Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл хийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 1-нд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.

"Хяналтын камераар дамжуулан буруутай этгээдийг олж тогтоосон"

 

 

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга "Хяналтын камераар дамжуулан буруутай этгээдийг олж тогтоосон. Зөрчлийн тухай хуульд зааснаар замын тэмдэг тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг төлүүлж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5,000 нэгжээр торгоно.

Энэ онд авто замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлийн шон, мод бут мөргөсөн 23 зөрчил гарсан. Эдгээрийн буруутай этгээдийг тогтоож, хохирлыг төлүүлэн, хариуцлага тооцсон.

Бүтээн байгуулалт хийхдээ том оврын автомашины даацыг хэтрүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжийг эвдэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Энэ төрлийн зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, холбогдсон этгээд болон зөрчлийн үйл явцыг цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдож мэдээлнэ" хэмээв.