Б.Энхбаяр: Хөгжлийн Банкны 55 зээлдэгчтэй холбогдуулан одоогоор 300 гаруй иргэнийг гэрчээр дуудсан
2023/01/09
Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч дуудах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон.
Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна.
- Нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсож, холбогдох гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна.
- Хоёрдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын 365 төсөл арга хэмжээний ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ.
- Гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Энэ асуудлыг өмнө нь огт хөндөөгүй байсныг онцлох хэрэгтэй" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг ирэх долоо хоногт шинжлэн судална.
Хяналт шалгалтын урьдчилсан мэдээгээр 77 зээлдэгчээс 22-ынх зарцуулалт хэвийн байна гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн зээл олголтод зөрчил илрээгүй, эргэн төлөлт нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг.
Тэгэхээр зарцуулалт нь хэвийн үргэлжилж байгаа уг 22 зээлдэгчийг хасаж, үлдсэн 55 зээлдэгчийн мэдээллийг нэг бүрчлэн шалгана.
Бид нэг өдөрт 11 төсөл, хөтөлбөрийн зээлийн асуудлыг хэлэлцэхээр болсон.
Ерөнхий хяналтын сонсгол, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь зарчмын хувьд эрс ялгаатай. Иргэд, олон нийт энэ сонсголд оролцохгүй. Зөвхөн УИХ дахь түр хорооны гишүүд холбогдох гэрчүүдээс асуулт асуух юм. Түр хороонд байдаггүй УИХ-ын гишүүд ч оролцох боломжгүй гэсэн үг.
МҮОНТ-ийн мэдээний сувгаар эл сонсголыг шууд дамжуулна. Сэтгүүлчид шууд дамжуулалтаас мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж болно. Тиймээс Төрийн ордонд болох сонсголд сэтгүүлч нарыг оролцуулахгүй.
Энэхүү 55 зээлдэгчтэй холбогдуулан гэрчээр дуудах хүний тоо одоогоор 300 гаруй байна" хэмээн мэдээлэв.
Зочин · 2023/01/09
Нэг дуулиантай луйварыг нөгөөгөар дардаг ид шидтэй болсон юм шигээ хөгжлийн банкийг нүүрсний хулгайгаар дарах оролдлого яваад бна
zochin · 2023/01/09
ЗӨВ2