Нэхэмжлэгч
2023/05/18
Хотын дарга нар 20 жилийн хугацаанд хэдэн газрыг ийш тийш болгосныг Засгийн газар энэ сарын 15-ны өдөр ил болгов. Энэ мэдээллийг дэлгэсэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Газар олголтын мэдээллийг ил тод болгохыг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Түүх бол түүх. Баримт бол баримт.
Ил тод мэдээлэлд аль нэг нам, улс төрийн өнцгөөс алагчлах боломж байхгүй. 20 жилийн түүхэнд үе, үеийн Хотын дарга нарын гарын үсэг байна. Тиймээс “Шилэн” ажиллагаа, Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу нийтэд мэдээллээ. Хотын дарга нар 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэнд, хаана, хэзээ, ямар хэмжээ зориулалтаар газар олгосон, сунгасан, шилжүүлсэн талаарх түүхэн баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо” гэв. Дээрх хугацаанд Хотын дарга нар 36958 захирамж гаргажээ. Тэдгээр нь ил болжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өвөл “Хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан бэ. Олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон бэ. Тэр хүмүүс авлига авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй. Түгжрэл, утаа бол мөсөн уулын орой гэдэг шиг авлига болон буруу системийн бидний нүдэнд харагдаж байгаа хэсэг нь л энэ юм” гэж байсан юм.
Ил болсон захирамжуудын талаар олон нийт нэлээд “ярилцаж” байх шиг байна. Хотын дарга нарыг шүүмжилсэн, өмөөрсөн явдлууд ч гарч байна. Харин Хотын дарга нараас Э.Бат-Үүл л байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Гүтгэхээ зогсоо” хэмээсэн байна.
Тэгвэл Засгийн газар ингэж Хотын дарга нарын олгосон газрын мэдээллийг ил болгоод орхихгүй нь бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр захирамжаас нийтийн эзэмшлийн талбайд олгосон зөвшөөрлүүдийг ялгаж буй гэнэ. Тэрбээр нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон Хотын дарга, үүнд оролцсон албан тушаалтныг зарлахаар болжээ. Хамгийн гол нь тэднээс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн өртгийг нэхэмжилж Иргэний хэргийн шүүхэд хандах юм байна.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ ашигт малтмалын лицензүүдийг ил болгох үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Тун удахгүй лицензүүдийн мэдээлэл хотын газар олголтын жагсаалт шиг нийтэд ил тод болно гэсэн үг.
Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд өнгөрсөн 30 жилд явж ирсэн бүх чиглэлийн “тогтолцоо”-г ухахыг нь ухаж, нураахыг нь нураагаад л үзэж байна. Үндсэн хууль, Оюутолгой, боомтуудын бүтээн байгуулалт гээд цуварна. “Эрдэнэт” үйлдвэр, Монросцветмет, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, бас нүүрсний хэрэг, Хөгжлийн банк гэх мэтээр хөвөрнө.
Үүнийгээ тэр “Өнгөрсөн 30 жилд их олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон. Өнгөрсөн 30 жилийн туршид гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж явсан. Ерөнхий сайд нар маань огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэж ярьдаг байгаа юм. Тэр нь хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна гэсэн үг. Тэд юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой” гэж тайлбарладаг. Яг одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт л гэхэд бүтэн 15 жил яригдсан. Гэхдээ ажил хэрэг болж хараахан чадаагүй байдаг. Харин ингэж өөрчилснөөр Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 30 жил явж ирсэн тоглоомын дүрэм өөрчлөгдөх нь тодорхой аж.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ томоохон төслүүд дээр, бодлого дээр алдагдсан боломжийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлдэг. 2022 оны наймдугаар сарын эхээр “Эрх мэдлээ хэтрүүлж, стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас хариуцлага нэхнэ, нэхэмжилнэ. Ер нь бид тал талдаа хариуцлагатай явах шаардлагатай. Төр 30 жил эмх цэгцгүй явж ирлээ. Зарим үед төр төмөр нүүрээ харуулж байх ёстой. Ялангуяа эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой ийм төслүүд дээр гадаад, дотоодын хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тусгай албадуудаас ажиллагаа явуулдаг. Тийм учраас яг ийм томоохон төслүүдийг гацаасан явдлуудыг зүгээр орхиж болохгүй. Жишээлбэл, төмөр замын асуудал. Нэг жилийн дотор баригдчих төмөр зам 14 жил гацаж, 80 их наядын хохирол учирсан. Тиймээс Засгийн газар алдагдсан бүх боломжийн өртгийг, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төслүүдийг зогсоосон нөхдүүдээс нэхэмжилнэ. Мэдээж нэгдүгээрт, хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж байв.
Үүнээс арваад хоногийн дараа яг дээрх агуулгаар Ховдын даргыг чөлөөлсөн. Засгийн газрын хуралдаан дээр энэ шийдвэрийнхээ шалтгааныг “Үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан” гэж тайлбарлажээ. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөвсгөл, Завхан аймгийн дарга нарыг чөлөөллөө. Шалтгаан нь Ховдын даргынхтай адил аж. Зүүн аймгуудын дарга нар дунд ч чөлөөлөгдөх болзлоо хангачихсан нөхдүүд байгаа юм байна. Тун удахгүй чөлөөлнө л гэсэн үг. Ер нь бол эдгээрийг сүүлийн 30 жилд мартагдсан хариуцлага гэвэл зохихоор байгаа юм. Нутгийн гишүүд нийлж байгаад нэг дарга тавьдаг. Тэр нь тэндээ гишүүдийнхээ л үүрэг даалгаврыг гүйцэтгэж суудаг. Орон нутагтаа бол "хаан, заан" болчихдог. Энэ байдал халагдаж байгаа л үйл явц юм. Хариуцлага зөвхөн аймгийн дарга нар дээр ч яригдаагүй байна. Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, “Эрдэнэт”-ийн хэмээх Х.Бадамсүрэн, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, ГЕГ-ын дарга асан Б.Асралт, ШӨХТГ-ын дарга асан Т.Гантулга гээд энэхүү “30 жил мартагдсан хариуцлага” гэдгийг үүрээд явсан байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Өнгөрсөн 30 жилийн алдагдсан боломж”-ийг нэхэмжлэгчийн үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг.
Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин
Бат инженер · 2023/05/18
Мэдэхгүй дээ МАН улсын эдийн засгийн ноёлох өндөрлөгүүдэд хяналтаа бат тогтоохын төлөө л яваад байна уу даа. Идвэл Хэнтийхэн л иднэ үгүй бол хэнд ч өгөхгүй. Увсынхан бол бас яая гэхэв л гэж байх шиг.
бат · 2023/05/18
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
Зочин · 2023/05/18
Мундаг юмаа даа ЕС Оюунэрдэнэ ч. Залуу ЕС гэж ийм байдаг байхдаа. Улс орон, ард түмнээ бодож чадаж байна даа ашгүй дээ. АМжилт