхэлжээ.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдийн чуул­ган удахгүй болох аж. Энэ үеэрээ даргын суудлыг за­сах ажлаа хэлэлцэх гэнэ. Үүнийг сонссон С.Дэмбэрэл ули­ран сонгогдох сонир­холтой байгаагаа илэрхийлж, дэм­жигч цуглуулах их аянд мордсон сурагтай. Өөрөөр хэлбэл, сандал суудалтайгаа харин ч нэг зууралдана л гэнэ шүү гэх байр сууринаас хандаж буй бололтой юм. Уг нь С.Дэмбэрэлийг даргын албан тушаалаас буулгах хэд хэдэн үндэслэл байгааг эх сурвалж тодотгож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн давхар алба хаших эрхгүй. Энэ талаар Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж байсан удаатай. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Сарантуяа маргаан хянан шийдвэрлэхээс татгалзаж тогтоол гаргасан байдаг. Үндэслэл нь “УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хуулиар зөвшөөрсөн ажил давхар эрхэлж байгаа тул Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ. Мэдээж энэ шийдвэрийг А.Мөнхбат хүлээн зөвшөөрдөггүй. Зүй нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт буюу УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй гэх заалттай. УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн энэхүү шалтгаанаар Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн албанаас бууж байсан билээ.

Хоёрдугаарт, МҮХАҮТ нь бизнесийнхнийг бодитойгоор бодлогоор дэмжих, тэдний өмнөөс дуугардаг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц алхмуудыг хийдэг томоохон байгууллага байх ёстой атал өнөөг хүртэл 20 жилийн хугацаанд нэг хүний хувийн компани мэт явж ирснийг шүүмжилж байна. Иймээс салхи оруулж, шинэчлэл хийх шаардлагатай гэнэ. Нөгөөтэйгүүр, танхимыг ашиглан “мөнгө босгож”, шинээр баригдсан Худалдаа аж үйлдвэрийн танхимын хажуухан талд дүүдээ томоохон газар авч өгсөн гээд мань хүнийг тойрсон элдэв хэл ам тасардаггүй юм байх. Тэр байтугай сонгуулиар танхимын мөнгөөр гарч ирсэн гэх таагүй мэдээлэл ч байна.

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат блог дээрээ ИЗНН мөнгөөр нэр дэвшигчдээ тодруулсан тухай бичсэн байдаг. Энэ нь шууд хэлээгүй ч шулуун шугамаар С.Дэмбэрэлтэй холбогддог хэ­мээн олон хүн харддаг л юм. Энэ талаар С.Дэмбэрэл “Их мөнгө гаргасан гэдэг ойлголт байхгүй. Харин мөнгө босгох гэдэг ойлголт л байдаг. Өөрөөр хэлбэл, намайг болон бусад хүнийг дэмждэг хүмүүстэй уулзаж учрах гээд улстөрийн намууд болон Сонгуулийн тухай хуульд заасан ёсоор л бүгд ажилласан. ИЗНН-ын натур нь өөрөө мөнгөнд тэгж их удирдуулаад байдаг юм биш. Хүн бүрийн бодол өөр байх” хэмээн хариулсан юм. Гэвч УИХ-ын гишүүн асан, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр телевизэд өгсөн ярилцлагадаа “ИЗНН ч адилхан сонгууль болж, жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх хүн байна уу гэхэд С.Оюун, С.Дэмбэрэл нар тус бүрдээ 350 сая төгрөг өгч жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигдсэнээр УИХ-ын гишүүн болсон” хэмээн хэлж орхисон. Ингэж хэлснийх нь төлөө нэр бүхий хүмүүс нэр төрөө сэргээлгэнэ энэ тэр гэж сүйд болоогүйг бодоход оргүй үг биш бололтой юм билээ.

Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш эдийн засаг хүндэрлээ хэмээн хаяахан ганц үг унагахаас өөр дорвитой зүйл хийгээгүй. Харин ч чуулганы хуралдааны үеэр твиттер хуудсаараа гунигтай байгаагаа жиргэнэ. Хааяахан охид ингэж зургаа даруулдаг юм билээ хэмээн толины өмнө зогсч өөрийнхөө зургийг авна. Тэр байтугай гуниглах болсон шалтгаанаа ойрд хүүхэндээгүйн шинж хэмээн жиргэснээр нэлээд шуугиан тарьж байлаа. Энэ мэтчилэн өөрийнх нь хэлдгээр УИХ-ын гишүүний ажлаа ч, МХАҮТ-ынхан даргын ажлыг ч “халтуурдизм”-даж байгаа хүн.

Л.НИНЖСЭМЖИД