Хүнд даацын машинуудыг мөнгө их олдог,  зам эвддэг нөхөд гэсэн ойлголт нийгэмд  байдаг. Тэгвэл төр засгаас  тусламж нэхэлгүй, яв гэсэн газарт нь явж, далд ор гэсэн газарт нь далд ордог, бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс бол хүнд даацын машинаар ачаа ачдаг хүмүүс юм. Тэдний хувьд тулгамдаад байгаа асуудал цөөнгүй байдаг. Үүн дээр нь нэрмээс болох гэсэн шиг асуудал сүүлийн үед их гарч байгаа.  Үүнийг бид энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаараа хүргэхээр бэлтгэлээ.

Өнөөдөр хүнд даацын машин мехнизмууд  нэгдсэн нэг зогсоолгүйн улмаас 32-ын тойрог,   Чулуун овооны Петровис,  Сонсголон, Гурвалжингин гүүр, Цайзад  үйлчлүүлэгч ирэхийг хүлээн байгаа.   Гэвч байнга  зориулалтын бус газар,  замын хөдөлгөөнд саад учрууллаа гэх мэт элдэв шалтгаанаар нохой хөөж байгаагаас доор туудаг байна. Үнэн хэрэгтээ  эдгээрт хүнд даацын машин механизмын жолооч нар  зовлон их байгааг учирлаж байлаа.  32-ын тойрогт зогсдог жолооч  нар:  “Өмнө нь зам дагуу зогслоо. Замын зорчих хэсгийг чөлөөл гэхэд нь бид төв зам дагуу айлын хашааг түрээслэн машинаа тавих болсон. Машинаа тавьдаг айлын хашаанд тавьдаг болтол өнөөх айлын эздийг газар чөлөөл гээд дарамтлаад эхэлдэг. Биднийг зориулалтын газар гаргаад өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргахад  үерийн усны далан дээр шороо асгасан газар зааж өгсөн.” гэж тайлбарлав.  Үнэхээр  зааж өгсөн газар нь  үерийн усны  зам дагуу шавар шалбаагтай газар байв.  Хэрэв бороо, цас орвол  энд том тэрэгүүд  орж, гарах нь битгий хэл шаварт сууж, татаж гаргахад бэрх, жолоочийн ур чадварыг дээд зэргээр шалгасан газар байв.   Тиймээс жолооч нар Гурвалжингийн гүүр болон бусад газруудад   өдрийн  3500-6000 төгрөгийн түрээс төлж  замын хөдөлгөөн, нийтийн эрх ашгийг зөрчилгүй зогсдог.  Тэгтэл  тэднийг ямар нэг шалтаг хэлж байнга  хөөдөг байна.  

Зогсоолын  асуудлаас гадна том оврын машинуудыг Солонгос, Хятадаар нь алагчилж үздэг юм билээ.  Замын цагдаа нарын  хувьд  том оврын Хятад тэрэг харахаараа  өндөрлөгөөтэй байна хэмээн  жолооч нарыг  загнадаг.  Тиймээс  бүтэн байсан машинаа  хагасалж  өндөрлөгөө гэгдээд  байгаа  ачааны  хэсгийг хасдаг.  Ингэж хасахад гагнуураар эсвэл лазераар  хийлгэдэг.  Үнийн  хувьд   300 000- 600 000 төгрөг. Өөрөөр хэлбэл  жолооч нар шинэ хятад тэрэг авсныхаа төлөө цагдаа нарт ад үзэгдэж ийнхүү  нэмж зардал гаргадаг.  Үнэн хэрэгтээ машиныг  ингэж Солонгос, Хятадаар л ялгамааргүй байгаа юм. Ялгах дээрээ тулбал харин Солонгос тэргийг оруулж ирэх ёсгүй.   Тодруулбал,   Монголд гол төлөв 20-р зууны  буюу  1996 оны Солонгост ашиглахаа больсон машинууд гол төлөв явдаг. Тэднийг Монголын зах зээлд 40 000- 50 000 ам.доллараар худалдаалдаг.  Харин  Хятадаас оруулж ирдэг он залуу, шинэ тэрэг нь 60 000- 80 000 ам.долларт багтдаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага. Ийм ялгаатай байхад заавал  Хятад, Солонгос гэж алагчлах болсон. Үүнээс нь болоод Хятадууд хил дээр ачаа ачуулахаар  бол  зөвхөн Хятад тэргэндээ ачаа ачуулна.  Солонгос тэргэнд ачихгүй гэж гэдийж байгаа.  

Өндөрлөгөөг нь авсан хүнд даацын машин 

Хүнд  даацын машин, механизмыг  замын хөдөлгөөнд саад болно хэмээн зөвхөн шөнийн цагаар чиглэл заан зорчихийг  зөвшөөрдөг. Хэрвээ шөнийн цагаар зөвшөөрөлгүй газраар буюу хотын “А” зэрэглэлийн бүсэд явбал жолооч барих эрхийн бүх ангилалыг  нь хасдаг. Уг нь  тухайн жолоочийн  хүнд даацын машин барих ангилалыг хүчингүй болгож суудлын машин барих  ангилалыг хүчинтэй болгомоор.  Уг нь суудлын тэрэ, хүнд даацын машин барих ангилалыг тус тусад нь авдаг шүү дээ. Замын цагдаа нарын хувьд бодох ёстой асуудлын  нэг.  

 Зам ашигласны татвар  гэж  хүнд даацын машинаас арай өндөр  авдаг. Татвар нь их олон төрөл. Ингэж олон татвар авсныхаа төлөө замаа сайжруулж байгаа зүйл байдаггүй.   Нөгөө талаас хүнд даацын машин явахаар зам эвдрээд байна гэдэг ч асуудал нь хүнд даацын машинд бус замын чанарт байгаа юм.  Олон улсад хүнд даацын машинууд явж л байдаг. Тэглээ гээд зам нь эвдэрдэггүй.  Учир нь гадаадууд  замыг манайхан шиг гурилдалгүй чанартай хийдэгт оршиж байгаа юм.  Хамгийн ойрын, Монголын жишээг яръя.  Нарны  замыг Япончууд барьсан. Энэ замаар  өдөрт хэдэн зуугаараа  хүнд даацын машинууд явж байна. Гэсэн ч энэ зам эвдэрээгүй байж л байна. Нарны замаас сүүлд ашиглалтад орсон замууд  1-2 жилийн настай байдаг нь баталгаа болно.  Манайхан өөрсдөө  чанартай зам барихгүй байж, чанартай зам барь гэж төсөвлөсөн мөнгийг идчихдэг нь өнөөдөр нууц биш.

Энэ мэт олон байдлаас болж  үндэсний бүтээн байгуулагчдаа шууд утгаар нь боож байгаа юм. Хүнд даацын машинууд ажиллахаа больчихбол үндэсний бүтээн байгуулалт тэр чигээрээ тэг зогсолт хийнэ.   Уг нь юмаа хийж байгаа хүмүүсээ дэмжих ёстой байтал ийнхүү  хашиж хавчиж байгаа нь шударга бус үзэгдэл юм. Үүнийг зөвхөн нэг жишээгээр тайлбарлъя.  Өнөөдөр хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга баригдаж байгаа тохиолдолд  тийшээ  ачаа тээвэрлэхийн тулд хүнд даацын  машинтай жолооч нар эхлээд  нийслэлийн  авто тээврийн газраас  1500 төгрөгөөр нэг өдөр зорчих зөвшөөрлөө авна.  Үүний дараа Замын цагдаагийн  удирдах ажилтантай уулзаж,  тэдэн сарын тэдний өдөр тийм хэмжээний ачаа тээвэрлэнэ хэмээн  хэлж,  цагаа тохирч, цагдаагийн машинаар “күүпэр”-лүүлдэг.  Үгүй бол  жолооч нарыг  саатуулдаг,  машиныг нь журмын хашаа руу хийдэг.  Өөрөөр хэлбэл цагдаа нарын халаас түнтийдэг,  ёс бус гаж тогтолцоо бий болчихоод байна.  

Энэ мэтээр зөвхөн хүнд даацын машин, мехнизмтай  улсуудад асуудал  өчнөөн тулгардаг. Тэр бүрт төрөөс нэг төгрөг гэхгүйгээр бор зүрхээрээ ар гэрээ тэжээхийн төлөө, бүтээн байгуулалтад идэх хоол, унтах нойроо хасан байж эдгээр хүмүүс зүтгэж байна. Тиймээс баялаг бүтээгчдээ дэмжиж байгаа бол  хүнд даацын машинуудыг ч гэсэн ад үзэх хэрэггүй. Ядаж л хүнд даацын машин, механизмтай хүмүүст  зориулаад хотын хоёр захад  нэгдсэн зогсоол бариад өгчих хэрэгтэй. Нөгөө талаас зам барьдаг нөхдүүдээсээ чанар шаардах ёстойг онцолмоор байна.  









































































П.Отгонбаатар 

 

 

 

А.Баярмаа