Эртний ном сударт хий хоосон сүрийг үзүүлэгч улс гүрэн, жанжин, хувь хүмүүнийг “цаасан бар” хэмээн тэмдэглэсэн байдаг. Яг үүн шиг УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэж олонд сүрийг үзүүлж, ядарсан ард түмнээ горьдоон дагуулан хуйлруулсан боловч эцэст нь чадахгүйгээ мэдэн хий дэмий л чуулганаа орхин гүйж цаг аргацаан “цаасан бар” болж төгсөв бололтой.

Аливаа бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр арван хувийн татвар ногдуулж, энэ хувиа бизнес эрхлэгчид, иргэдийн халааснаас аваад оронд нь хоёр хувийг нь буцаан өгч, найман хувийг нь авч үлддэг тогтолцоо бол НӨАТ. Олон түмний хүслийн үзүүр буцаан олголтын хувийг нэмэгдүүлнэ гэсэн төрийн өндөрлөгүүдийн нэг учраас Г.Занданшатарт олон нийт итгэсэн. Тиймдээ л НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг D-petition-д байрлуулаад зургаахан хоноход 100 гаруй мянган иргэн дэмжсэн байдаг.

Гэвч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан хоёр уг саналыг эсэргүүцсэн. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийддэг зүйл биш. НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин таван хувь болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Маргааш (2023.10.18) хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй” хэмээн боловсруулсан төсвөө задалж даахин тооцоолол хийхээс цааргалсан.

Уг нь Монголын аж ахуйн нэгжүүд, эдийн засагчид, сөрөг хүчнийхэн НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй. Нэмэлтээр шааардагдах 600 гаруй тэрбум төгрөг чинь буцаад ороод ирнэ. Хамгийн гол нь буцаан олголтыг нэмэгдүүлснээр далд эдийн засаг ил болно. Буцаан олголт өгөх аж ахуйн нэгж олширно. Татварын орлого чинь харин ч эсрэгээрээ нэмэгдэнэ гэж хоолойгоо сөөтөл учирласан. 62 суудалтай үнэмлэхүй олонх дээр бид нэмэгдэж дэмжээд өгье гэж сөрөг хүчнийхэн ч хэлсэн. Эцэст нь НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал ирэх оны төсөвт л лав суусангүй. Гэнэт нэг өглөө зүүдлээд тооцоо судалгаагүй зүйл оруулж ирсэн үү, судлаад болно гэдгийг мэдээд оруулж ирсэн үү. Ингэж шилний цаанаас ард түмэнд чихэр долоолгох нь сайхан байдаг юм уу. Ямар ч байсан биднийхээ төлөө санаа тавьдаг юм, одоо л гишүүн болж сурах гэж байгаа юм гэж бид дахин дахин сонгосоор байх уу. Ядарсан ард түмнийхээ сэтгэхүйгээр ямар ч сайхан тоглодог юм бэ дээ.

 

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: www.DNN.mn