“Хонгил”-д эзэн суух Ерөнхийлөгчийн санаархал ба түүхэнд бичигдэх эго
2020/12/01
“Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхээсээ өөрийн биеэр татгалзлаа. Ингэснээрээ би тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна”.
Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өөрийн өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг буцаан татахдаа хэлсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд манай улс Шүүхийн тухай багц хуулиа өөрчлөх шаардлага үүссэн. Үүний дагуу хууль санаачлах эрх бүхий субьект болох Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар буюу Хууль зүйн яамны зүгээс Шүүхийн тухай багц хуулийг санаачлан өргөн барьсан. Харин эрх баригч намын бүлгээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэнээ өнгөрсөн сард зарласан учраас Төрийн тэргүүн өөрийн төслийг татан авахаас аргагүй нөхцөл үүссэн юм. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд өргөн барьсан субьектээс үл хамаараад тухайн төсөл цааш явахааргүй болсон нь харагдана. Учир нь, эрх баригч нам өнөөдөр УИХ-д 62-уулаа. Хууль батлахад үнэмлэхүй олон кноптой гэсэн үг. Нэг талаас Төрийн тэргүүний өргөн барьсан төсөл процедурын хувьд зогсонги байдалд орсон учраас түүнд татан авахаас өөр гарцгүй болсон байв. Нөгөө талаас Төрийн тэргүүний боловсруулсан төсөл ашиг сонирхлын зөрчилтэй буюу шүүхэд эзэн суух санаархлынх нь илэрхийлэл болсон гэж олон хуульч, судлаач шүүмжилж буй. Учир нь, Ерөнхийлөгч ШЕЗ болон шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилдог байхаар төсөлдөө тусган оруулж ирсэн юм. Гэвч тэрбээр эдгээрээс түдгэлзсэнээр “Улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг шударга бусын хонгилоос давхар татгалзлаа” хэмээн бачимдангуй тодорхойлсон. Ингэснээр тэрбээр өөрийн хэлсэнчлэн улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг шударга бусын “хонгил”-ын эзэн болохыг санаархаж байснаа ч давхар зарлачихав.
Ерөнхийлөгч өөрийн боловсруулан өргөн барьсан төслийг эгүүлэн татсан шалтгаан ердөө л энэ. Гэсэн атал тэрбээр төслөө зүгээр ч нэг татан авсангүй, өөрийгөө алдаршуулах, тэр ч бүү хэл анхдагч байх, түүхэнд бичигдэн үлдэх хүслээ барьж дийлсэнгүй. Ингэснээр шүүхэд өөрийн гэсэн эрх мэдэлтэй, шүүхийг Ерөнхийлөгчөөс хамааралтай байлгах нь хувь хүндээ ямар өндөр ач холбогдолтой болох, магадгүй хэчнээн их ашигтайг нийтэд зарлаад авлаа.
Нөгөөтэйгүүр Засгийн газраас боловсруулсан төсөлд шүүх дэх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгасан тал бий. Тухайлбал, тухайн төсөлд “ШЕЗ-өөс санал болгосон шүүгчийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилох зарлиг гаргана. Гэвч Шүүхийн сахилгын хорооноос хэрвээ шүүгчийг огцруулах, чөлөөлөх шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийн томилох зарлигийг хүчингүй болгоно” хэмээн тусгаад байгаа юм. Энэ мэтээр шүүгчийг томилж, огцруулдаг бүрэн эрх нь үгүй болох гэж байгаа учраас Төрийн тэргүүн ууртай байна. Шүүх дэх Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт өндөр байх үед тэрбээр хэрхэн, яаж дураараа дургиж байсныг олон нийт мартаагүй. Тодруулбал, тэрбээр ердөө жил гаруйхны өмнө 13 шүүгчийг нэг дор чөлөөлж, шүүхийг чадамжгүй байдалд оруулж байсан удаатай. Түүний энэхүү үйлдлийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ерөнхийлөгч өөрт нь таалагдаагүй байж болзошгүй, ямар үндэслэлээр нь тодорхойгүй 13 шүүгчийг чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой гэж заасан. Өөрт нь таалагдаагүй л бол ямар ч тодорхойгүй үндэслэлээр чөлөөлдөг байж болохгүй” хэмээн дүгнэж байв. Ерөнхийлөгч Х.Баттулга ууртай бас бачимдаж байгаагийн шалтгаан магадгүй ердөө л энэ байж ч болох. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж дүгнэхдээ МАН-ын бүлгээс “Ач холбогдолгүй, эрх мэдлээ хамгаалах ганц хоёр заалттай” хэмээн тодорхойлсон байж мэдэх юм. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлж, огцруулдаг байдлыг болиулахаар тусгасан. Энэ нь мөн л Ерөнхийлөгчийн шүүх дэх эрх мэдлийг хумьж байгаа хэрэг. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг байж болохгүй бөгөөд энэ нь өөрөө шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлнө. Бие даасан байдлыг нь алдагдуулж шинэ хонгил үүсгэж байгаа юм. Шинэ төсөл хамгийн түрүүнд энэ асуудлаас эхэлнэ. Шүүгчийг бие даалгаж ажиллуулна. Нөгөө талаар тэднээс хариуцлага ёс зүйг шаардана” хэмээн хууль санаачлагчдын зүгээс онцолж буйг энд тодотгон тэмдэглэе. Эндээс Ерөнхийлөгч шүүхэд ямар их эрх мэдэлтэй байсан нь харагдана. Харин энэ бүх эрх мэдэл нь багасаж, улмаар үгүй болох гэж буйд уурлаж бухимдах шалтгаан Ерөнхийлөгчид олон байгаа гэдгийг түүний хэлсэн үгнээс бүрэн харж болохоор байна. Дээр дурдсан жишээтэй холбоотой нэгэн баримт дурдахад, хуульч Б.Баяраа “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх” нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр баталсан юм. Маргааш нь Улсын Дээд шүүхээс энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасны зэрэгцээ мөн нэр бүхий есөн иргэн мэдээлэл ирүүлсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгох хүсэлтийг Ерөнхийлөгчийн санаачилж нэр дэвшүүлсэн Цэцийн гишүүнд хуваарилаад өнөөдрийг хүртэл бүтэн 20 сар гаруй хугацаанд Дунд суудлын хуралдаан зарлахгүй “хав дарж” байгааг сонирхлын зөрчилгүй гэж үзэх үү. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ дийлэнх хугацааг маргаан гацаасан байдалтай өнгөрүүлсэн байна.
Үндсэн хуульд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг илэрхий зөрчсөн энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхгүй байгаа нь ардаа маш их хор уршиг дагуулж байна.
Тухайлбал, ҮАБЗ бүх шатны шүүгчийн төлөөллийг оролцуулан 17 шүүгчийг “үзүүлэн” болгож, албан тушаалаас түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэлснээр шүүх эрх мэдэл бүхэлдээ улстөрчдийн гарт хуулийн дагуу орсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шүүгч ажил, амьдралгүй болохгүйн тулд хуульд захирагдах зарчмаасаа ухран улс төрийн захиалгаар шийдвэр гаргах эхлэлийг энэ хууль тавьсан. ҮАБЗ-ийн хууль бус шийдвэрийн улмаас УДШ-ийн иргэний танхим бүрэлдэхүүнгүй болж бүтэн жил гаруй хугацаа алдаж, хэрэг маргаан шийдвэрлэж байгаа нь муу үр дагаврын нэг жишээ юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Эндээс Ерөнхийлөгч шүүхээс гадна Үндсэн хуулийн Цэцэд хүртэл нөлөөгөө тогтоосныг харж болно. Юутай ч Засгийн газраас боловсруулсан төсөлд шүүгчдийг хэрхэн сонгож, томилохоор тусгасныг эргэн харъя. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ тухайд “Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дундаасаа нууц журмаар сонгох хэрэгтэй гэж тусгасан. Мөн гишүүнд тавигдах шаардлага, хориглох зүйлийг суулгасан. Тухайлбал, шүүгчид нэр дэвших, өөрт хамааралтай этгээдэд туслах, бэлэг шан харамж авбал үүрэгт ажлаас чөлөөлөх ёстой. Харин шүүгчийг эгүүлэн татахдаа үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн, хуралдааныг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол ажлаас нь чөлөөлнө. Түүнчлэн би хувьдаа Шүүхийн сахилгын хороог Шүүхийн ерөнхий зөвлөлийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог байх саналтай байгаа. Ингэснээр хараат бус байдал бий болно. Мөн Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог бол шинэчилсэн найруулгын төслөөр анхан, дунд шатны шүүхийн шүүгчийг шүүгчид дундаасаа сонгож томилох ёстой гэж үзэж байгаа. Шаардлага нь шүүгч таваас дээш жил, ерөнхий шүүгч 10 жилээс дээш ажилласан байх хэрэгтэй гэж заасан.
Ерөнхий шүүгчийг нэг удаа улируулан сонгож болох ба танхимын гишүүдийг ерөнхий шүүгч томилж, татан буулгах шийдвэр гаргаж болно гэж тусгасан” хэмээн тайлбарласан. Харин нөгөө талд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийг хуульч, өмгөөлөгчид хэрхэн дүгнэсэн бэ. “ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох эрхийг гартаа атгах санаархал нь түүний өргөн барьсан төсөл болсон” гэж хуульчид дүгнэжээ.
Түүгээр ч зогсохгүй хуульч, доктор, профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуульд тодорхой заагаагүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгч болохгүй” хэмээн анхааруулсан байдаг. Учир нь, Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төсөлд “Ерөнхийлөгч ШЕЗ-ийн нэг, Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг санал болгох. Ерөнхийлөгч шүүгчийг чөлөөлж, огцруулах, Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг ШЕЗ-д санал болгосноор томилно” гэж заасан байв. Хэрэв эдгээр бүрэн эрхийг Ерөнхийлөгчийн гарт өгвөл Үндсэн хууль зөрчинө гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд, Шүүгчийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах зорилгоор ШЕЗ ажиллана. ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчдийн дундаас сонгоно. Бусад гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаанд зөвхөн нэг удаа ажиллана. Харин зөвлөлийн даргыг гишүүд дотроос сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын Дээд шүүхэд танилцуулна” хэмээн тодорхой заасан байдаг. Хэрвээ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж, баталсан тохиолдолд ШЕЗ Үндсэн хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх байлаа. Ийнхүү эрх мэдлээ авч үлдэх, шүүхэд эзэн байх санаархлаа баталгаажуулах зорилго бүхий төсөл нь босго даваагүйд Ерөнхийлөгч Х.Баттулга ууртай байна.
Б.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
ZOCHIN · 2020/12/01
ERUNHIILUGCHIIN ZUV BNA. SHUUH ERH MEDLIIG NAM UUD EZEMSHSNEEREE BULEGLEN AVILGAL DEED TEGTEE TULJ HUULICHIDTAIGAA EVSEED IRGED EE DOROJILJ BGAA CHINI UNEN BIZDEE...HUDLAA GEVEL ENE OLON ERUNHII SADUUD SHOROND BGAA N TEDNII GAR HUL IH URT BGAA N HUDLAA YU...HEN TEGEED AVILGACHIDIIG SHUUHIIN....BATTULGIIN UED L ILERCH BGAASHUU...
Зочин · 2020/12/01
Бат · 2020/12/01
Монгол улс одоо хөрөнгөлөг хэсэтэй боллоо тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвтөө эзэн нь хяналт тавих үе боллоо хуулчдаа энэ л бидний хөгжлийн гарц
Иргэн · 2020/12/01
Ер нь шүүх эрх мэдлийн төлөөх тэмцэл айсуй сонгуул йн шоутай хавсрах байдал л ажиглагдсаншдээ?! Ард түмнийхээ эв нэгдлийг эн тэргүүнд тавьж шудрага ёсыг шудрага хүн л тогтоодог гэдгийг бүү март?! Мартвал сөнөнө?!
Иргэн · 2020/12/01
Ер нь шүүх эрх мэдлийн төлөөх тэмцэл айсуй сонгуул йн шоутай хавсрах байдал л ажиглагдсаншдээ?! Ард түмнийхээ эв нэгдлийг эн тэргүүнд тавьж шудрага ёсыг шудрага хүн л тогтоодог гэдгийг бүү март?! Мартвал сөнөнө?!
Иргэн · 2020/12/01
Ер нь шүүх эрх мэдлийн төлөөх тэмцэл айсуй сонгуул йн шоутай хавсрах байдал л ажиглагдсаншдээ?! Ард түмнийхээ эв нэгдлийг эн тэргүүнд тавьж шудрага ёсыг шудрага хүн л тогтоодог гэдгийг бүү март?! Мартвал сөнөнө?!