МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, АРДЫН ЭМЧ Ж.ХАТАНБААТАР ТАНАА

 

Спортын уралдаан тэмцээний цэвэр шударга өрсөлдөөнийг хадгалах, тамирчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд дэлхий нийтээр допингийн төрлийн хориотой эм бэлдмэл, бодисыг хориглож, түүний эсрэг нэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Үүний жишээ нь допингийн хэрэглээ ихтэй зарим улс орныг олимп, тив дэлхийн наадамд хүртэл оролцуулахаас татгалзаж байгаа явдал юм.

Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, мөн допингийн шинжилгээ авах, албан ёсны итгэмжлэгдсэн лабораторид түүнийг шинжлүүлэх, хариуг авах, хариуг эрх бүхий этгээд, эсвэл захиалагчид мэдээлэх зэрэг бүхий л процессийг таны үүсгэн байгуулсан Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага хариуцсаар ирсэн.

Допингийн шинжилгээтэй холбоотой хардлага, маргаан нийгэмд маш ихээр байсаар ирсэн ба үүнд танай байгууллага ямар нэгэн тайлбар, бодит мэдээллийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

Одоогийн байдлаар энэ жилийн Үндэсний их баяр наадамд 4 давсан бөхчүүдээс авсан шинжилгээний албан ёсны хариу шинжилгээ авагдсанаас хойш сар хагасын хугацаа өнгөрсөн ч шинжилгээний талаарх мэдээллийг албан ёсоор танилцуулаагүй байна. Олон улсын допингийн эсрэг байгууллагын дүрэм болон БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн албан ёсны мэдээлэлд Монгол улсаас авсан ҮИБНаадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээ В стандартаар (Допингийн шинжилгээ нь А, В, С стандартаар авагддаг) авагдсан буюу 21 хоногт бүрэн шинжлэгдэн дууссан байх журамтайг заасан байна.

Үүнийг зарим иргэд МҮБХ-ны үйл ажиллагаатай холбоотой, манай холбоог допингийн шинжилгээ авах, БНСУ-д шинжлүүлэх, хариу гаргах, мэдээлэх явцад оролцоотой байдаг гэж ташаа ойлгох явдал ч нэмэгдлээ.

Иймд МҮБХ-ны зүгээс танай байгууллагаас, танаас дараах асуудлуудад албан ёсны хариуг нээлттэй өгөхийг санал шаардлага хүргүүлж байна. Үүнд:

1.Энэ жилийн ҮИБНаадамд барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу ирсэн эсэх? Мөн ямар учраас хууль, дүрэм журмыг зөрчин сэтгүүлчдэд мэдээлэл өгөөд байгаа вэ? /Сэтгүүлчид ‘’…баттай эх сурвалжаас гэж эш татаж байгаа болно …’’ гэж мэдээг гаргаж байна./

2.Шинжилгээний хариу албан ёсоор хэзээ ирж дуусах вэ? Эсвэл ирээд та бүхэн хариуг Баяр наадмын зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд илгээсэн үү?

3.Допингийн шинжилгээний хариуг танай байгууллага маш удаан хугацааны дараа ирүүлдэг нь ямар учир шалтгаантай вэ? БНСУ-ын лабораторид хүлээгддэг үү, эсвэл танай байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалдаг уу? Хариу уддаг бодитой шалтгаан нь юунд вэ? Төлбөр тооцооны шалтгаан байгаа бол ямар нэмэлт төлбөр төлж байж богино хугацаанд хариуг авах боломжтэй вэ?

4.МҮБХ-ны зүгээс спортын бусад холбоодоос олон тоогоор бөхчүүд нь допингийн шинжилгээнд хамрагддагийн учир тантай албан ёсоор уулзах саналыг дахин үүгээр тавьж байгаа бөгөөд Дэлхийн допингийн эсрэг байгууллагын төлөөллүүд манай улсад ажиллаж байгаа энэ цаг үед уг уулзалтыг яаралтай зохион байгуулах санал хүргүүлж шаардаж байна.

Тантай миний бие МҮБХ-ны удирдлагын бүрэлдэхүүнд орж ажиллаж эхэлснээс хойшхи 5 жилийн хугацаанд нэг л удаа МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох хурлын үеэр таарсан ба албан ёсны уулзалт хийх саналыг олон удаа тавиад үр дүнд хүрээгүй тул энэхүү байдлаар нийтэд нээлттэй дахин хүргүүлж байгаа юм. Та уулзалт хийх тов, уулзалтыг олон нийтэд мэдээлэх телевиз, мэдээллийн хэрэгслээ өөрөө сонгож мэдэгдэнэ үү.

Дээрх санал шаардлагуудын хариуг 8-р сарын 23-ны дотор албан ёсоор бичгээр өгөхийг хүсье. Бид ямар нэгэн хууль бус зүйл шаардаагүй, олон жил үргэлжилж байгаа хардлагад баттай мэдээлэл өгөх зорилгоор асуудалд хандаж байгаа тул таныг, танай байгууллагыг үүнд татгалзахгүйгээр, нээлттэй, шударга байна гэдэгт гүнээ найдаж байна.

Заасан хугацаанд хариу өгөхгүй бол та нээлттэй бусаар олон жил ажиллаж ирсэн нь ямарваа нэгэн нуун далдлах асуудлуудтай байна гэж үзэхээс аргагүйд хүрч хуулийн байгууллагад гомдол гарган, танай үйл ажиллагааг шалгуулах болно.

ТЭРГҮҮН /Ц.МАГАЛЖАВ/