УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд даргаар З.Баянсэлэнгийг томилох шийдвэрийг өчигдөр тус эвслийн бүлэг шийдвэрлэлээ.  Энэхүү бүлгийн дэд даргаар Сангийн сайд Ч.Улаан ажиллаж байсан бөгөөд Сангийн сайд, УИХ-ын гишүүний ажил, дээрээс нь бүлгийн дэд даргын ажлын ачаалал их байгаа учраас ийнхүү дэд даргын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон байна. Түүний хүсэлтийг бүлгийн гишүүд хүлээн авч, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар томилсноо ийн дуулгалаа.

Тэрбээр ажлаа юунаас эхлэх гэж байна гэсэн сэтгүүлчийн асуултад "Би хувь гишүүдийн тоглолт хийх тал дээр илүү анхаарч ажиллахыг хүсч байна. Өнөөдөр хоёр намаас сонгогдсон гишүүд байгаа. Энэ гишүүд маань хамтарч ажиллах ёстой. Дан дангаараа явах нь хэр үр дүнтэй юм. Бүлэг гэж байгуулсан бүлгийн зарчмаар ажиллавал яасан юм, эргээд хариуцлагатай байя гэдэг үүднээс анхаарч ажиллана. Өнөөдөр гишүүдийн өргөн барьсан хуулийг бусад гишүүд нь мэддэг байх хэрэгтэй байна. Гишүүдийн юу хийж байгаа, тулгамдаж буй асуудал нь юу байна. Ямар саад бэрхшээл тулгарч байна. Ажлаа хийхэд нь хэн хөндлөнгөөс нөлөөлдөг юм. Тэр бүх мэдээллийг гишүүд маань бүлэгтээ ярьж, бүлгээсээ дэмжлэг авч, бүлгийнхээ гишүүдтэй санал солилцож, илүү зохион байгуулалттай ажиллах нь зүйтэй байх гэдгээс ажлаа эхлэнэ гэж бодож байна. Бүлгийн ажлын албаар мэдээллийг сайн өгөх, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар, үр дүнгийн талаар ярилцаж ажиллана. Хамгийн гол нь Н.Батцэрэг даргатайтайгаа эвтэй ажиллаж, зарчмын хувьд санал зөрүүтэй асуудлуудаа ойлголцохоос ажлаа эхлэнэ" хэмээн хариулсан юм.

Ямартай УИХ-ын эмэгтэй гишүүдээс хамгийн азтай нь хэмээгддэг бүсгүй маань дэд даргын ажил үүргээ сайн биелүүлээсэй билээ.

Х.Даваа