Хан-Уул дүүргийн 3-р хороо, ДЦС-3, 4 төрийн өмчит компани руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг энэ долоо хоногийн Баасан гарагаас ирэх долоо хоногийн Даваа гарагийн 06:00 цаг хүртэл түр хаахаар болжээ.

Энэ тухай төслийн гүйцэтгэгч "Бат Мөнх Сүлд" ХХК-ийн захирал Б.Батмөнх "Гурвалжингийн гүүрнээс буюу иргэдийн нэрлэж заншсанаар 1,000 контейнерийн хажуугаас Яармагийн гүүр чиглэлийн замыг дөрөвдүгээр сарын 11-ний буюу Баасан гарагийн 06:00 цагаас 14-ний/Даваа гарагийн/06:00 цаг хүртэл түр хаахаар боллоо. Энэ хугацаанд түр зам гаргах бэлтгэл ажлыг хангаж байна.

Төв цэвэрлэх байгууламжаас техникийн хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-3, 4-д нийлүүлэх хоолойг татах тул уг замыг хаах юм. ДЦС-ууд руу 10.5 километр урт, 500-1,000 мм-ийн голчтой хуванцар хоолойг татна.

ДЦС-3, 4 нь жилд Дөргөн нуурын хэмжээний усыг хэрэглэж, хаядаг. Техникийн хаягдал усыг дахин боловсруулж нийлүүлэх шугамыг татсанаар усны нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлэх юм.

2040 он гэхэд Улаанбаатар хот усны гачигдалд орно гэж эрдэмтэн, судлаачид тооцоолсон байдаг. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй ДЦС-3, 4 төрийн өмчит компанийн техникийн хаягдал усыг дахин боловсруулах төсөл нь 2040 оноос хойш 40 жил хэрэглэх хэмжээний усны нөөцийг бий болгох төсөл" гэж өнөөдөр/2025.04.09/ мэдээллээ.

Түүний хэлээд буй Ховд аймгийн Дарви сумын нутагт орших манай орны долоо дахь том нуур Дөргөн нуурын усны хэмжээ 4,367 шоо метр байна. Тэгэхээр энэ хэмжээний усыг хаяхгүй байх төсөл хэрэгжиж байгаа аж.

Түр замын хөдөлгөөн:

ДЦС-3 ТӨХК-аас баруун тийш, Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон авто замыг 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаасан хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино.

Харин хойноос урагш чиглэлийг ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, ДЦС-3 ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна.

Хаагдах замын зураг: