-МИНИЙ БҮРДҮҮЛСЭН ЗАЛУУС МОНГОЛЫН ЦАГДААГИЙН СОРУУД БОЛЖ ЧАДСАН-

Цагдаагийн ерөн­хий газрын дэд дар­га асан, хурандаа Д.Ба­ зар­гүртэй ярилц­­лаа. Түүнийг Монголын цагдаагийн байгууллагын шилдэг мөрдөгчдийн нэг гэдгээр нь олон хүн мэдэх биз ээ. Бид хоёрын яриа ийн өрнөлөө. 


  
-Тантай уулзах гэ­хээр завгүй яваад бай­на гэх юм. Ямар ажил амжуулаад завгүй байна вэ?

-Амжуулах ажил мун­дахгүй байна шүү. Ач, зээ нараа сургуульд нь хүргэж өгч, авахаас эхлээд завгүй их ажилтай. Харин энэ долоо хоногоос хүүхдүүдийн амралт эхлээд байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо­ны хэдэн залуус хууль, журамдаа өөрчлөлт оруу­лах гээд түүнд нь заавар, зөвлөгөө өгөөд л явж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ахмадуудын дунд жил бүр болдог сагсан бөм­бөгийн тэмцээнд оролцлоо. Манай баг анх удаа мөнгөн медаль хүртлээ. Жил бүр алтыг нь авдаг байсан юм. Ирэх жил хүрэл медалийг нь авах юм байна гэж манай багийнхан хошигноцгоож байна лээ. Уг нь олон жил алт авсан юм. Эрийг нас гэдэг нь болж байх шиг байна даа. Хүүхэд байхаасаа л сагс, гар бөмбөг тоглох дуртай байлаа. Одоо ч сонирхол буураагүй л байна шүү. 

-Та Дорнод аймгаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг байх аа?

-Тиймээ. Би Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж, өссөн хүүхэд. Сумандаа бага сургууль төгсөөд аймгийн төвд сургуулиа төгсөж байлаа. Манай аав төрийн хариуцлагатай ажил хийж явсан хүн. Аавыгаа дагаад Архангай, Говь-Алтай, нийслэлийн Дөчин мянгатад амьдарч явлаа.  Аав маань атар эзэмших намын илгээл­тээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн анхны шанг татаж явсан хүн. Харин миний хувьд 1971 онд дунд сургуулиа төгсөөд, Цэргийн ерөнхий сур­гуульд элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд, Дорнод аймагт Өмчийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан. Аймгийн үйлдвэрүүдийг хариуцсан өмчийн төлөө­лөгч байсан. Тэр үед эрүүгийн гэмт хэрэг мөрдөх чиглэлд илүү сонирхолтой бай­сан шиг байгаа юм. Тэгээд Халхгол сумын цагдаагийн группын даргаар томилогдсон. Халхгол сум шинээр бай­гуулагдсан болохоор болж бүтэхгүй хүмүүс олон байсан. Гэмт хэрэг гарахгүй байна гэж байх­гүй. Увс аймгаас таван айл шилжиж ирлээ гэхэд гэрийн эзэд нь бүгд малын хулгайгаар шийтгүүлж байсан байх жишээний. Халхгол суманд дөрвөн жил ажиллаад эргээд аймаг­таа Гүйцэтгэх алба­ны тасгийн даргаар томилогдсон.

-Тэр үед 80 гаруй үйл­дэлтэй хэрэг илрүүлсэн гэгддэг?

-Миний цагдаа болоод хамгийн анх илрүүлсэн хэрэг пивоны хэрэг. Тэр үед пиво их ховор байсан юм. Наадам болох гэж байсан үе. Таван поошиг пиво байснаас хоёр нь алга болчихдог юм байна. Аймгийн Мах бэлтгэлийн газрын хөргөлтөд байсан юм. Хэргийн араас яваад дор нь илрүүлсэн. Дараа нь "Онгорхой" хочит Чулуунбаатараар ахлуулсан 80 гаруй үйл­дэл­тэй хэргийг илрүүлсэн.  Орос айлын гэрт хулгай дээрэм хийдэг, олон тооны мал хулгайлсан, бусдыг зодож танхайрсан, охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн гээд Дорнод аймгийг тухайн үед донсолгож байсан хүмүүс. Мөн хүн амины нэг хэрэг санаанд тод байна. 60 гаруй настай хүн үхэртээ яваад, ор сураггүй алга бол­чихсон. Намайг хотод ажлаар яваад ирэх үед гарсан байсан. Өвөл гарсан хэрэг. Манайхан нөгөө хүний цогцсыг хайгаад байгаа. Огт олдохгүй байсан. Тэгэхээр  нь би алга болсон үхрийнх нь араас явсаар нэг айлд очлоо. Гэрийн эзэн манайд энэ үхэр ирээд олон хонож байна гэхээс өөр зүйл ярихгүй байсан. Сэжиглэх зүйл огт байхгүй. Тэгээд нөгөө айлаасаа хөдлөх гэж байх үед нуруулдсан их өвс цасгүй байхыг ажиглаад ухаж үзлээ. Тэгсэн их өвс байгаа газар огт хөлддөггүй юм билээ. Тэнд нөгөө хүнийг хөнөөгөөд булчихсан бай­сан. Халхгол сум болон Дорнод аймагт ажиллаж байхдаа миний суурь их сайн тавигдсан гэж одоо боддог шүү. 

 

Б.ПҮРЭВ ГЕНЕРАЛААР УДИРДУУЛСАН НЬ ЦАГДААГИЙН ХУВЬ ЗАЯА  

-Хот руу хэдэн онд томилогдов. Орон нутагт гайгүй сайн ажиллаж байгаа цагдаагийнхан хот руу шилжихийг л боддог гэх юм билээ. Та ч бас тэгж байв уу?

-Би хотод ажиллах хүсэлтэй байсан. Гэвч томилогдож чадахгүй л яваад байсан. Тэгсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Жамъянсүрэн генерал Дорнод аймагт хэд хоног ажилласан. Буцахдаа "Чамайг хот руу татаж авна" гэж хэлчихээд яв­сан. Удалгүй 1988 онд Улсын цагдан сэргийлэх ерөн­хий газрын Эрүү­гийн хэргийн ахлах төлөө­лөг­чөөр томилогдож ирсэн. Жамъянсүрэн генерал ажлаа өгөхийн өмнөхөн хамгийн сүүл­чийн томилгоогоо надаар хийсэн юм билээ. Тэгээд намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд  "Би ажлынхаа хамгийн сүүлчийн томилгоог чамаар хийсэн шүү. Илтгэл алдахгүй сайн ажиллаарай" гэсэн. Би тэр хүний итгэлийг алдаагүй л гэж боддог.

-Таныг ирэх үед жагсаал, цуглаан эхэлж байсан байх. Цагдаагийн ерөнхий газрын даргыг та нар дотроосоо томилж байсан гэдэг юм билээ?

-Нийгэм бужигнаад, Нийгмийг аюулаас хамгаалах яам задрах нь тодорхой болоод байгаа нь бидэнд мэдрэгдээд байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргаар нийгмийн аюулаас хамгаалах мэргэжлийн хүн ирнэ гэх мэдээлэл ирээд байв. Тэгэхээр нь гуравдугаар тасгийн дарга Ц.Уугангэрэл бид нар хурал зохион байгуулж, Б.Пүрэв генералыг дар­гаар томилох санал гаргасан. Тэгж л Цаг­даагийн ерөнхий газрын даргыг дундаасаа тавьж бай­сан түүхтэй юм. Цагдааг Б.Пүрэв генерал удирдаж байж л тэр эгзэгтэй хүнд хэцүү үеийг даван туулсан юм шүү дээ. 1990 оноос хойш нийгэм задрах үед ганц ажлаа хийж байсан газар бол цагдаагийн байгууллага шүү дээ. Хийлгэдэг хүн нь Б.Пүрэв генерал. Тэр үед  цагдааг юм болгонд дууддаг байлаа. Бүр "Та нараас өөр ажил хийж байгаа газар байхгүй байхад дуудахгүй яах юм бэ" гэдэг байсан. 1990 онд цагдаа ард түмний нөхөр нь байсан. Тэр хүнд хэцүү үед сайн хүнээр удирдуулна гэдэг тэр үеийн цагдаагийн  хувь тавилан байсан гэж боддог.  

 

ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮС ДУНД  ГАРАВСҮРЭН, ГАРАМЖИЛ  ХУРАНДАА НАР ЗОГСОЖ БАЙДАГ БАЙСАН  

-Жагсаал болох үед цагдаагийнхан хэрхэн ажиллаж байсан бэ?

-Манай улсад жагсаал, цуглаан гарахаас өмнө урд хөршид болон өөр орнуудад жагсаал гарч эхэлсэн. Үүнээс үүдэн манайд жагсаал, цуглаан гарвал яах вэ гэж ярьдаг болсон. Намайг хойд хөршид туршлага судлуулахаар явуулж байлаа. Маш олон ном байсан. Тэр болгоныг уншиж, жагсаалын үед цагдаа хэрхэн ажиллах талаар мэдлэгтэй бол­сон гэхэд болно. Эрүүгийн алба хэрхэн ажиллах, жагсагчид ямар үйлдэл хийхийг хүртэл мэдэж байх хэрэгтэй. Эмх замбараагүй бай­дал гарлаа гэхэд хэнээр таслан зогсоох, жагсаал удирдаж байгаа хүмүүсийн хэн нь хань болж чадах вэ гээд олон зүйл судалсан. Удал­гүй жагсаал ч гарсан. Мон­голд анх удаа жагсаал болж байгаа юм. Бидэнд жагсаал удирдаж байгаа хүмүүс хаана байгааг мэдэх үүрэг өгсөн. Бид ч С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг хаана байгааг мэддэг байсан. Хэд хэдэн удаа Төрийн ордон руу дайрсан. Байдал эвгүй болоод ирэх үед  С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг дуудаж олон удаа зогсоож байлаа. Тэр үед жагсаж байсан залуусын сэтгэл эвдрээгүй байж. Жагсаал дунд Гаравсүрэн, Гарамжил хурандаа нар зогсож байна. Тэр хоёр жагсагчид дундаас их содон харагдана. Өндөр болохоор тэднийг хаанаас л бол хаанаас харж болдог байлаа. Байдал эвгүйдээд эхлэхээр нөгөө хоёр зохицуулалт хийнэ. "Та нар ингэж болохгүй наадах чинь хэтэрч байна" гэж эвгүй үйлдлүүдийг дотроос нь зогсооно. Иймэрхүү маягаар жагсаалыг давж гарсан даа. Жагсаал удирдаж байсан хүмүүстэй бид ойр ажилласан юм. 

  
БИДНИЙ БЭЛТГЭСЭН ХҮҮХДҮҮД ОДОО ЦАГДААГ УДИРДАЖ ЯВНА 

-Цагдаагийн тусгай тасаг, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тас­гийг байгуулснаар хэр­гүүдийг сайн илрүүлж байсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Б.Пүрэв генерал цагдаагийн байгууллагад тулгамдаад байгаа асуудлыг судалж үзсэн  юм билээ. Тэгсэн дуу­лиант онц ноцтой хэр­гүүд илрэхгүй байгаад байсан. Мөн цагдаа нар танхай нөхдүүдээс айж зугтаадаг. Хэн нэгэн танхайраад, дийлдэхгүй үед нь зогсоож чадахгүй байх тохиолдол гардаг л байсан. Тэгээд хоёр тасаг байгуулсан. Тусгай тасаг байгуулагдаж, даргаар нь одоо Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байгаа Уугангэрэл  томилогдсон.  Харин би онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга болсон юм. Бид хоёрт Б.Пүрэв дарга давуу эрх өгч байсан. Уугангэрэлд бие хаа сайтай, надаас өндөр залуусыг сонгож ав. Надад болохоор хэрэг илрүүлж чаддаг л бол ямар ч хамаагүй хүний ажилд ав. Тэгээд л багаа бүрдүүл гэсэн. Бид ч багаа бүрдүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Д.Мөрөн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэн­найрамдах нарыг олж ирсэн. Миний дарга бай­сан З.Төрмандах чиглэ­лийн ахлахаар ажиллаж байлаа. Ёстой л гар нийл­сэн залуус мөн ч олон хэргийн араас орж илрүүлж байлаа. Онгирсон болох байхдаа миний татаж авчирсан залуус Монголын цагдаа­гийн шилдгүүд болж чад­сан. Өөр нэг зүйл хэлэхэд Цагдаагийн академийн сурлага сайтай сонсогч нарыг сонгож аваад дараа­гийнхаа үеийг бэлт­гэсэн. Бидний бэлтгэсэн хүүхдүүд өнөөдөр цагдаа­гийн дарга нар болчихсон байна. Бүгд л сайн мөрдөгч болжээ.

-Гар нийлсэн шижиг­нэсэн залуус олон хэрэг илрүүлж байсан байх. Онц ноцтой хэргүүдээс дурдвал?

-Тэр үед нийгэм бужиг­наантай байсан үе. Ядуурлаас болж ноцтой хэрэг олон гарч байлаа. Дээрэм хийхийн тулд хүний аминд хүрдэг байв. Зүүнхараагийн банк дээрэмдсэн хэрэг байна. Тэр хэрэг гараад манайхан очсон. Би ахалж очлоо. Хэрэг гарсан газар руу ороод л банк хамгаалж байсан цагдааг цагдаа хөнөөсөн гэдгийг мэдэж байгаа юм. Тэгээд л Зүүнхараагийн бүх цагдааг жагсааж байгаад шууд хэлсэн. Алуурчин та нарын дунд байна гэж. Тэгсэн дарга нь цагдаа нараа өмөөрч уурлаад бөөн маргаан үүсэж байлаа. Бид сарын дотор энэ хэргийг илрүүлсэн. Банк хамгаалж байгаа цагдаа дээр энгийн иргэн орж чадахгүй. Цагдаа хамгаалж байгаа газарт цагдаа л орж чадна гэсэн өнцөг гаргаад илэрсэн хэрэг. Бас урд хөршөөс бараа дарж ирдэг хятадуу­дыг дээрэмдсэн хэрэг олон гарсан. Хэргийн араас судалж үзтэл бүлэглэл бүхий залуус өдөр нь вокзал дээр хэн их бараатай ирж байгааг судалж, араас нь дагаад гэрийн хаягийг нь мэдээд, шөнө нь дээрэмдэг байсан.  Мөн гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гаригтай холбоо барьсан тухай, Алтан цөгцний зэрэг хэргүүдийг шалгаж үзээд, худал болохыг нь тогтоож байлаа. Мөн Авдрантын хорих ангид гардаг аймшигтай хэрэг байна. Дорнодын онгорхой хочит Ч.Чулуунбаатар нар хорих ангийн хянагч нараас эхлээд олон хүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд оргодог гээд олон хэрэг бий. Яриад байвал дуусахгүй. 

-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэг дээр танай баг яагаад ажиллаагүй юм бэ. Таныг ажлын хэсгээс хасч байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Миний бие С.Зоригийн хэрэг дээр мөчидхөн хоёр удаа л орсон. Дорнодод явж байтал дуудаад С.Зоригийн хэрэг дээр ажиллуулахаар боллоо гэсэн. Жамъянсэнгээ хуран­даа бид хоёр ажил­лаж эхэлсэн. Долоо хоног ажиллаад хэд хэдэн зүйл гаргаж ирээд байсан. Гэтэл  болиулах шийдвэр гаргасан. Бүр ажлаас чөлөөлж эхэлсэн. Тухайн үед уур хүрсэн. Бид нарыг ажлаас халсанд эсэргүүцэж байсан. "Би эргээд ирнэ шүү" гэж хэлээд гарч байсан. Ажлын хэсгээс хасах шийд­вэр гаргасан хүнтэй дараа нь уулзахад "Тэр миний алдаа байна лээ" гэж байсан.  С.Зоригийн хэрэг дээр миний бэлтгэ­сэн мөрдөгчдийн цөөхөн нь л ажилласан байдаг. 

-Хэргийг илрүүлэх чадал, туршлага, мэд­лэг­тэй шилдэг мөр­дөгчдийн багийг хэргийг шал­гах ажил­лагаанд оруу­лаа­гүйд гайхах хүн олон байгаа байх. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Бидний хэдэн залуус тэр хэрэг дээр орсон бол яах байсан бол гэж боддог л юм. Ямар ч байсан манай хамт олныг тараагаагүй бол будилаантай зүйлс лав үүсэхгүй байсан. Тухайн үед нам нь солиг­дож, дарга, цэрэг болох сонир­холтой зарим хүмүүст бид саад болж байсан байх. Тэгээд л бүгдийг ажлаас нь чөлөөлсөн гэж боддог юм. Цагдаагийн дарга болох гэсэн хүмүүсийн хийсэн ажил байх. Сүүлд Цагдаагийн ерөнхий газ­рын дэд даргаар ажиллаж байх­даа хэргийг бага зэрэг цэгцэлж өгсөн. Үдэг­дээгүй олон баримтыг нэмж, үдэж өгсөн. Тэр үед Э.Бат-Үүлийг хорьсон байдаг. Бидэнд Э.Бат-Үүлийг хорино гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ хоригдсон нь Э.Бат-Үүлд ашигтай байсан. Э.Бат-Үүлийн талаарх зүйлс нэг мөр болсон шүү дээ. 

Үргэлжлэл бий 
Э.ХҮРЭЛБААТАР