Ипотек, ЖДҮ-д ээлгүй, бүтээн байгуулалт, халамжид анхаарсан төсөв батлав
2020/11/17
УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гаригт цахимаар хуралдаж, 2021 оны төсвийн хуулийг баталлаа. Чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүн болон ажлын хэсэг гэсэн 20 гаруй хүн байв. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар чуулганы танхимаас оролцсон. Бусад гишүүд гэрээрээ оролцлоо.
Цар тахал дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүснэ гэдгийг юуны өмнө онцолсон. Ингээд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж батлав.
Түүнчлэн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч 140 хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхэд 2.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ. Мөн 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгохоор баталлаа. Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт болон ЖДҮХС-д нэг ч төгрөг суулгасангүй. Мөн цар тахлын үед дахин 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон нь хэтэрхий өөдрөг, биелэх боломж бага учраас төсвийн орлого тасрах эрсдэл байгааг сануулсан ч ийнхүү ирэх оны төсвийг хуучин хэвээр нь баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бид алдагдалтай төсөв баталж байна. 2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Өндөр зардалтай бонд гаргаснаас гадаад эх үүсвэрээ харах талаар ямар байр суурьтай байгаа вэ. Энэ алдагдал зээлээр санхүүжигдэнэ.Үүнээс болж өрийн үзүүлэлт ялангуяа ДНБ-тэй харьцуулсан харьцаа 60 хувь руу дөхсөн байна лээ. Ирэх оны төсвийн алдагдал 2.2 их наяд гэхээр 62 хувьд хүрнэ. Үүнийг бууруулах чиглэл байна уу.Төсвийн алдагдал ДНБ-ний 70 хувьд хүрвэл эдийн засаг хүндэрнэ. Дотоодын бонд гэхээс илүүтэй хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж байна уу.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газар хямд эх үүсвэртэй зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодлого барьж байгаа. Нийтдээ 3.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтад байгаа гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэр хямд өртөгтэй эх үүсвэрээр санхүүжинэ. Бонд гаргасан тохиолдолд бид урьд өмнө авсан бондуудыг буцааж худалдах замаар өрийн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа. УИХ-аас ч гэсэн баталчихсан. Ирэх оны төсвөө батлаад дараа нь тодотголын асуудлыг яръя гэсэн Д.Ганбат гишүүний саналыг би бүрэн дүүрэн дэмжиж байна. Яагаад гэвэл одоо нөхцөл байдлыг бүрэн харах болоогүй байна. Тиймээс өнөөдөр төсөв батлах эцсийн хугацаандаа батлаад явах нь зөв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр би 149 төсөл хөтөлбөрийн 405 тэрбум төгрөгийг хэмнэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулах санал гаргасан ч унагаасан. Тодотголоо яаралтай оруулж, иргэдийн амжиргааг дэмжих асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо. Ямар хугацаанд тодотгол оруулж ирэх вэ. Өнөөдөр экспорт ямар түвшинд явагдаж байна вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Төсвийн тодотголыг өнөөдөр батлагдах төсөв, цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж төсвийн тодотголыг оруулж ирнэ. Хугацаа хэлэх боломжгүй. Нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа. Өчигдөр Гашуунсухайтаар 816, Шивээ хүрэнгээр 516, Хангиар 57, Ховдын Булганаар 11, Замын-Үүдээр 13 буюу нийт 1503 машин гарсан. Мөн зэс хэвийн гарч байгаа. Экспортын үнэ ч хэвийн байна.
Ийнхүү парламент 2021 оны төсвийн төслийг дахин тодотголтой хийх нөхцөлтэйгөөр алдагдалтай батлав. Мөн баасан гаригийн чуулганы үеэр нэг анхаарал татсан зүйл нь Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэрээр “Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийлгэнэ гэж ийм захиалга өгсөн. ДЭМБ-аар баталгаажсан вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлагдсаны дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Вакцины асуудал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа” гэв.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Irgen · 2020/11/17
Ene balai hamaljaa bolioch ee. Halamj chine ard irgediin darhlaag ugui bolgoj baina.