Монголын эрүүл мэндийн салбар ялзарч, өмхийрч, идээ бээрэндээ идэгдсэн гэж дүгнэж болно. Мөнгөтэй нь эмчлүүлж,  мөнгөгүй нь үхдэг тогтолцоо манай улсад тогтчихоод байгаа өнөө цагт эмч нарын  ёс зүй, нөгөө талаас салбарын сайдын унхиагүй байдал ч нөлөөлж байна.  

Манай улсад 1976 оноос хойш гадаад орчны агаарт азотын давхар исэл, хүхрийн хоёр ч исэл, нийт тоосны хэмжээг шинжилж, хянаж ирсэн бөгөөд хотжил, үйлдвэржилт, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж улмаар хүн амын шилжилт хөдөлгөөн, хотын гэр хорооллын оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй уялдуулан хүрээлэн буй орчны агаарын чанарын асуудал нь орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж ирсэн. Улмаар 2005 оноос нийслэлчүүд агаарийн бохирдол, утаатайгаа “зууралдаад, зууралдаад” барахгүй байгаа.  Үүний улмаас  олон ч хүн амьсгалын замын эрхтэн өвчилж,  олон ураг эндсэн.  Энэ тоо хэдэн зуугаар биш хэдэн мянгаар тоологдоно.  Харин энэ чиглэлд анхаарах ёстой  Эрүүл мэндийн яам агаарын  бохирдол  урагт хэрхэн нөлөөлж байгааг нэг ч удаа судалгаа хийгээгүй гэнэ.  Харин судалгаа хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.  Тэгвэл энэ ажлыг хийх боломж ЭМЯ, сайдад байсан уу гэвэл байсан.  Өөрөөр хэлбэл  Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 33 тэрбум төгрөгийг, Монгол улсын төвсийн  долоон хувийг  эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа. Тэгэхээр  хөрөнгө мөнгийг нь гаргаад өгчихөөд байхад анхаарал хандуулаагүй нь  салбарын сайдын  100 хувь буруу.

Өнөөдөр агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж байна.

Судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахд 7-8 дахин илүү өвчилж, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байна.

Тэгвэл утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлс нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг.  

Үүн дээрээс хүүхдүүдийг хордуулж байгаа хүчин зүйл нь  хүрээлэн  буй орчны хар тугалгын бохирдолт.  Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм:

Хамгийн эмгэнэлтэй нь агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгааны ажил манай улсад одоогоор алга.  Харин практик дээр  ураг хүчилтөрөгчийн дутагалд орох,  бүтэлттэй төрөх,  хэвлийдээ угаартан  өсөлтгүй болох,  хэвлийдээ хүн болсон ч төрөлхийн ямар нэг эмгэгтэй төрөх,  сэтгэхүй, эрхтэний хөгжил дутуу байгаа нь үнэн.  Ийм байдалтай олон жил болж байгаа.  Тэгтэл  өнөөдрийг хүртэл судалгаа хийгдээгүй гэдэг нь  энэ салбарт ы мөнгө идэх явдал,  хариуцлагагүй байдал,  дотоод ялзарал хичнээн  байгааг илтгэж байгаа юм.  

Байдал ийм хүнд байхад  агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийг эмчлэхэд иргэдээс зарцуулж байгаа зардлын хэмжээ, эдийн засгийн хор хохирлыг тогтоох, түүнийг нөхөн олгох зохицуулалтын талаар одоогоор ажил хийгдээгүй нь эмгэнэлтэй.

Өнөөдөр Улаанбаатар хотод нас барж байгаа нийт хүн амын 10-20 хувь нь агаарын бохирдлын нөлөөнд өртсөний улмаас өвчлөлд өртөж нас барж байна. Агаарын бохирдол уушгины хатгалгааг бий болгож энэ өвчнөөс үүдсэн хүүхдийн нас баралтанд шууд нөлөөлж байна. Мөн зүрх судас амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлж байгааг байгааг эмч, мэргэжилтгүүд хэлсээр байхад  Н.Удвал та ажил хийх гэж байгаа хэмээн ярьж суухаасаа ичээч.  Эрүүл мэндийн салбарт  оруулсан хөрөнгө оруулалтаа бодсон ч,  шинэчлэлийн засгийн газрын гишүүн гэдгээ бодсон ч  ажлаа үр дүнтэй хийх цаг хангалттай болсон баймаар...  Таны ажилдаа унхиагүй хандаж байгаа энэ байдал чинь нэг л өдөр нийслэлчүүдийн толгойг залгих байх шүү. Ажлаа сайн хий!!!

А.Баярмаа