2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын дарга Л.Гантөмөрийг албан ёсоор бүртгэж, АН-ын хуваагдал гэгч эцэс болсон билээ. Гэвч иргэн С.Эрдэнэ нарын хэсэг иргэд АН-ын нэр, логог хууль бусаар ашиглаж, элдэв үйл ажиллагаа зохион байгуулсаар байна. Тодруулбал тэд 2-р сарын 18-нд С.Эрдэнийн хувийн оффист "АН-ын ҮБХ-ы хүндэтгэлийн хуралдаан" гэгч арга хэмжээг 20 орчим хүнтэйгээр, шинийн 3-нд мөн л С.Эрдэнийн хувийн оффист "Ардчилсан намын золголт" гэх арга хэмжээг 40 орчим иргэний дунд тус тус зохион байгуулсан юм. Мөн 2-р сарын 19-нд "Ардчилсан Намын мэдэгдэл" гэдэг зүйл бичин, сошиалаар тараахдаа АН-ын нэр, логог хууль бусаар ашигласан байна.

 

Тэр бүү хэл тэдний нэг болох жүжигчин Д.Сосорбарам АН-ыг хагалан бутаргах хүслээ ил илэрхийлж эхэлжээ.

 

Тодруулбал  2-р сарын 18-нд С.Эрдэнийн хувийн оффист "АН-ын ҮБХ-ы хүндэтгэлийн хуралдаан" гэгч 20 орчим хүний оролцсон арга хэмжээний үеэр Д.Сосорбарам: "Австрийн эдийн засагч Карл Менгерийн тавьсан эдийн засгийн зарчим, номлол өнөөдөр хүн төрөлхтөний явах зам, жим болж байгаа юм байна. Эрх чөлөөт, чөлөөт эдийн засгийн ийм үзэл санаа юм байна. Түүний шавь Мизесийн онол мөн хүн төрөлхтөний оюун санааны хамгийн том тослог үйлдэл юм байна. Мизес өөрөө коммунист байсан, социалист эссэ бичдэг байсан. Гэтэл Карл Менгерийн “Эдийн засгийн зарчмууд” гэдэг номыг уншаад, ухаараад зүүний үзлээсээ эрс татгалзаж, цэвэр барууны үзэл рүү, жинхэнэ чөлөөт зах зээл, либериализм рүү орсон. Тэр онолоо ч дэлхийд, АНУ-д түгээсэн, АН-ыг эрх чөлөөгөө олоход нь, хамгаалахад нь нэмэр болсон ийм хүн юм. 

Нобелийн шагналт Хайек гэж хүн байсан. Тэр хүн Мизесээс санаа авсан. Бас л улаан зүүнтэн байсан. Тэгээд барууны үзлийг түгээж байгаа ийм хүн юм байна. 

Сонирхолтой нь бид Карл Маркс, Карл Менгер хоёрийг асар их ялгаж салгаж, судлаж, ойлгож уншихгүйгээр хол явахгүй ээ.

Үүнээс болоод улс төрийн баруун, зүүний үзэл баримтлалаа ялгахгүй байнаа.

 

Тиймээс АН оршин тогтноё, эрх чөлөөг хамгаалья л гэж байгаа бол зүгээр л ялгарья. 

Муудалцаад яах юм бэ. Зүүний үзэлтэй хүмүүс нь яваг л дээ. Тэр 400 мянган орон сууцаа бариад, 1000 долларын цалин өгнө гэж “поп”-роод яв л даа.

 

400 сая жуулчин авчирья гэж байгаатай адилхан. 4000 долларын цалинтай болгоё гэж байгаа улаан намын, улаан зүүний үзэлтэй адилхан юм өнөөдөр яриад, эрх чөлөөг хамгаална гэж байхгүй. Тийм учраас зүүн, баруунаараа ялгараад л явья. Энд би ямар нэгэн өс хонзон, хэн нэгнийг үгүйсгэсэн зүйл яриагүй шүү. Бодит байдал ийм байна. Ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөдөлгөөн бүгд зүүний үзэл. Бүгд дампуурал руу явна. Тийм учраас дампуурахгүй байх тийм тогтолцоог энэ нам 33 жилийн дараа бий болгох хэрэгтэй. Тэр нь юу гэвэл хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг дээдэлсэн, ийм эрх чөлөөт эдийн засаг, төр хоёр зайтай, эдийн засаг, хууль, шүүх нь хараат бус явдаг тогтолцоог бүрдүүлэх барууны үзэл баримтлалыг бариад явбал аштай юу гэж би бодож байна. Эдгээрийг хийж чадвал АН оршин тогтноно. Үүнийг хийж чадахгүй, зүүний үзлээр явбал тэгээд дуусна. Үүнийг хийе. Үүнийгээ зарлая” гэсэн байна.

 

Д.Дандархүү