О.Батханд: АН-д хулгай хийгээгүй, нэр цэвэр олон гишүүн бий. Бид ЦХХХЯ, МАН-аас хэзээ ч айхгүй
2023/01/24
Ардчилсан Нам(АН)-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд "УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай горимоор батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар өчигдөр сэтгүүлчдийн группт зар оруулсан.
Гэтэл зар оруулсны дараа АН руу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, хэвлэлийн бус хэр нь МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ?
Манай намын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа, эдэлсээр ч байх болно. Улсаас хулгай хийгээгүй, нэр цэвэр олон залуус манай намд бий. Тийм учраас бид ЦХХХЯ, МАН-аас хэзээ ч айхгүй.
Өчигдөр ирүүлсэн сануулга шиг зүйл манай нам руу дахин битгий явуулаарай гэж шаардаж байна. Бүхэл бүтэн улс төрийн нам руу ийм халдлага ирж байгаа юм чинь Монгол Улсын жирийн иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд нь ямар дайралт хийдэг болох нь тодорхой харагдаж байна.
Шударгаар ажиллаж байгаа зуу зуун сэтгүүлчдид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө битгий боомилуулаарай" гэв.