Хөрөнгө оруулалтын хууль: Х.Баттулга VS Ч.Хүрэлбаатар
2024/01/11
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбоотой МоАХ-ны шаардлагыг намын бүлгүүдэд танилцуулахаа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл хийв.
Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭЖ БАЙСАН КЭЙСҮҮДИЙГ ДУРДАВ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга:
- Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож болохгүй. Энэ нь хөрөнгө оруулагч нэртэй ямар ч хүн Монголд орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгоно. Энэ хуулийг 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа олон талаас нь хэлэлцээд батлах нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд УИХ-ын даргад хэллээ. Гадны хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн асуудал бий. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Японы Ерөнхий сайд агсан Абэ Монголд ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Энэ санамж бичгийн дараа асар том довтолгоо явсан. Намайг УИХ-ын гишүүн байхад “Баянгол зочид” буудал руу дайрч, баривчилгаа явахаа шахсаныг та бүрэн мэдэж байгаа. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоосон. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад Тавантолгойд том консерциумууд орж ирсэн. Гэтэл бүгдийг хоосон буцаагаад Хятадын Шиньхау компанид өгөхөөр болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манайхан өөрсдөө үгүйсгэдэг. Энэ талаа эргэн харах гэдэг санал тавьсан. Хуулийн төслийг харахад олон ургальч үзэл алга. Намын шийдвэр гарлаа гээд бүгдийг нэг намын эрх ашгаар шийдээд байж болох юм уу. Намын бүлэг гурван сая монголчуудын эрх ашгийг хангаж чадахгүй ш дээ. Гол нь манай хууль тогтоомж өөрөө тогтвортой байх л ёстой.
-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатарын батлуулсан хуульд байнга хориг тавьдаг байсан шүү дээ?
-Ч.Хүрэлбаатартай хувь хүний хувьд асуудал байхгүй.
- "Нүүрсний сонсгол"-д яагаад оролцоогүй юм бэ?
-Би тайлбараа хийсэн. Ер нь Ерөнхийлөгч нар оффтейк гэрээ хийдэггүй юм. Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал шүү. Эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Түүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.
-Таныг тог цахилгаан таслахад хүртэл нөлөөлсөн гэж байгаа шүү дээ?
-Ер нь миний нөлөөлөөгүй юм үлдсэн үү. Оросуудтай холбоотой юм байхгүй.
-2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Би бараг нэр дэвшихгүй байх.
“Х.БАТТУЛГЫГ САЙД БАЙХАД ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛЭХ ЗААЛТ ОРСОН, ХАРИН УДАА ЭЗЭМШИНЭ БИШ АШИГЛАНА ГЭЖ ЗАССАН”
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өгсөн мэдээллийн дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз гэсэн гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг 100 жилээр гадныханд олгох гэж байна гэх мэт олон төрлийн гүтгэлэг явуулсан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж, энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байх асуудлыг УИХ-ын даргад орж ярьж байна. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотой нийт долоон удаа хориг авч байсан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч найм дахь хориг ирж байх шиг байна. Энэ бүх гүтгэлэг, дайралтыг хийж байсан хүн гарч ирсэн учраас тайлбар өгөх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэд хэдэн зүйл хэлье. Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын хуулийг өргөн мэдүүлсэн. Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хууль өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна. Түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж хууль баталсан. Одоогоос 30 жилийн өмнө шүү. Угтаа Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан хууль. Дараа нь 2013 онд энэ хуульд өөрчлөлт орсон. Ингээд газрыг хөрөнгө оруулагчдад 60 жилээр эзэмшүүлж, ашиглуулж болно гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эзэмшүүлж болно гэсэн үг нэмсэн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тараасан. Энэ хуулийг оруулж ирэхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг ийм нам гэж бодож явж ирсэн. Өнөөдрийн Ардчилсан намын гишүүдийг хараад харамсаж байна. Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго агуулж байна. Өргөн мэдүүлсэн хуулийг таслан зогсоох гэсэн оролдлого хийж байна.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)
Зочин · 2024/01/13
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Зочин · 2024/01/12
Мэддэг хүмүүс мэднэ Жонхуу бол жинхэнэ Монголын дайсан
Зочин · 2024/01/11
AX NARN XUSNIG80955877S
Зочин · 2024/01/11
S XN80955877