П.Сайнзориг: "Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" форумын үеэр есөн дүүрэгтэй байх уу гэдгийг шийднэ
2024/03/04
"Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус форумтой холбоотойгоор "Монголын эдийн засгийн форум" ТББ-ын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Форумын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хот нэг бүс болж байгаагийн хувьд хэрхэн хөгжлийн загвараа сонгож байгаа вэ. Бидний нөөц бололцоо, сул болон давуу тал юу байна вэ гэдгийг энэхүү форумоороо ярих онцлогтой.
Үндсэн дөрвөн асуудлаар ярихаар төлөвлөсөн. Үүнд
- Улаанбаатар хотын Засаг захиргааны шинэчлэлийн асуудлыг ярина. Есөн дүүргээрээ явсаар байх уу гэх асуудал бас яригдаж байгаа. Зарим дүүрэг 5,000 хүрэхгүй хүнтэй байхад зарим нь 435 мянган хүнтэй болчхоод төрийн үйлчилгээ авахад хүнд суртал, дараалал үүсэж байна. Энэ загвараар явах нь хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа асуудалд дүгнэлт хийнэ.
- Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотын асуудал яригдаж байгаа. Улаанбаатар хот хаашаа хөгжих вэ гэдгийг дагуул хотын концевцоор яръя гэсэн. Дагуул хотыг шинэ ажлын байр бүтээх, шинэ татвар төлөгчдийг бий болгохоор харж байна. Тэр утгаараа "Шинэ зуун мод" хотын буюу дагуул хотын асуудлыг түлхүү ярилцах бодолтой байгаа.
- Дэд бүтцийн хомсдол, дутагдал, хоцрогдлын асуудлыг мөн ярилцана. Барилгын компани томоохон хотхон баръя гэхээр эрчим хүч, дулааны эх үүсвэр хос болчхоод байна. Энэ бүгдийг том зургаар ярьж, том шийдэл гаргая гэж бодсон бөгөөд төр, хувийн хэвшлийн концевцоор хэрхэн шийдэхээ ярина.
- Хүнсний аюулгүй байдал, хангамж, ложистикийн асуудлыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг харж чадахгүй тул уг асуудлаар ярилцана.
Энэхүү форумоор тодорхой шийдлүүдтэй оролцоно. Хууль эрх зүйн тодорхой төслүүдийг боловсруулж байгаа” гэв.
“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг "Монголын эдийн засгийн форумыг Улаанбаатар хотын асуудлаар тусгайлсан байдлаар нийслэлийн удирдлагуудтай хамтарч зохион байгуулж байсан удаагүй. Тэгэхээр энэ удаагийн форум үр дүнтэй байх болов уу гэж урьж байна.
Он гарсны дараа Монголын эдийн засгийн форумыг бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнөөр эхлүүлснийг та бүхэн мэднэ. Сайн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлгүүд өрнөж монголчууд бүсчилсэн хөгжлийн талаарх ойлголттой болсон. Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар "Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" зөвлөгөөнөөр үргэлжилж байна. Улаанбаатар хотын цаашдын хөгжил, хууль эрх зүйн ямар өөрчлөлт оруулах, иргэдийн дуу хоолой хаана байх, бизнесүүд ажлаа хэрхэн төлөвлөх зэргээр өрнөнө.
"Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" форум энэ сарын гуравдугаар сарын 14-нд буюу нэг өдөр болох хэдий ч өнөөдрөөс эхлээд урьдчилсан хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран 10 хоногийн турш явуулна. Мөн 200 хүний төлөөлөл оролцсон урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 7-нд хийнэ. Бид форумаас гарах гол үр дүнгүүдээр долдугаар сарын 8-9-нд Монголын эдийн засгийн форумыг хийх юм. Ингэхдээ хотын хөгжил бүсчилсэн хөгжил болон Монгол Улс дараагийн үедээ хэрхэн хөгжих тухай хэлэлцэнэ" гэлээ.
Зочин · 2024/03/04
VWALDI80855877
Зочин · 2024/03/04
46DSH SXN XALYYTSMR80955877
Зочин · 2024/03/04
DYYDLGN SERELN ODOOGCH80955877