Өнгөрсөн жил наадмын дараахан “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг “Рио Тинто”-гийн удирдлагад хандаж ширүүхэн үгтэй, дориухан захиа илгээж билээ. Хэл ам таталсан энэ захианд юу гэж өгүүлсэн нь өнөөдрийн хүртэл нууц хэвээр байна. Харин тэрхүү гайтай захианаас болж валютын ханш өдрөөс өдөрт чангарч, өнөөх гайхал Ц.Сэдваанчигийг огцроход хүргэв. Уг захидлаа тэрбээр Ерөнхий сайдын даалгавраар явуулсан гэж мэдэгдсэн боловч захирлын суудалд тогтож чадаагүй нь цаанаа нэгийг өгүүлнэ. Өдгөө Уул уурхайн сайд Д.Ганхуягийн “Бридж” группыг толгойлох болсон нь сайдтан тэр хоёр зүү орох зайгүй найзууд гэдгийг илтгэнэ. Засгийн газар байгуулагдсаны жилийн ой дээр өөрийн дотны хамтран зүтгэгч, УИХ-ын экс гишүүн, “Говь” ХК-ийн захирал асан Ц.Сэдваанчигийг өөрийн шууд удирдлагад авч, “Эрдэнэс Оюутолгой” компанийг түүнд итгэж хариуцуулсан хэдий ч Д.Ганхуяг сайдын хүсэл талаар болжээ.  Угтаа  дотны хүнээ тус компанийн захирлаар тавьж, “Рио Тинто”-д  тулган шаардах захидал илгээсний цаадахь нууц ноёнтон нь Д.Ганхуяг гэж хардах нэгэн ч бий. Учир нь тэрбээр  төрийн мэдлийн томоохон компанийн  захирлын суудлаас мултарсан ч гудамжинд гарч лааз өшиглөсөнгүй. Харин ч бүр итгэлт ноёныхоо “Бридж” группыг толгойлсон шиг санаа амар, гэдэс цатгалан яваа аж. Гайтай захиаг илгээснээс хойш даруй найм дахь сартайгаа золгож байхад ард түмний амьдрал улам бүр дордож, “Оюутолгой” төслийг зогсонги байдалд оруулахад хүргэсэн буруутнаар Уул уурхайн сайд тодорлоо. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт “Рио Тинто”-гийн тэргүүн Сэм Уолшид Ерөнхий сайд ээлжит “хайрын захиа”-гаа илгээсэн гэх боловч энэ талаар засгийн газар таг чиг байна. Уул уурхайн сайд нь “Рио Тинто”-чуудад баахан томорсон учир өдгөө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “75-аар” бууж өгч, хөрөнгө оруулагчдыг хүрч ирнэ үү хэмээн аргадан гуйх болжээ. “Оюутолгой”-н далд уурхайн ажил зогсож, Монгол руу чиглэсэн мөнгөний урсгал татарсан нь одоогийн Засгийн газрыг ганхуулахад хүрчээ. Нөгөөтэйгүүр, Салбарын сайд нь хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэсний улмаас “Оюутолгой” төсөл гацаанд орсоор нэгэн жилийг үдэх нь тодорхой боллоо. Учир нь, далд уурхайн ТЭЗҮ-г боловсруулж, хоёрдугаар улиралд багтаан Монголын талд танилцуулах шаардлагыг ажлын хэсгийн зүгээс тавьсан тул “Рио Тинто”-чууд авахаар тохирсон  зээлээ хойшлуулахаас өр аргагүйд хүрчээ. Харин Ерөнхий сайдын хувьд Уул уурхайн сайд Д.Ганхуягийг цээжээрээ хамгаалж “Дэлхийн эдийн засгийн байдал таагүй байна. Тиймээс хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Үүнд Д.Ганхуяг сайдыг буруутгах хэрэггүй” гэсэн маягтай зүйл ярьж, араар нь “Хайрын захиа” илгээж хариуг нь хүлээн суух болжээ.
 

Х.Гарьд