XVII ЖАРНЫ “БУЯН ҮЙЛДЭГЧ” ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2022/02/01
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран нийтэлж байна.
УСАН БАР ЖИЛИЙН ШИНЖ
Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь хөх, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай.
Үхэр хариулаач нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна” хэмээн дүрслэгджээ.
Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана. Хавар болон улирлуудын эхээр хуртай. Улс орны ерөнхий нуруу сайн. Жилийн эхээр гандуу боловч жилийн дундуур хур бороо ихтэй. Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. “Жаран жил”-ийн үрийн зурхайд “Буян үйлдэгч” хэмээн хар бар жилд алт, мөнгө элбэг, хүмүүн жаргалтай” хэмээн монгол зурхайд буужээ.
Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах тухайд
Энэ жилийн шинийн нэгэн нь улаан нохой өдөр, лхагва гаригт тохиож байна. Нар 08:19 цагт мандаж, 17:54 цагт жаргана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой.
Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ.
Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр сууж буйг нарийвчлан дэс дарааллуулан он оноор нь гаргаж өглөө.
Гал суудал
“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд зүгт зүгээ гаргаад, чүдэнз зурж түүнийгээ ус, цасаар унтраан урд зүгээс гэртээ ирнэ.
Шороосуудал
“Ум бадма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт зүгээ гаргаад, газарт модны үртэс цацаж баруун урд зүгээс гэртээ ирнэ.
Төмөр суудал
“Ум радна дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт зүгээ гаргаад, жижиг гал гаргаад төмөрт хүргээд баруун зүгээс гэртээ ирнэ.
Огторгуй суудал
“Ум пагма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд зүгт зүгээ гаргаад, огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
Ус суудал
“Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, ус асгаж дээгүүр нь алхаад хойд зүгээс гэртээ ирнэ.
Уул суудал
“Ум будда дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд зүгт зүгээ гаргаж, уул руу модны үртэс, шороо, чулуу хаяж зүүн хойд зүгээс гэртээ ирнэ.
Мод суудал
“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, хойд зүгт зүгээ гаргаад, мод, чүдэнз хугалж хаяж зүүн зүгээс гэртээ ирнэ.
Хий суудал
“Ум базар пад дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, цаас урж хийсгээд зүүн урд зүгээс гэртээ ирнэ.
DR. PRADHAN · 2022/02/07