Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ өдрүүдэд Эдийн засгийн хөгжлийн сайдын амыг л уг нь харах учиртай.

Гэвч тус салбарын сайдынх гэхээсээ дэд сайд О.Чулуунбатынх нь байр суурийг сонсвол илүү оновч­той ажээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг сайд нь гаргахаас дэд сайд гаргахгүй. Шинэчлэлийн Засгийн газар шинэ бүтцээр ажиллаж эхлэхдээ салбаруудыг жи­жиглэн хувааж, Ардчил­сан намын бүлэг, фракциудад албан тушаалын шагнал маягаар хуваарилсны нэг нь Эдийн засгийн хөгжлийн яам. Уг салбарын сайдаар “фортуна” хэмээх Н.Батбаяр томилогдоход ар тал бо­лох МҮДН фракци нь дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүлэглэл, фракцийн тохироогоор сайд болсон болохоос тухайн салбарыг аваад явах чадвар, мэдлэг, туршлагыг харгалзан үзээ­гүй гэсэн үг л дээ. Тийм ч учраас өнөөдөр улсын эдийн засаг элгээрээ хэвтээд байхад, одоо ба ирээдүйд яах тухай ямар нэгэн бодлого ч гарсангүй. Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн асууд­лууд болон салбар хоорондын бодлогын уялдаа, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох гэхчилэн тун чухал асуудлууд багтдаг. Түүнчлэн зээл, тусламж, экспорт, импортын асуудал, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн нэгдсэн бодлогын зохицуулалтын талаархи Засгийн газрын бодлогыг Эдийн засгийн хөгжлийн сайд гаргах ёстой. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, үр ашиггүй баахан өр нэмж тавьсан, экспорт бараг байхгүй болсон, үр дүнд нь эдийн засаг хэзээ сэхэх нь тодорхойгүй байдалд хүрээд байна. Эдийн засгийн хөгжлийн яам хэмээх шинэ бүтэц үүргээ гүйцэтгэсэнгүй, сайд нь ажлаа хийж чадсангүй.

Түүнд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч хэмээх цолыг 2012 онд өгсөн юм. Тэр ардчиллын жилүүдэд ямар гавьяа байгуулсан болоод ийм шагнал авав. Шагнал хүнд урам дэмжлэг, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх ташуур болдог юм бол эрхэм сайд-гишүүн өнгөрсөн хоёр жилд юу хийж бүтээв. Харамсалтай нь сайд нь гавьяат болсон ч салбар нь навс унажээ. Эдийн засаг унахад иргэдийн амьдрал дагаад “унадаг”. Үүнийх нь төлөө Н.Алтанхуягийн Засгийн газартай хариуцлага тооцох ард иргэдийн шаардлага өндөрсөж байгааг анзаарч болно. Асар их шүүмжлэлтэй тулгарсаар байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна шинэчлэлийн Засгийн газрын бас нэг гол эмзэг цэг нь “фортуна” хэмээх Н.Батбаяр болсоор ирэв.

Зөвхөн энэ удаа ч бус мань “фортуна” Ардчилсан намын хувьд үргэлж эмзэг цэг байсаар ирж. Эдийн засгийг хөгжүүлэх нэртэй ч огт хөгжүүлээгүй салбарыг удирдахаас өмнөх дөрвөн жилд Н.Батбаяр хамтарсан Засгийн газрын Шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ц.Баярцогт нарыг байнга шүүмжилдэг нэгэн байв. Эдний байгуулсан Оюутолгойн гэрээг эсэргүүцэхдээ тэрбээр “Оюутолгой, Тавантолгойн орд бол ард түмний өмч” гэх үгээр малгай хийж, энэ гэрээг буцаах ёстой гэсээр 2012 оны сонгуультай золгож, мөн л үүнийгээ ярьсаар Архангайн нэгдүгээр тойргоос сонгогдсон. Уг гэрээг эсэргүүцдэг энэ мэт этгээдүүдийг сайд болоход хөрөнгө оруулагчдын итгэл тэдний эсэргүүцэл шиг буурсан нь мэдээж. Харамсалтай нь сайд болоод сайжруулах талаар юу ч хийсэнгүй, харин ч муужруулж санаа нь амрав бололтой. Ерөөс улсын хөгжлийн урагшлах замд арай саад тээг болох гэж сайдын сэнтийд суусан юм биш байгаа даа ч гэж бодмоор тийм л урагшгүй байна. Н.Батбаяр эдийн засгийг хөдөлгөх хамгийн том хөшүүрэг болсон Оюутолгой, Тавантолгойн ордын талаар сайдын эрх мэдлээ ашиглаж огт хөдөлсөнгүй. Өмнөх засгын газарт сайд болгоогүйнх нь хорсол өнөөдөр сайд болоод л тайлагдчихсаны том баталгаа энэ биз ээ. Үүгээрээ Ардчилсан нам аль ч засагт байсан “фортуна” хэмээх эр намынхныхаа хувьд л лав ямагт эмзэг цэг нь болдог гэдгийг бас л харуулж байна. Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох, үгүйдээ хариуцлага тооцож, сэлгээ хийдэг юмаа гэхэд хамгийн түрүүнд өртөх сайд бол эл “эмзэг цэг” юм.

Төрийн сайдын зангараг, ёс суртахуун, албан тушаалдаа эзэн байх шалгуур шинэчлэлийн Засгийн газрын олон сайдад дутагдаж байгаагийн нэг нь мөн л Н.Батбаяр. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хариуцсан салбарын бодлого ийм сайн байна гэхээс илүү “Фортуна” Н.Батбаяр гал бадрааж, бөө бөөллөө гэдгээр олон нийт илүү сайн мэддэг болж. Сайдын ажлыг сайн бөөлж, гал бадрааснаар хэмждэг бол түүн шиг сайд хэдэн зуундаа төрөхгүй биз. Төрийн ажилд ажил хэрэгч, хууль журмын дагуу хандах ёстой үнэт чанарыг уландаа гишгэх нь улам бүр газар авсаар буйг илчилж, элдэв шашны ёс ёсолгоог танхимынх нь сайдууд, УИХ-ын гишүүд ч өөгшүүлэн дэмжих байдал газар авав. Тун саяхан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ түүнийг хөдөө цэргийн анги дээр урьж залж аваачин гал бадраалгасан гэх хачин явдал гарч. Гал бадраах зан үйлээр дамжуулан өөрийгөө дээд тэнгэрийн элч гэх нь холгүй сурталдахаас өөр ажил хийдэггүй түүнийг сайдын суудалд суулгасаар байх нь хэр зөв зүйтэй вэ. Намынхантайгаа хэзээнээс таардаггүй “Фортуна” саяхан хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй нударга зөрүүлсэн гэнэ. Хотын бүтээн байгуулал­тын санхүүжилтэд зарцуулах хөрөнгийг шилжүүлэхгүй бай­гаагаас буурал Үүл түүнд шанаа өгсөн юм байх. Сайн муу ч төрийн сайдыг шанаадаж байдаг хотын дарга ямар ч “том” юм, өөрийгөө ийм байдалд ортол жижгэрдэг “фортуна” нь ямар ч овлигогүй юм.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат бүр өнгөрсөн хавар, зунаас л салбарынх нь бодлого болохгүй байгааг шүүмжилж, сайддаа хүртэл банга хүртээж байв. Орчин үеийн эдийн засгийн онол номыг мэддэг цөөн улстөрчдийн нэг түүний хувьд гал тахихаас өөрийг мэддэггүй сайдтай байх хэцүү байх. Хоёр сайд нэг нь тэмээ гэхэд нөгөө нь ямаа гэх жишээтэй. Гэхдээ хэн нь үнэн яриад байсныг эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед тэнэг хүн ч гадарлахаар болж. Ам.долларын ханш тэртэй тэргүй хаданд гарсан. Харин сайд Н.Батбаяр доллараа л зохицуулчихвал макро эдийн засгийн орчин сайн байгаа гэх. Эдийн засагт эвлэж бүтэж байгаа юм юу байна гэхээр үнэндээ юу ч алга. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсч, хөрөнгө оруулалт хумигдаж, бондын мөнгө үр ашиггүй хийсэн одож байна. Сангийн сайд Ч.Улаан “Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамдыг нэгтгэх тухай судалж байгаа” гэжээ. Сайд нь ажил хийдэггүй, чиг үүрэг нь тарамдсан ийм яам огт хэрэггүй нь харагдаж байхад нэгтгэх нь магадгүй оновчтой шийдэл байх. УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганы эхэнд сайд-гишүүдийн давхар дээлийг тайлах асуудлыг хэлэлцэнэ. Ажлаа хийж чаддаггүй, элдэв “аргалах, түргэлэх” юмаар аргалаад яваад байдаг Н.Батбаярын нэг дээлийг хамгийн түрүүнд даруй тайлах хэрэгтэй. “Муу эрд халдага дараа” гэдэгчлэн түүнд төрд хийх ажил байгаа гэж үү. Хүн ер нь чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч өөр шигээ иймэрхүү “ерөнхий бөөрөнхий” нөхөдтэй байх дуртай л юм байх даа.

Т.ҮЛЭМЖ