Монгол Улсын парламентэд эрх баригч намаас дутуугүй олон суудалтай хүчтэй сөрөг хүчний лидэр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын дэд дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболдтой  намын  үйл ажиллагаанаас илүүтэйгээр улс орны нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэж байна. Түүний энэхүү тоо баримт, судалгаа сайтай ярилцлага эрх баригчид төдийгүй эрдэмтэн, судлаачид та бидэнд олон зүйлийн зангилааг тайлах нэгэн түлхүүр болно гэдэгт итгэлтэй байна.

 

Хэдхэн сарын өмнө  Шинэчлэл-эв нэгдлийн гэх тодотголтой МАН-ын  27-р Их хурал сүр дуулиантай болж өнгөрсөн ч одоогийн үйл ажиллагаанд шинэчлэл гэх зүйл алга хэмээн шүүмжлэлтэй хандах хүмүүс олшироод байх шиг.

Эв нэгдэл бол ганцхан намын бус Монголчууд бидний тусгаар улсаа хамгаалах, үндэсний аюулгүй байдлаа сахих улмаар эх оронтой байх амин ухаан гэж үздэг. Тэгээд ч шинэчлэл гэдэг нь болж, бүтэж байгаа зүйлсийг хадгалж, болохгүй зүйлсийг засч залруулж явах ёстой байнгын шинжтэй хөгжлийн зүй тогтол. Өмнөх бүх зүйлсээ үгүйсгэж, өөрчлөөд бүгдийг дахин шинэ болгоно гэдэг өнцгөөс хардаг хүмүүс бас олшроод байх шиг.

 

Тантай санал нэг байна. Тэгвэл та ажлаа аваад 4 сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд гол хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулахгүй юу?

Манай баг ажилдаа ороод 5 дахь сардаа явж байна. Намын шинэчлэлийг бодлого, үйл ажиллагаа,зохион байгуулалт, хүний нөөц хийгээд арга барил, сэтгэлгээ, хандлагын том зурагаар өргөн хүрээнд цогцоор хийх шаардлага байна. Үүний тулд цаг хугацаа, хүний хүчин зүйл ялангуяа эрдэмтэн судлаачдын оролцоо мөн гишүүд, дэмжигчид болон олон түмний дэмжлэг хэрэгтэй байна.

Бид намынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийг иргэд сонгогчдынхоо амьдрал дунд орж тэдний санаа бодлыг сонсож, хүн бүрт хүрч ажиллахын төлөө өмнөхөөсөө илүү нээлттэй, эргэх холбоо сайтай, хурдтай болгохоор зорьж олон ажлууд хийж байна. Энэ хугацаанд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нараас гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг 152 хороодод 2-3 удаа очиж ажиллаад байна. Бас нэг онцлог гэвэл урд нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тухайн аймаг орон нутагтаа л ажилладаг байсан бол одоо бусад аймгууддаа ч адилхан ажилладаг жишиг тогтоож,  зөвхөн сонгууль дөхөхөөр ажилладаг биш тогтмол ажилладаг болохыг зорьж байна. Ингэж байж бид нэг талаасаа дов жалгын үзэл хийгээд зөрчлөөсөө салах, нөгөө талаас иргэд сонгогчдоосоо хол тасрахгүй бодит  амьдралыг мэдэж төр, засгийн  шийдвэр хүмүүст илүү ойр болно.

 

Та сая манай баг гэж хэллээ. Таныг сүүдэр мэт дагаж явдаг шүүмжлэл бол хотын бүлэг. Та энэ багтаа итгэж энэ багаараа намаа өөрчлөн шинэчлэж улмаар ирэх сонгуульд ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу

МАН-ын даргын баг гэдэг нь манай намын үндсэн дүрмээр зохицуулагдсан өргөн хүрээнтэй ойлголт. Манай намын хоёр зуу гаруй мянган гишүүд, намын гуч гаруй мянган сонгуультанууд, намын даргаа сонгосон МАН-ын их хурлын мянга хоёр зуугаад төлөөлөгчид, намын бага хурлын гурван зуу гаруй гишүүд, намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутаны байгууллагуудын олон мянган гишүүд болон тэдгээр байгууллагын сонгуультанууд, УИХ дахь МАН-ын бүлэг,  Удирдах зөвлөлийн гишүүд гээд цулаараа эв нэгдэлтэйгээр нэгэн удирдлага, зохион байгуулалттай ажиллаж байна. Ингэж нягтарч байж л бид хамтдаа амжилтанд хүрнэ.

 Та хоёр дахь удаагаа намын даргаар ажиллаж байгаа хүн. Урд нь бас таныг намын дарга байхад уулзаж хэсэг ярилцаж байснаа санаж байна. Илүү нээлттэй болж их өөрчлөгдсөн ч юм шиг санагдаж байна.

Тиймээ. Өмнөх алдаа оноон дээрээ сурсан өөрчлөгдсөн зүйлс мэдээж байгаа. Ер нь цаг хугацаа өнгөрөхөд  бүх зүйлс тодорхой хэмжээнд өөрчлөгдөн хөгждөг жамтай. Өнгөрсөн хугацаанд намын төдийгүй төр, захиргааны ажлын технологитой болж мэргэшин дадлагажиж бас орон нутагт явж байхад олон түмний итгэл ихээхэн урам зориг өгч байнаа.

Боловсон хүчний шинэчлэл гээд дандаа юм мэдэхгүй залуучуудыг удирдлагадаа гаргаж байна. Нам нялхсын өвчнөөр өвдсөнөөс болж ялагдлаа гэж ярих цөөн хүмүүс бас байдаг. Та ч бас өөрийн багаа залуучуудаар бүрдүүллээ.

Наад асуултанд чинь үндэслээд нэг зүйлийг онцлоё гэж бодлоо. Ардчилсан нам гэхээр залуусын  нам, МАН бол хөгшчүүлийн нам гэсэн ойлголт нийгэмд түгээх сонирхол байх шиг. Гэтэл бодит байдалд яг эсрэгээрээ. Өнөөдөр АН-ын удирдлагад 1990-ээд оны 24 жилийн өмнөх улс төрчид зонхилож байна. Залуучуудад улс төрийн орон зай хомс байгаа тухай ярьдаг боллоо.Мөнхийн залуу улс төрч гэж байхгүй шүү дээ. Залуусыг хамгийн их дэмждэг тэдэнтэй ойр ажилладаг нам нь МАН болоод байна. Үүнийг намын удирдлагын бүтэц, өнгөрсөн сонгуулиудын нэр дэвшилтээс тодорхой харж болно. 

  Би хувьдаа манай намын залуучуудын байгууллага сайн ажилладаг гэж үздэг.  Харин ажил хийж чадах чадвартай, зүтгэлтэй хүмүүсийг тохирох ажилд нь томилох нь намын удирдлагын үүрэг. Ер нь залуу хүмүүстэй ажиллахад эрч хүчтэй сайхан санагддаг гэхдээ бид аль ч түвшинд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн харьцааг алдагдуулахгүй ажиллахыг хичээдэг. 

 

УИХ дахь Намын бүлгийн даргаа бас солилоо, таны шахалтаар Н.Энхболд гишүүн ажлаа өгсөн гэх юм.

Үгүй дээ, Н.Энхболд дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч намын бүлэг хэлэлцэж олонхоороо шийдвэрлэсэн. Ер нь та нар бүх зүйлийг нэг дарга шийдвэрлэдэг гэж ойлгоод байх шиг байна. МАН хамтын удирдлагын байгууллага шүү дээ. Энгийн бөгөөд эхний өөрчлөлтийг  эндээс л мэдэрч болно. . (инээв)

 

Цөөнхийн санал, санаачлагыг зөв ч байсан дэмжих ёсгүй гэсэн уриатай эрх баригчид ажиллаж байна

 

12  жил тасралтгүй эрх барьсан танай нам 2012 онд сөрөг хүчин боллоо. сонгуулийн дараа шоконд ороод дүрдээ орж чадахгүй байна эсвэл эрх баригчдыг ажлыг хийлгэхгүй гацааж байна гэж нэг хэсэг яригдаж байсан. Сөрөг хүчин ер нь үүргээ хэр биелүүлж байгаа вэ?

Шоконд орсон гэхээсээ илүү өөрсдийн ялагдалдаа сургамж авч дүгнэлт хийх, намын дотоод ажил, амьдралаа цэгцлэх хамгийн гол нь ард түмэн итгэл хүлээлгэн сонгосон эрх баригчдыг шинэчлэлээ хийх боломж олгох үүднээс хоёр жил орчим парламентын сөрөг хүчний хийх ёстой үйлдэл эс үйлдлийг хүчтэй хийгээгүй. Өнөөдөр бол олон түмэн манай намаас сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. 

 

Сөрөг хүчин ер нь үүргээ хэр хангалттай гүйцэтгэж байна вэ?

Ер нь одоогийн парлемент цөөнхийн санал санаачлагыг зөв ч байсан дэмжих ёсгүй гэсэн хатуу бодлоготой ажиллаж байна. Манай намын бүлгээс намрын чуулганд нийт 22 хуулийн төсөл өргөн барьсан. Нэг,хоёроос бусад нь огт хэлэлцэгдээгүй. Харин учрыг нь УИХ-ын дарга нэгэн ярилцлагандаа “…сөрөг хүчний санаачилсан хууль чуулганд оруулсан ч дэмжлэг авахгүй. Ард түмэн олонхийг ажлаа хий гэж сонгосон…” гэж ярьсан байна лээ.  

Харин бид засгийн газрын зөв бодлогуудыг дэмжиж “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Төрөөс эрдэс баялгын талаар баримтлах бодлого”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” гэсэн гол хуулиудыг дэмжин батлууллаа.

Мөн засгийн алдаатай бодлогуудыг ч засаж ажилласан. Үүнд Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөлд намын бүлгийн гишүүд идэвхи санаачлага гарган ажиллаж  гадагшаа гарах байсан 3 тэрбум долларыг улсдаа үлдээхээр шийдвэрлүүлсэн. Мөн УИХ-аар 2014 оны төсвийг хэлэлцүүлэн батлуулах үед “Авлигажсан” гэх тодотголтой 720 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 243 төсөл арга хэмжээний төсвийг шалгуулахаар болж, он дамжсан барилгуудын төсөвт өртөгийг бодит үнэлгээнээс 260-862 хувиар өсгөж төсөвт тусгасныг илчлэн зогсоож ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр хойшлуулж чадсан.

 

Түүнчлэн төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг  зөрчин улсын өрийн  хязгаарыг ДНБ-ий 60 хувь болгохоор оруулж ирсэнийг намын бүлгийн гишүүд эсэргүүцэж 40 хувьд барихаар тогтоосон. Эрх баригчид хуулийг жам ёсны бус дур зоргоороо өөрчлөн нэг намын эрх  ашигт нийцүүлэн Монгол төрийн албыг хүчгүйдүүлэх, иргэдийг ялгаварлан гадуурхах, улс орны эдийн засгийг сүйрүүлэх улмаар ард түмний амьдралыг доройтуулах аваас сөрөг хүчний зүгээс доривтой арга хэмжээнүүдийг авах болно.

 

Тухайлвал ямар эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авах вэ?

Зөвхөн сөрөг хүчин биш парламентад суудалгүй улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран Засгийн газрыг огцоруулах, УИХ-ыг тараах хуулийг санаачилах, хэрэв олонхиороо хүч түрж эдгээр асуудлуудыг зогсоовол иргэд, олон түмнийнхээ дэмжлэгийг авч УИХ- д итгэл үзүүлэх асуудлаар бүх ард түмний санал асуулгын тухай хуулийг санаачилан тэмцлийн бүхий л хэлбэрээр шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч болно.

 

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад хоёр жил орчмын нүүр үзлээ. Үйл ажиллагааг нь юу гэж дүгнэж байна вэ?

Сүүлийн 24 жилд ажиллаж байсан үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн их төсөв, мөнгө зарцуулсан Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг тодорч байгаа. Түүний засгийн газрын 2013 онд буюу ердөө ганцхан жилд 13,2 их наяд төгрөг зарцуулсан нь 1990-2012 он буюу 22 жилийн хугацаанд ажилласан Засгийн газруудын зарцуулсан төсвийн нийт зарлагын 63 хувьтай тэнцэж байна. Үүнээс үзэхэд энэ Засгийн газарт ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх боломж, нөхцөл өмнөх Засгийн газруудтай харьцуулахад хамгийн их байсан. Гэвч эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх биш харин ч буурлаа. Засгийн газар чанарыг биш тооны араас хэт их хөөцөлдлөө. Засгийн ажлыг хувийн хэвшлийн компанийн ажил шиг санаж реклам сурталчилгаа хирээс хэтэрлээ. Маркетинг сайн хийж байж компанийн орлого нэмэгдэж ашиг гардаг бол Засгийн ажлын үр дүнг эдийн засгийн өсөлт, ард түмний амьжиргаагаар хэмждэг гэдгийг онцлоё. Энэ засгийн газар эх орноо өрөнд унгаж, эдийн засагаа доройтуулж байгаагаараа монгол улсын түүхэнд хар толбо болон үлдэхээр болоод байна. Намрын чуулганд өргөн барьсан 30 хууль батлагдах байсан ч тооцоо судалгаа муу, боловсруулалт хангалтгүй байснаас 19 хуулийн төслийг баталж чадсангүй.

 

Эдийн засгийн үзүүлэлтүүд буурлаа гэлээ. Тодруулаач

Өнөөдөр манай улсын макро эдийн засгийн байдал тогтворгүй байна. Олон улсын түвшинд эдийн засаг ямар байгааг тооцож хардаг хэдхэн үзүүлэлт байдаг. Гэтэл 2013 оны байдлаар гэхэд ДНБ-ны өсөлт 6 орчим хувь буурч, төгрөгийн ханш 25 хувиар суларч, инфляци 12,5 хувьд хүрч, гадны хөрөнгө оруулалт 54 хувь буурч, улсын төсвийн орлого тодотгосон төсвөөс 505 тэрбум төгрөгөөр тасарч, чанаргүй зээл 560 гаруй тэрбумд хүрсэн гэж эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд сөрөг гарсан. Гол нь энэ бүхэн иргэдийн худалдан авах чадварыг өдрөөс өдөрт доройтуулж, тэдний орлогоос хумсласаар байна.

Мөн 2013 онд улсын нэгдсэн төсвийн тэнцэл 297.3 тэрбум төгрөг, гадаад худалданы тэнцэл 2 тэрбум 82 сая ам.долларын алдагдал хүлээж, төлбөрийн тэнцлийн нийт дүнгээр 1 тэрбум 883.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Ийнхүү манай улсын эдийн засагт нэгд; төсөв, хоёрт; гадаад худалдаа, гуравт; төлбөрийн тэнцлийн гэсэн эдийн засгийн “гурамсан алдагдал” нүүрлэлээ.

 

Тэгвэл улсын өр хуулиар заасан хэмжээнээс хэтрээгүй хэмээн удаа дараа Засгийн газар мэдэгдэж байгаа. Өнөөдөр улсын өр ямар хэмжээнд хүрээд байна?

Бид Засгийн эрхийг хүлээлгэн өгөхөд 2,7 тэрбум ам. долларын валютын нөөцтэй, Засгийн газрын гадаад өр 1,9 тэрбум ам. доллар, харин Засгийн газрын нийт өр ДНБ-ий 27 хувьтай тэнцэж байсан. Гэтэл өнөөдөр бидний мэдэж байгаагаар 2013 оны эцэст Улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар  буюу одоогийн ханшаар тооцоход 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувьд хүрч байгаа. Энэ нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй, ард түмэндээ буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь эрх баригчдын зүгээс явуулж буй дэндүү хариуцлагагүй байж боломжгүй үйлдлүүдийн нэг юм. Одоогийн энэ тооны хувьд зээлийн ирээдүйд төлөгдөх эргэн төлөлт багтаагүй тооцоолол юм. Товчдоо хэлбэл Шинэчлэлийн хэмээх засгийн газар улс орныг хоёрхон жилийн дотор улс орныг өнгөрсөн 21 жилийнхээс илүү их хэмжээний өрөнд орууллаа.

 

Эдгээр өр зээл цаашид ямар эрсдэлийг Монгол улсын нийгэм, эдийн засагт дагуулж байгаа вэ? Гарах гарцыг юу гэж харж байна?

Өнөөдөр Монгол улсын төр нь их өртэй, ард иргэд нь өртэй, ААН-үүд нь ч өртэй байна. Энэ байдлаас харахад Монгол улсад өрийн хямрал нүүрлээд байна. Дэлхийн олон орны гашуун түүхэн сургамжуудыг бид давтах учиргүй. Засгийн газрын өрийн дарамт цаашид ихэсч, төсвийн зардлаа танаж, олон зуун хүн цомтголд өртөн ажлаасаа халагдах магадлал ойртсоор байна. Мөн Төр нь хамгийн том эрэлт бий болгогч болж, хэрэглэгчийн хувьд эрэлт хэрэглээгээ багасгаж, одоо хийж  буй болон төлөвлөгдсөн төслүүдийн хөрөнгө санхүүжилт зогсох магадлал их өндөр байна. Энэ нь улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд хүнд цохилт болох юм.  

 Нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг хямралд хүргэлгүйгээр  ухаалгаар зөв, бодитой оношилж, богино, дунд болон урт хугацааны бодлогын стратегийг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг оновчтой болгон үр өгөөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын зохистой бодлогыг хэрэгжүүлэх ялангуяа хөрөнгө оруулалтын бодлогыг сайтар хийгдсэн судалгааны үндсэн дээр зөвхөн эдийн засгийн биш нийгмийн үр өгөөжийг илүү анхааран тооцоолж, ач холбогдлын эрэмбийг зөв болгох, өрийн удирдлагын механизмыг тунгалаг болгох, олон түмэнд ил тод байх зарчмыг чанд хатуу баримтлах хэрэгтэй. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж оролцоонд түшиглэсэн өсөлтийг бий болгох замаар бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг богино хугацаанд дээшлүүлэх, мөнгөний бодлого юун түрүүнд ханшийн богино хугацааны огцом савалгааг тогтворжуулах, эдийн засагт төдийгүй иргэдийн амьжиргаанд үзүүлэх таагүй нөлөөллөөс сэргийлэхэд чиглүүлэх, нийгмийн орлогын шудрага хуваарилтын бодлогыг төрийн онцгой анхааралд авах зэргийг цаг алдалгүй хийвээс эдийн засгийн хүндрэлээс гарч чадна.

 

Онолоор бол сөрөг хүчний лидер эрх баричддаа хүндрэлээс гарах гарц зааж өгөх нь байтугай асуудлыг улам улс төржүүлж нэр хүндийг нь унагаах зорилоготой байдаг юм биш үү?

Улс орны эдийн засаг унаж ард түмний амьдрал доройтож байхад улс төржүүлээд тавлаж суух сэтгэл яаж байхав дээ.Сайныг дэмжиж,саарыг засаж залруулах нь энэ парламентын 76 гишүүний гол үүрэг. Гэсэн ч та бидний аав,ээж үе үеийн ахмад буурлуудын маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээрээ бүтээн байгуулсан үйлдвэр, аж ахуйн газруудыг ягаан, цэнхэр цаасаар үнэгүйдүүлэн өмч хувьчлал нэрээр хууран мэхлэж, хувааж жавшсан, урлаг, соёлын үнэт өвүүдийг устган нурааж, олон нийтийн байгууллагын болон иргэдийн хувийн өмч хөрөнгийг булаан авах, Монгол төрийн албыг төрлийн төдийгүй гэр бүлийн алба болгож байгаа нийгэм, эдийн засгийн  хөгжлийн түвшинг унагаасан, төрийг засаглаж чадахгүй байгаа зэрэг олон асуудлуудыг шүүмжлэхгүй байж болохгүй.

Хамгийн гол нь та бидний нүдэн дээр ард түмний болон улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц ялангуяа  үндэсний аюулгүй байдал хийгээд тусгаар тогтнолд  хохирол учруулж болох асуудлыг  бид ямагт эрх баригчдад хэлж сануулсаар  байх болно.

 

МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг нэмэхийг шаардаж байгаа. Ийм боломж байгаа юм уу?

2013 онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь өссөн, харин цалин, тэтгэвэр тэтгэмжийг эрх баригчид нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. 2014 оны төсөвт тусгагдсан 235,0 тэрбум төгрөгөөр  баримжаалахад төрийн албан хаагчдын цалин 6-8 хувиар нэмэгдэх тооцоо гарч байсан. Энэ нь 2012-2013 оны үнийн өсөлтийн 30-40 хувьтай харьцуулбал нэмээгүйтэй адил юм. Манай нам төрийн албан хаагчдын цалин хөлсийг дундажаар 30 хувиар, ингэхдээ бага цалинг түлхүү нэмэх шаардлагыг ЗГ-т хүргүүлсэн. Одоо ч энэ байр суурь хэвээр байна.

 

Ер нь сэтгэл байвал хөрөнгө бага байсан ч асуудлыг шийдэж болдог юм. Намайг Ерөнхий сайдаар 2 жил ажиллах хугацаандаа цалин, тэтгэвэр 3 дахин нэмэгдсэн, Сү. Батболд Ерөнхий сайдаар 3 жил ажиллахдаа цалин, тэтгэврийг дундажаар 2,5 дахин нэмсэн. Зөвхөн энэ 5 жилд төрийн албан хаагчдын дундаж цалин 90,0 орчим мянган төгрөгөөс 630,0 гаруй мянгад хүрч нэмэгдсэн байдаг. Харин тэр үед улсын төсөв одоогийнхоос 3-7 дахин бага байсан. Засгийн газраас өнгөрсөн 2013 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, өндөр настны тэтгэврийг нэг мөнгөөр ч нэмэгдүүлээгүйг тооцвол манай иргэдийн бодит орлого, өрхийн амьжиргаа наад зах нь инфляцийн хэмжээгээр буурсан, бүр унасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

Эдийн засаг өслөө, өсөлт буурлаа гэж их ярих юм. Өсөлтийн үр дүнг хэн хүртэж байна вэ? Энэ талаар танай нам ямар бодлого баримталж байна вэ?

Энэ маш чухал асуудал аа. Эдийн засгийн өндөр өсөлтөөр улс орны хөгжлийн түвшинг тодорхойлдог цаг үе улиран одож, улс орон бүр эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэддээ яаж хүртээхэв гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх боллоо. Үүнийг хүртээмжтэй өсөлт гэж нэрлэж байна. Өсөлтийг хүртээмжтэй болгоё гэвэл өсөлтөд иргэдийг аль болох оролцуулах, оролцож чадахгүй хэсэгт нь орлогыг дахин хуваарилах замаар шууд хүргэх гэсэн аргуудыг  хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, өсөлтийн үр ашиг нь ажлын байр, нийгмийн халамж гэсэн арга замаар дамжиж иргэдэд тэгш хүрэх учраас манай намын эрмэлзэх зүйлс, бодлого, үйл ажиллагааны чиглэлд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлого чухал байр суурь эзэлдэг юм.

 

Он гарсаар эрх баригчид эдийн засгийн өсөлт 2 оронтой тоотой гарсан нь сайн үзүүлэлт гэж ярих боллоо. Үнэн хэрэгтээ энэ өсөлт ард иргэдийн амьдралд хэр наалдацтай, үр өгөөжтэй өсөлт вэ?

 

2013 оны гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 11,7 хувьтай гарсан нь хүртээмжтэй өсөлт байв уу?  Ямар хөрөнгө, үнэ, өртгөөр бий болов гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч байна. Өнөө үед дэлхий нийтээрээ оролцоог хангасан хүртээмжтэй өсөлтийн тухай онцлон ярьж байна. Тэгвэл 2013 оны эдийн засгийн өсөлт ард иргэдийн олонхийн амьдралд огтхон ч наалдахгүй, харин ч амьдрал ахуй нь хүндэрсэн гэж шүүмжилж байгаа нь үнэн. Манай эрдэмтэн судлаачид үүнийг

 

- Ард түмнээ ядууруулсан өсөлт,

- Аж ахуйн нэгжүүдээ сүйрүүлсэн өсөлт,

- Эх орноо өрөнд оруулсан өсөлт,

- Иргэддээ, хүртээмжгүй өсөлт гэж онож хэлсэн байна лээ.

 

Эдийн засаг өсч байгаа бол ард иргэдийн цалин орлого өсч, амьдралын түвшин сайжрах ёстой. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн орлого, ашиг нэмэгдэж, бидний амьдралын чанар дээшилж, нийгэмд дундаж давхарга нэмэгдэх ёстой гэдэг нь ойлгомжтой.

 

Үндэсний статистикийн хорооны өрхийн хэрэглээний судалгаагаар 2013 оны эцэст чинээлэг хэсгийн хэрэглээ хүн амын бүлгүүдийн хэрэглээнд 41,8 хувийг эзэлж байхад бага орлоготой хэсгийн хэрэглээ 7,8 хувийг эзлэх болсон байна.

 

Зүүн болон төвийн бүсэд баян ядуугийн ялгааг илэрхийлэх дээрх үзүүлэлтийн хувьд ядуу хэсгийн хэрэглээний эзлэх хувь 6,9-7,5 хувь, чинээлэг хэсгийнх 43-44,1 хувь, баруун болон хангайн бүсэд 7,7-8,2 хувь, 42,8-44,0 хувь, нийслэл хотод 8,0 хувь, 40,2 хувь тус тус байна. Өөрөөр хэлбэл, баян чинээлэг хэсгийн хэрэглээ бага орлоготой ядуу хэсгийнхээс 5,0-6,2 дахин их байна гэсэн үг. Энэ бол бодит амьдрал дээр баян, ядуугийн ялгаа илтээр хэд дахин ихсэж байгаагийн илрэл юм.

 

Өнгөрсөн онд эдийн засагт урьд урьдаас илүү их мөнгө, санхүүжилт оруулсан жил байлаа. Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 600 сая ам.доллар, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон 3,0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, орон сууцны 8 хувийн хүүтэй зээл гэх мэтээр эдийн засагт оруулсан асар их хөрөнгө мөнгөтэй харьцуулахад 11,7 хувийн эдийн засгийн өсөлтгэдэг нь туйлын чамлалттай үзүүлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй.

 

Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг ажлын байр бий болгодоггүй гэдэг. Танай нам яаж ажлын байр нэмэгдүүлэх байсан юм бэ?

Уул уурхай хөдөлмөрийн багтаамж ихтэй салбар биш ч гэсэн тодорхой төслүүдийг дагаж ажлын байр олноор бий болдог. Уул уурхайн нэг төслийг тойроод дундажаар 10,000 орчим ажлын байр бий болно гэсэн судалгаа тооцоо бий. Жишээ нь, Оюутолгойн үйлдвэрийн ажиллагчдаас гадна тээвэр, харуул, хамгаалалт, ажилчдын хүнс, байр сууц, ажлын тусгай хувцас зэрэг ажил үйлчилгээг маш олон аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүн хариуцан ажиллаж байна.

Нөгөө талаар уул уурхайн орлогоор бусад салбарыг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Жишээ нь хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэр, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зэрэг олон талын цогц бодлогыг манай нам эрх барьж байх үедээ эрчимтэй хэрэгжүүлж байсан.

Хууль эрх зүйн орчныг нь шинэчилж, дэмжих сангуудыг нь байгуулж, мөнгөжүүлж өгсөн. Үүний үр дүн ч гарч байсан. Ер нь бизнесийн орчныг нь сайжруулаад төрөөс шахаж хавчих биш, дэмжиж туслаад өгвөл ажлын байрыг иргэд өөрсдөө бий болгодог юм шүү дээ. Харин энэ засгийн газар бүтэц зохион байгуулалт, хөрөнгө хүчээ нэг гарт төвлөрүүлж их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа атлаа ажлын байр бий болгох тал дээр чамлалтай байна. Төрөөс үзүүлэх дарамт шахалт их, дээр нь бизнесийн орчин улам бүр муудаж байгааг хүн бүр л хэлж байна.

 

21000 төгрөгийн тухайд бол арай өөр зорилготой байсан

 

Танай нам засгийн эрхэнд байхдаа нийгмийн халамжийн бодлогыг хэт хавтгайруулснаас эдийн засгийг сульдуулж, хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон юм биш үү? 

Зах зээлийн эдийн засгийн харилцаан дахь нийгмийн халамжийн талаарх бодлого, хууль тогтоомжийг анх П.Жасрай гуайн тэргүүлсэн Засгийн газар боловсруулж батлуулсан байдаг. Анхны хувилбар нь нийгмийн хамгийн эмзэг, орлого багатай хэсгийг төрөөс дэмжих зарчимд суурилж байсан. Тухайн үед эдийн засгийн чадавхи сул байсан учир энэ хувилбар нь зөв байсан гэж би боддог. Түүнээс хойш улс төрийн намуудын санаачилгаар хүн амын янз бүрийн бүлгүүдийг дэмжих зорилготой нэмэлт өөрчлөлтүүд хуульд орж байсан. Тухайлбал, Манай намаас санаачилсан “ шинэ гэр бүл”, “шинэ төрсөн хүүхэд” зэрэг хөтөлбөрүүдийг дурьдаж болох юм. Хөтөлбөр бүр үндэслэл тооцоотой, тухайн үеийнхээ хэрэгцээг тусгасан байсан. Эдгээр арга хэмжээ нь халамжийн бодлого гэхээсээ илүүтэй хүн амаа өсгөх хүн ам зүйн бодлого шүү дээ. 

Харин 21000 төгрөгийн тухайд бол арай өөр зорилготой байсан. 2007-2008 оны үед байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэл тавигдсан. Нэгэнт баялагаа ашиглаж эхэлсэн учир үр шимийг нь иргэн бүртээ хишиг хүртээх, энэ үндсэн дээр хүн амын шинэчилсэн бүртгэл явуулах гэсэн зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол Улсын иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, иргэний цахим үнэмлэхтэй болж, банкны үйлчилгээ хөнгөвчлөгдсөн зэрэг олон дэвшил гарлаа.

Иргэд өнөөдөр иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллээ автомат /ТҮЦ/ машинаас авдаг болсон нь энэ шинэчилсэн бүртгэл хийсний үр дүн. Чухам энэ арга хэмжээний үр дүнд дэлхийн санхүү эдийн засгийн хямралыг манай улс хохирол багатай давж, хүн амын ядуурлын түвшин 3-4 хувиар нэмэгдэх байсныг урьдчилан сэргийлж чадсан гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг юм.

 

Цалин тэтгэврийг нэмэгдүүлсэн арга хэмжээнд иргэд сэтгэл дундуур байх шиг

Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжихээс өмнө орон сууцны 1м2-ын үнэ 1,2 сая төгрөг байсан бол одоо 2,5 сая төгрөг боллоо

 

Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Үр дүнг Та юу гэж дүгнэх вэ?

Засгийн газар Монгол банктай хамтарч Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдгийг хэрэгжүүлсэн. Тусгайлсан “ Тогтворжуулах хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж буй хэмээн Засгийн газар, Монгол банкнаас мэдэгдэж байгаа хэдий ч 2013 оны эцэст хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшин хэдий  хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж 12.5 хувьд хүрсэн нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг бэлээхэн гэрчилж байна. Энэ оны 2-р сарын байдлаар хэрэглээний үнийн индекс оны эхнээс 2.7 хувь өсч өмнөх оныхоос үнийн өсөлтийн хурд саарахгүй байна. Статистикийн мэдээгээр энэ 2-р сарын байдлаар жилийн хугацаанд инфляци 12.2 хувийн өсөлттэй байна. Хүнсний бараа, хувцас, орон сууц, эмнэлгийн болон боловсролын үйлчилгээнд хамаарах бараа, үйлчилгээний үнэ жилийн дотор 10.2-27.2 хувиар нэмэгдсэн нь манай иргэдийн, ялангуяа бага дунд орлоготой иргэдийн амьжиргаанд ихээхэн хүндээр тусч байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан цөөн хэдэн компанид нийт 3 их наяд төгрөгийн зээлийг маш бага хүүтэй олгосон. Харамсалтай нь энэ хөтөлбөр ард түмэнд үр өгөөжөө өгсөнгүй. Харин ч бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хэт ихэсгэн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өөрийн засгийн газраас унагасан урьд хожид байгаагүй бодлогогүй үйлдэл боллоо. Өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр нэмэгдэж доллар, юань зэрэг гадаад валютын ханш огцом өсч, төгрөгийн худалдан авах чадвар огцом унаж байгаа нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжихээс өмнө орон сууцны 1м2-ын үнэ 1,2 сая төгрөг байсан бол одоо 2,5 сая төгрөг, Алтан тариа 1-р гурилын үнэ 700 төгрөг байсан бол 770 төгрөг болсон,  нэг литр АИ-92 бензины үнэ 1600 төгрөг байсан бол одоо 1800 төгрөг болсон байна. Монгол Улсын иргэн бүрт сар тутам 21000 төгрөг олговол 4 жилд хүрэлцэх хөрөнгийг нэг жилд цөөн хэдэн танил талынхаа болон ардчилсан намыг санхүүжүүлдэг компаниудад өгөөд үр дүнд хүрсэнгүй.

Одоо энэ компаниуд валютын ханшны зөрүүгээс шалтгаалан үндсэн зээлээ битгий хэл  хүүг нь  ч төлж чадахгүйд хүрээд байна.

 

Та бид хоёрын ярилцлага тоо баримт ихтэй болж байнаа даа

Тэгэлгүй яах вэ, ер нь төрийн албанд тэр тусмаа иргэдээс итгэл хүлээн сонгогдсон түшээд уран цэцэн үг уралдуулан эсвэл хэн нэгний ам дамжин сонссон сургаар  ярьж, далайн цаадахыг мөрөөдөн  шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Бидний шийдвэрүүд бодит тооцоо судалгаанд үндэслэж, тал нутгийнхаа хөрсөнд тохирсон олон талын эрсдлээ давхар тооцоолсон байх учиртай. Эрх баригчид өнөөдөр өөрт хэрэгтэй тоогоороо л ярьж байна шүү дээ. Иргэддээ хэрэгтэй тоог нь бид хэлэх ёстой биз дээ

 

Та эдийн засагч хүн Ам долларын  ханшийн өсөлтийн талаар Танаас асуулгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Валютын ханшийн өсөлтөд юу нөлөөлөв, энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

Ам долларын  ханшийн  энэ өсөлт нь Шинэчлэлийн Засгийн газар, Монгол банкны алдаатай бодлогын үр дагавар юм. Гадаад худалдааны нөхцөл муудаж экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт  буурсан үед зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөсөн нь нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг манай орны хувьд валютын эрэлтийг огцом нэмэгдүүлж ханшийг хөөрөгдсөн билээ. Эрх баригчид энэ бүхэн валютын ханшид хэрхэн нөлөөлөхийг урьдчилан харж чадаагүй.

Манай Улсад орж ирдэг валютын орлогын 40-60 хувийг бүрдүүлж, 70-85 хувь нь Уул уурхайн салбарт ордог гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 2011 оныхоос 17 хувиар, 2013 онд 2012 оныхоос 54 хувиар буурсан, мөн эрдэс баялагийн экспортын орлого буурсан зэрэг нь төгрөгийн ханшийг сулруулж, макро эдийн засгийг тогтворгүйжүүлээд байна гэдгийг энд хэлэх зүйтэй байх.

Цаашид экспортыг бүх талаар дэмжих, урамшуулах, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, наад зах нь Монгол улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр төлбөр тооцоо хийж байх, эдийн засгийг хэт долларжихаас сэргийлэх, валютын ханшыг тогтворжуулж, валютын эрсдэлээс хамгаалах үр ашигтай  механизмыг бий болгох шаардлагатай.

Гэтэл Засгийн газар, Монгол банк “ам долларын одоогийн байгаа ханш нь тэнцвэртэй ханш” хэмээн мэдэгдээд сууж байна.

Сүүлийн үед эрх баричгид төгрөгийн ханш бодит хөрсөн дээрээ бууж байна. Валютын ханш өссөнөөр өмнө нь сард 170-200 сая ам.долларт хүрч байсан гадаад худалдааны алдагдал энэ оны 2-р сард 16,0 сая ам.доллар боллоо гэж мэдээлэх болов. Энэ тийм сайн үзүүлэлт үү?

 

Энэ оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 1 тэрбум 208 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 8,3 хувиар буюу 108,8 сая ам.доллараар, импорт 197,3 сая ам.доллараар буурсантай холбогдон гадаад худалдааны алдагдал 19,3 сая ам.доллар болсон байна. Экспорт, импорт аль аль нь өсч, улс орны хэрэгцээг хангаад алдагдал буурч байгаа бол сайн хэрэг.

 

 Намайг Ерөнхий сайд байхад 2006 оны гүйцэтгэлээд экспорт импортоос 107 сая ам доллароор давж, анх удаа гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байсныг сайн санаж байна. Өнөөгийн нөхцөлд гадаад валютын ханшийн огцом өсөлт хэрэгцээт бараа, тоног төхөөрөмжийг импортлох боломжийг хааж, энэ нь эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Энэ утгаараа дээрх үзүүлэлт тийм ч сайн зүйл биш.

 

Энэ оны 2 дугаар сард үйлдвэрлэлийн зориулалттай импортын бараа, тоног төхөөрөмж өмнөх оны мөн үеэс 30 хувиар буюу 59 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 55 хувиар буюу 159 сая ам.доллараар тус тус буурч, нийт импорт 24,3 хувиар буурчээ.

 

Ганц хоёрхон тоо дурдахад өнгөрсөн оны 2-р сард 2923 хүнд механизм, тоног төхөөрөмж импортоор худалдан авч байсан бол энэ оны 2 дугаар сард 378 болж буурсан байна. Өнгөрсөн оны эхний 2 сард 147 мянган тонн дизелийн түлш, 79,3 мянган тонн автобензин импортлож байсан бол энэ он гарсаар 58,6 мянган тонн дизелийн түлш, 44,1 мянган тонн автобензин гаднаас худалдан авчээ. Энэ бүхэн нь уул уурхай, барилга үйлдвэрлэл зам тээврийн болон бусад салбарын бүтээн байгуулалтын ажил  эхлэхэд төмөр хийц, металл бүтээгдэхүүн, нефтийн болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай импортын бараа хангалтгүй байна гэсэн үг. Энэ нь  эдийн засгийн өсөлтөд таатай нөлөө үзүүлэхгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой гэж бодож байна.

 

 

Та түрүүн бизнесийн орчин муудсан гэлээ. Энэ нь ямар байдлаар илэрч байна. Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр юу хийх шаардлагатай байна вэ?

 Манай намын бүлгээс “Бизнес эрхлэх таатай орчин” нээлттэй хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид маань бизнес дэх төрийн оролцоо хэрээс хэтэрсэн, төрийн өмчит олон компани, үйлдвэрийн газрууд байгуулагдаж бизнесийнхэнтэй өрсөлдөх, тэдний үйл ажиллагааг шахах зэрэг зохисгүй үйл ажиллагаанууд идэвхжсэн, төрийн хүнд суртал, шат дамжлага өссөн тухай хэлж байна. Тухайлбал олон яам, агентлагууд шинээр байгуулагдаж энэ хирээр хүнд суртал, дарамт  нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулах болсон, зах зээлийн шударга өрсөлдөөн алдагдаж тодорхой салбаруудад  төрөөс санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон, жижиг дунд бизнесийг  дэмжих чиглэлд олгож байсан зээлийн хэмжээ огцом багассан,  зээлийн хүү  өссөн, эдийн засаг болзошгүй хямралын ирмэгт тулж бизнесийн үйл ажиллагаа хумигдах, хязгаарлагдах шинжтэй болсон  талаар илэн далангүй ярьцгаасан.

Энэ нь ч хөндлөнгийн судалгаануудаар батлагддаг. Ганцхан жишээ хэлье. 2012 онд ХАА-н чиглэлээр 2878  ААН байсан бол  2013 онд  839 болж, Боловсруулах аж үйлдвэрийн салбарт 4492 ААН-үүд үйл ажиллагаа явуулж байсан нь 926 болж буурсан нь манай улсын бизнесийн орчин хэрхэн  муудсаныг харуулж байна. Маргашгүй бодит байдал ийм байна.

Бизнесийн орчноо яаралтай сайжруулж, бизнест  төрөөс оролцох оролцоог хязгаарлах шаардлагатай юм. Төр засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой байхыг  иргэд, баялаг бүтээгчид хүсч байна. Бодит секторыг дэмжсэн, нэн ялангуяа бичил жижиг бизнесийг дэмжих чиглэлд мөнгө, сангийн бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Татварын орчинг цаг алдалгүй шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага бий болоод байна. Энэ нь дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн  татварын таатай, тогтвортой  орчин бүрдүүлэх ёстой..

 

1тн нүүрсийг 78ам.доллараар нийлүүлэх гэрээг Шинэчлэлийн засгийн газар хохиролтой гээд Чалкод шахалт үзүүлсэн ч одоо 1тн-ыг 38 ам.доллароор худалдаалж байна.

 

Уул уурхайн салбар түүн дотроо  нүүрсний  салбар  бол  манай эдийн засгийн хөгжлийг тодорхойлоод зогсохгүй  улсын төсвийн  багагүй хувийг бүрдүүлэгч  чухал    салбарын  байдал сайнгүй  байна энэ талаар ?

Тиймээ байдал сайнгүй байгаа. Өнгөрсан жил ч таагүй  байсан энэ жилийн хувьд ч байдал сайжрахгүй  талаар  салбарынхан болоод  шинжээчид тайлбарлаж байна. Энэ нь Шинэчлэлийн гэх Засгийн газар гарч ирэнгүүтээ өмнөх Засгийн газрын өмнөд хөрштэй байгуулсан  1 тн нүүрсийг 78 ам.доллараар  нийлүүлэх гэрээг  Монголд хохиролтой гэрээ хэмээн шүүмжилж, гэрээгээ өөрчлөх талаар Чалко компанид шахалт үзүүлж эхэлснээс үүдэлтэйгээр нүүрс нийлүүлэх ажиллагаа доголдож эхэлсэн.  Энэ бодлогын үр дагавраар урд хөршийн коксжих нүүрсний зах зээлийн 45% -ийг 2011 онд манай улс  хангаж байсан бол 2013 онд 17%  болтлоо болж буурч өрсөлдөх чадвараа алдсаны дээр өнөөдөр 1 тн нүүрсээ 38 ам. ам доллараар нийлүүлж байна.

 

Тэгвэл цаашид юу хийх хэрэгтэй вэ?

Дэлхийн нүүрсний эрэлт нийлүүлэлтийн өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө  үед бид нүүрснийхээ үнэ цэнэ, өртөг зардлаа эргэн харж,  өрсөлдөх чадвараа  дээшлүүлэхэд онцгой анхаарах цаг болсон. Үүний тулд тээвэрлэлтийн дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Засгийн газарт  мөнгө,  хугацаа байсан хэдий ч гагцхүү сэтгэл, зөв бодлого, оновчтой  хөрөнгө оруулалт, дутагдсанаас төмөр замын асуудал өнөөг хүртэл зогсонги байдалтай байна. 

 

Монгол улс нэг хүнд ногдох дарга нарынхаа тоогоор дэлхийд тэргүүлнэ

 

Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төрлүү” хэмээх уриа дэвшүүллээ. Энэ талаар?

Цаг үеээ олсон зөв санаачлага. Гэхдээ бодит байдалд хэлэх,хэрэгжүүлэх, ажил болгох гурав асар зөрүүтэй байгаа энэ засгийн газарт иргэдийн итгэх итгэл өдрөөс өдөрт буурч байна. Дахин нэг тоо хэлье. Өнгөн дээрээ “Ухаалаг” төр ярьж буй энэ засгийн газар ажлаа авснаас хойш төрийн албан хаагчдын болон төрийн өмчид үйлдвэрийн газарт ажиллагсадын тоо 68 мянгаар  нэмэгдэж, өмнөх засгийн газартай харьцуулахад яамдын тоо 5, сайд нарыг 9, газар хэлтсийн дарга нарыг 100 гаруйгаар нэмсэн байдаг. Бүр газар, хэлтсийн дарга нар нь тусгайлсан машин унаж байгаа ийм тансаг хэрэглээг  энэ засгийн газар хөхүүлэн дэмжлээ. Мөн нийслэл, дүүрэг, аймгийн орлогч дарга нарын тоог 2-4 болгон шинэчлэл хийж нэмлээ. Та боддоо, дүүрэгт гэхэд л нэг байсан орлогч дарга 3-4 боллоо. Бүгдээрээ  машинтай, тусгай өрөө тасалгаатай, туслах нарийн бичигтэй болсон байна. Одоогийн нөхцөлд энэ бол мунхаг бөгөөд бас тансаг хэрэглээ. Өнөөдөр давхар дээлтэй, данхайсан бүтэцтэй засгийн газар ард түмний татварыг үрэн таран хийж, амьдралыг нь доройтуулж байна. Монгол улс нэг хүнд ногдох дарга нарынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Камерын өмнө  өөр зүйл ярьж бодит байдал дээр ийм л шинэчлэлийг хийж байна.

 

Намрын чуулганаар дан дээл, давхар дээлний асуудал нэлээд хурцаар тавигдсан. Энэ асуудал тийм чухал асуудал мөн үү?

Энд хэдхэн маш энгийн жишээ хэлье. Намрын чуулганд МАН-ын бүлгээс эдийн засгийн байдал, мөнгөний бодлогын хэрэгжилт, үүссэн нөхцөл байдалтай холбоотой судалгаа гаргахаар холбогдох албан тушаалтнуудад 350 гаруй санал хүсэлт, шаардлага хүргүүлсэн байдаг. Эдгээр бичгийн талд нь л хариу өгсөн бөгөөд бусад нь огт хариу ирүүлээгүй эсвэл хуулийн хугацаа зөрчсөн. Харин хариу ирүүлээгүй бичгүүдийн 3/2 нь давхар дээлтэй засгийн газрын гишүүдийн хариуцсан яамд байсан. УИХ-ын нэгдсэн хуралдаан 34 удаа болсноос ирц бүрдэхгүйн улмаас цагтаа эхэлж байсан удаа тун цөөн юм. Үүнд гол үүрэг гүйцэтгэгчид нь мөн л давхар дээлтэй гишүүд байгаа нь ирцийн бүртгэлээс харахад тодорхой. Харин хариуцлага гэдэг төрийн дээд байгууллагаасаа эхлэх учиртай байтал давхар дээлтэй энэ төр хэрхэн  “Хяналтгүй бас хариуцлагагүй” ажиллаж байгааг олон жишээгээр дурдахад цаг хомсдоно.  Мөн УИХ намрын чуулганаараа 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй завсарласан нь манай улсын парламентийн түүхэнд анхны тохиолдол юм шүү.

 

Тэгээд давхар дээлийг тайлж чадах уу?

Мэдээж амаргүй. Эрх баригчид Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийг буй болгох үндсийн үндэс болсон энэ асуудлыг Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн “... миний бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар тогтвортой ажиллана ...” гэсэн үгийг овжин ашиглаж Ерөнхийлөгчийг шахаанд оруулан хууль хэрэгжих хугацааг хойшлуулах оролдлого хийж байна. Манай намын бүлэг хугацааг хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх, ашиг сонирхолын зөрчилтэй сайд гишүүдийг санал хураалтанд оруулахгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоно.

 

Нөхцөл байдал их хүнд байгааг та нэлээн дурдлаа. Тэгвэл цаашид МАН-ын зүгээс цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

Өнөөгийн нөхцөл байдалд бидэнд намаараа талцаж хэдэн тийшээ харах биш улсын нийтлэг эрх ашгийн үүднээс “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг зөв, бодитой “оношилж”,   улмаар богино, дунд болон урт хугацааны бодлого, стратеги боловсруулан төлөвлөж хэрэгжүүлэх ажилд шуурхай орох нь  манай төрийн нэн тэргүүний зорилт болоод байна.

Та бид улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын олон асуудлын талаар ярилцлаа. Тантай уулзсаных цаг үеийн зарим асуулт тавъя. Энэ жил Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулах зарим уралдааныг цуцалсан шийдвэрийг гаргасанд та ямар байр суурьтай байгаа вэ?

Зөвхөн энэ жил биш сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны бодлого, үйл ажиллагаанд төр засгийн үзүүлэх дэмжлэг буурсанд Монголын уяачид сэтгэл дундуур байгаа. Тухайлбал, манай холбоо 2013 он гарангуут бүсийн уралдааны товыг тогтоолгох саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Бидний саналыг хэлэлцэн шийдвэрлэлгүй байсаар Их Хурд уралдаан болохоос 3 хоног, зуны бүсийн уралдаан болохоос 10 хоногийн өмнө “Их Хурд-6” уралдаан болон Архангай, Төв, Хэнтий, Завхан аймгуудад зохион байгуулах бүсийн уралдааны товийг тогтоосон нь уяачдад ихээхэн хүндрэл учируулж байгаа юм. Гурав хоног уяаад уралдуулахад гуурьстай хүлэг байлаа ч амаргүй биз дээ.

2014 оны хувьд ялгаагүй холбооноос зохион байгуулах бүсийн уралдааны тов, байршлийн талаархи саналаа хүргүүлсэн боловч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо эрх хэмжээгээ хэтрүүлэн зарим бүсийн уралдааныг хассан байсан. Бид мөн Засгийн газарт хүсэлтээ тавьж 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор бүсийн уралдааны товоо тогтоолгосон. Гэвч зүүн аймагт малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан голомтоос 200-300 километрийн зайтай зохион байгуулах бусад аймгуудын уралдааны товыг 9 хоногийн өмнө цуцалж олон уяачдын хүч хөдөлмөрийг талаар болголоо.

Монголын үе үеийн уяачид 1778 оноос хойш 150 гаруй жил Даншиг болон Үндэсний баяр наадамдаа хүлэг морио сойж уралдуулсан “Хүй долоон худаг”-ийн хөндийдөө морио уралдуулахад, хотын эзэмшил газар гэдгээр шалтаглаж 30 орчим сая төгрөг нэхэж байгаа.           

Төрсөн нутагтаа морио уралдуулахад төлбөр төлөх болж байгаад монголын уяачид гайхширч, сэтгэл гонсгор байна.     

Манай холбооны 60 гаруй мянган гишүүдийн дийлэнхи нь хөдөөний малчин уяачид байдаг. Малчид та бид нар шиг жилд хуулиар тогтоосон амралтгүй жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Тухайн жилдээ наадамд хурдан морио уралдуулж түүнээсээ сэтгэлийн таашаал авч цэнгэн, алжаалаа тайлан хойтон жилийн наадам хүртэл түүнийгээ ярьдаг ард түмэн шүү дээ. Морин уралдаан нь үндэсний спорт хэдий ч ард түмний үндэсний уламжлал, өв соёлтой холбоотой учраас хурдан морины уралдааныг хязгаарлах нь буруу  гэж би боддог.Гагцхүү зохион байгуулалт нь  сайн байх ёстой. Хориглоно гэдэг бол  ажил зохион байгуулж чадахгүй хүний арчаагаа алдсан арга юм даа. 

Манай улсын эдийн засгийн голлох салбар бол мэдээж мал аж ахуй. Зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гараад нилээдгүй удлаа. Та 2007-2012 онуудад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаар ажиллаж байсны хувьд ямар бодолтой байна вэ?

Миний бие 2007-2012 онуудад Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссыг ахалж ажиллаж байсан хүний хувьд гамшиг, онцгой нөхцөл байдалд ажиллаж байсан учраас хөндлөнгөөс харж сэтгэл зовж л байна. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд нэг айлд гарсан малын шүлхий өвчин өнөөдөр 3 аймгийн 13 суманд голомт тархаж 3500 орчим малыг устгалд оруулсан байна. 2013 оны 01 дүгээр сарын 27-нд шүлхий мөн гэдэг нь тогтоогдсон атал 19 хоногийн дараа Засгийн газар асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргасан нь цаг хугацаа алдсан явдал болсон. Жишээ нь, Дорнод аймагт 2010 оны 08 дугаар 30-нд шүлхий гарахад 09 дүгээр сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж байсан.

Хугацаа хожимдож гарсан засгийн газрын шийдвэр шүлхийг газар авахад нөлөөлөх нь хэнд ч ойлгомжтой. Мөн энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох төрийн захиргааны байгуулага, албан тушаалтанууд зохион байгуулалт муутай ажилласан. Тухайлбал, вакциныг тээвэрлэлтийн горимыг зөрчиж хөлдөөсөн, одоо зүүн аймгуудад мал хээл хаяад эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

2010 онд вакцин, үйлчилгээний зардал, устгасан малын нөхөн төлбөр, албан хаагчдын томилолт зэрэгт 10 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар малын вакцин, үйлчилгээний зардалд 10,6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд устгасан малын нөхөн олговор, албан хаагчдын томилолт зэргийг гаргахад мөн тэр хэмжээний зардал нэмж гаргах нь ойлгомжтой  болоод байна. Энэ засгийн газар нөөц боломжоо ашиглах бус бүхнийг мөнгөөр шийдэх гэж их үргүй зардал гаргаж байна.    

 

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Баярлалаа. Танд ч бас ажлын амжилт хүсье.