Техник технологийн дээд сургуулийн багш, улс төр судлаач Э.Энхтөртэй ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” гэсэн заалт асуудал дагуулж байна. Та энэхүү заалтын талаар юу хэлэх вэ?

-Энэ өөрөө яах аргагүй маргаан дагуулах асуудал мөн. Гэвч үүнийг ард түмэн ойлгож, хүлээж авч байгаа нь үндэсний үзэл санаатай шууд холбоотой. Учир нь газар бол ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах нь 76 гишүүний эрх биш. Дээрээс нь нэг нам хэт олноор төрийн эрх барьж байгаа үед ямар ч хууль, Засгийн газрын өргөн барьсан хууль дэмжигдэх магадлал өндөр байдаг. Тийм учраас Монгол Улсад жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо бүрдэж, төлөвшсэн үед үүнийг яривал илүү өөр түвшний ойлголт гарах байх. Харин ийм цаг үед үндсэрхэг үзэлтэй монголчуудын хувьд үүнийг эсэргүүцэх нь тодорхой.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2012 онд шинэчлэн батлахад энэ заалт байсан гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ?

-Тус хуулийг анх 1992 онд баталсан байдаг. Гэвч үүнийг ард түмэн тэр бүр анзаараагүй байсан. Эсвэл энэ асуудал тэгтлээ хүндээр сөхөгдөөгүй байсан нь нөлөөлж яг тухайн заалтыг ярьдаггүй байсан байж мэднэ. Харин одоо сонгуулийн жилд үүнийг оруулж ирсэн нь иргэдэд хүнд туссан байж болно. Түүнээс биш сонгуулийн бус жил Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлсэн бол олон нийт арай өөрөөр хүлээж авах байсан болов уу гэж харж байна.

-Засгийн газраас тус хуулийг өргөн барьсан. Гэтэл УИХ-ын дарга нь энэ заалтыг болиулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл үүний цаана яг ямар улс төр яваад байна гэж та судлаачийн хувьд харж байгаа вэ?

-Ер нь манай улсын нийгэм, улс төрийн байдал өөрчлөгдөж байна. Яагаад гэхээр ард түмний итгэл үнэмшил өөр болсон. Өмнө нь сайхан зүйл ярьж, ухуулга, сурталчилгаа хийж болдог байсан. Гэтэл одоо хүмүүс аль нь зөв, буруу гэдгийг ялгаж салгаж ойлгодог болж байгаа. Тийм болохоор буцааж татаад, тухайн заалтыг хасахаас өөр аргагүй болж байна. Дээрээс нь эрх баригчид өмнө нь нэг асуудлыг босгож, ард түмнийг бухимдуулж байгаад дараа нь түүнийгээ засаж байгаа мэтээр нийгмийн сэтэлгээг удирдаж байсан. Ийм улс төрийн арга хэрэгсэл байна гэж хардах нөхцөл олон бий. Хүүхдийн мөнгөн дээр гэхэд л заримыг нь хаслаа гээд эсэргүүцээд эхлэхээр бүрэн олгохоор болсон. Ингэж тулгамдсан асуудал дээр нь тоглолт хийж, сэтгэл зүйгээр нь тоглодог. Ийм төрлийн улс төрийн оноо авах гэсэн зүйл бий болчихсон байна л даа. Гэвч энэ зүйл одоо алга болж байна. Учир нь өнөөдөр хүн бүр мэдээ мэдээллийг эх сурвалжаас нь олж аваад үнэн, худлыг нь шүүдэг болж байна.

-Бүр тодруулж асуувал Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гэж хоёр хүн хоорондоо толхилцоод эхэллээ гэж харж байгаа хүмүүс байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Яг энэ хоёр хүний цаана юу болж байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай улс энэ жил дахиад л авлигын индексээрээ байр ухарлаа. Энэ бол төрд байгаа хүмүүс нь авлига, хулгайтайгаа жинхэнэ утгаар нь тэмцэж, таслан зогсоож чадахгүй байгаагийн үр дүн.

-Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа учраас хэн хэнийгээ намнах гэсэн үйлдлээсээ болоод Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж чадахгүй байна гэсэн хардлага байгаад байна. Уг нь хэт олонхоороо төрийн эрх барьж байгаа намын Засгийн газраас оруулсан хууль батлагдах магадлал өндөр шүү дээ?

-Энэ бол байж болох асуудал. Нүүрсний сонсгол зохион байгуулаад Д.Амарбаясгалан гэж хүнээ дуугүй болгочихлоо шүү дээ. Араас нь ногоон автобус, нийслэлийн газрын наймаа гээд олон асуудал сонгуулиас өмнө гарах байх. Тэгэхээр улстөрчид, фракцуудын зөрчил үүн дээр байхыг үгүйсгэхгүй.

-Улстөрчдийн ийм тэмцэл, нэг том хэрэг илрүүлж сонсгол хийж байгаа нь өнөөгийн нийгэм, ард түмэнд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Агаарын бохирдол, замын түгжрэл өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хүн бүхэн л хэлж байна. Бид үүнийг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Гэтэл яг сонгуулийн жилд ярьж, буруутай этгээдүүдийг олно гээд байгаа нь дээр хэлсэн хардлагыг төрүүлээд байгаа хэрэг. Ер нь иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг одоо л олж харж буй мэтээр хандаж өөрсдийнхөө эрх ашгийг бодсон, өрсөлдөгчөө намнах гэсэн зорилготой байж мэднэ.

-Тэгвэл өмнө нь хийсэн сонсголуудаас үр дүн гарсан уу?

-Гараагүй. Яагаад гэхээр цаана нь эрх мэдэлтнүүд, том эрх ашиг байгаа учраас үр дүн гарахгүй байна. Аалзны тор шиг болтлоо хоорондоо сүлбэлдчихсэн болохоор бие биедээ хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм. Бүгд шахуу л Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайд нэр холбогдлоо. Гэтэл өнөөдөр хариуцлага хүлээсэн нь хэн байна. Дунд шатанд ажиллаж байсан хэдэн хүн нь л ял авсан байх.

Та түрүүн авлигачиддаа хариуцлага тооцож чаддаггүй нь авлигын индексээр ухрах шалтгаан болсон гэж хэлсэн. Тэгвэл төр засгаас сүүлийн хэдэн жилийн турш авлигатай тэмцээд байна л гээд байгаа шүү дээ?

-Эрх барьж байгаа МАН-ын “Алсын хараа 2050” хөтөлбөрт авлигагүй засаглалыг бий болгоно гээд уг нь оруулчихсан. Даанч ийм нийгэм бүтээнэ гэсэн мөртлөө бид чинь бүхий л үзүүлэлтээр ухраад байна.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр тэгвэл бид авлигатайгаа тэмцэж чаддаг, хариуцлага тооцдог нийгмийг бий болгож чадна гэсэн итгэл хэр байна вэ?

-Томсгосон тойргийг миний хувьд дэмжиж байгаа. Жалга, довоор сэтгэж байсан бол одоо ядаж бүсийн хэмжээнд хийдэг, сэтгэдэг болъё гэж байна. Энэ нь зөв. Гэвч ард түмний зөв сонголт л чухал шүү дээ. Түүнээс биш өнөө л танил тал, мөнгө төгрөг амласан нөхдийг сонгоод байвал бид тийм нийгмийг бүтээж чадахгүй. Ер нь манай улсад УИХ-ын гишүүд дутаагүй. Харин хийж бүтээх сэтгэл, зүтгэл нь л дутсан.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

ӨДРИЙН СОНИН